Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАЛЧИД: 10 мянган төгрөгөөр авч байсан тэжээлийн өвс 20 мянгад хүрч, хүнд үед өдөр ирэх тусам үнэ нь нэмэгдээд байхаар УРАМ ХУГАРАХ юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 55 секунд

Монгол орны нийт нутгаар цас их хэмжээгээр орсны улмаас шилэн зуд шилэн нүүрлэж, малчдын хот “харлаж”, нөхцөл байдал хүнд байгаа. Хорогдсон малын тоо 2 саяыг давж, 154 сумын 2829 малчин өрх зудын нөхцөл байдалд байна.

Малчдын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед олон нийт болон төр засгийн зүгээс шаардлагатай тусламжийг үзүүлж буй. Тухайлбал, Улсын онцгой комисс Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй малчдын зээлийн асуудлаар зөвшилцөлд хүрч, малчдын зээл төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан.

2023 оны байдлаар банкны системээс олгосон зээл 27.1 ихнаяд төгрөг. Тэрний малчдын авсан зээл нь 1.2 их наяд төгрөг байна.

Эл шийдвэрийг малчдад ямар нэгэн ач холбогдолгүй, сонгууль угтсан шоу гэж тайлбарлах хүн ч олон байна. Учир нь малчны зээлийн төлөлт энгийн зээл шиг сар бүр төлөлт хийгддэггүй. Өвлийн эрсдлийг тооцож, банкууд хавар ноолуур гарах үеэр, намар идэш мах бэлтгэх үеэр буюу жилд хоёр удаа үндсэн зээлийн төлөлт хийхээр тусгасан байдаг аж. Товчхондоо бол яг өнөөдөр зээл төлөлт нь нэхэгдээд, төлөлтийг нь хойшлуулах шаардлагатай малчид ховорхон хэмээн зарим малчид ярьж байна. Тиймээс бид малчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

Өвөрхангай Хархорин сумын малчин Г.Б: Төлөлт хойшлуулах манайд ямар ч ашиггүй. Нэг удаадаа тэглээд өгвөл хүнд үед хамгийн том дэмжлэг болно

-Нөхцөл байдал хүнд байгаа. Цасны зузаан хунгарласан газраа метр хүрч байна. Дээрээс нь өвс тэжээлийн үнэ маш их нэмэгдэж, намар 10 мянган төгрөгөөр авч байсан тэжээлийн өвс өнөөдөр энэ хүнд үед 20 мянган төгрөгт хүрсэн байна. Бид чинь байнгын орлоготой хүмүүс биш болохоор хэдэн малтайгаа үлдэх гэж зээл авч өвстэй залгаж байна. Гэтэл үнэ нь өдөр ирэх тусам нэмэгдээд байхаар хааяа үнэхээр урам хугарах юм. Малчдын зээл төлөлтийг хойшлуулна гэсэн. Тэр бол манайд ямар ч ашиггүй. Ямар ч дэмжлэг болж чадахгүй. Манайх 7 сард төлөлтөө хийнэ. Нэг удаадаа зээл тэглэж өгнө гэвэл тэр харин бодит дэмжлэг болж чадна. Манай хотонд гэхэд мал маш их хорогдож байна. Манай үхэр бэлчээрт гараад идэх юмгүй байнга зогсоо байгаа. Орон нутгийн удирдлагууд одоогоор эргэж тойрч байгаа зүйл алга.

Ховд аймгийн Дуут сумын малчин Ж.С: Зээл төлөлтийг хойшлуулах бус зээлийн хүүг жилийн 3 хувь болговол хамгийн том тус болно

-Манай энд цас ороогүй болохоор нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Гэхдээ мал байтугай хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байна. 20 гаруй жил мал маллахдаа ингэж айхтар хүйтэрч байхыг хараагүй. Мал хөлдөж, осгож үхсээр байна. Манайх малчны зээлтэй. Одоохондоо төлөлттэй холбоотой хүндрэл гарсан зүйл алга. Бидэнд зээл төлөлт биш зээлийн хүү дарамт болж байна. Малчдын зээлийг хойшлуулах шийдвэр гарсан гэсэн. Миний хувьд малчны зээлийг 6 сар хүртэл хойшлуулаад ч юу ч өөрчлөхгүй гэж харж байгаа. Харин оронд нь малчны зээлийн хүүг жилийн 3 хувь болговол хамгийн том тус болно. Малын үнэ 10 жилийн өмнөөс нэг их өссөнгүй. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өслөө. Энэ зөрүүг ядаж зээлийнх нь хүүг бууруулж малчдын нуруун дээрх ачааг жоохон ч гэсэн хөгөлөх хэрэгтэй.

Сүхбаатар аймгийн малчин Г.Б: Төр засаг мал, малчин хоёртоо яаралтай туслах арга бодмоор байна

-Монгол орны нийт нутаг тэр дундаа Сүхбаатар аймгийн бүх сумдад цас зудын байдал давагдашгүй хэмжээнд хүрлээ. Малчдын тав гурван мал нь үхэж үрэгдээд малгүй болж байна. Залуу малчид зүрх нь үхэж халширч эхэллээ. Монгол Улс мал аж ахуй малчин, тариачингүй болбол амьдрал хүндрэхийг бүгд мэдэж байгаа. Иймд малчдын өр зээлийг хойшлуулахаас гадна болж өгвөл тэглэх тал дээр анхаарах хэрэгтэй. Малаас олох орлого өнөөдрийн зах зээлд махнаас өөр юм алга. Дайвар бүтээгдэхүүн арьс шир үнэгүй байна. Жишээ нь, Дарьганга суманд байдаг ах маань намар хийсэн махаа төв орон нутаг оруулж чадахгүй цасанд дарагдан сая л нэг ченж очиж авсан байна. Намар хийсэн 23 кг дундажтай хонины махыг 5800 төгрөгөөр өгсөн байна. Гэтэл нийслэлд хэд байгаа билээ махны үнэ. Төр засаг мал, малчин хоёртоо яаралтай туслах арга бодмоор байна.

Г.Занданшатар: Азийн улс төрийн намуудын үйл ажиллагаанд МАН идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулах болно
Г.Занданшатар: Азийн улс төрийн намуудын үйл ажиллагаанд МАН идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулах болно
 
Н.Өнөрцэцэгийн дүү: Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байна
Н.Өнөрцэцэгийн дүү: Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.