Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал боллоо. Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.
“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр,
"Азийн улс төрийн намуудын үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно" гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм. Мөн тэрбээр,
"Залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн" гэв.