Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна. Шуурхай бүлгийнхэн тус сумын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч, улмаар улсын онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Баянбулаг сум 1728 хүн амтай, 411 малчин өрхтэй, 109 мянган малтай. Цагаан зуд нүүрлэж, отрын малын хөлөөр бэлчээрийн 70 хувь нь талхлагдсан. Мөн байнгын цочир хүйтрэл, цасан шуурганы улмаас гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж байгаагаа сумын удирдлага онцоллоо.
Энэ өвөл 112 тонн өвс, 35 тонн байгалийн хадлан, 44 тонн хивэг тэжээл нөөцлөн авсан боловч дуусаж малын хорогдолт 3000 хүрчээ.
Баянбулаг сумын удирдлагаас өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, сумын ЗДТГ-т туулах чадвартай автомашиныг олгох хүсэлтийг уламжилсаны дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болжээ. Уулзалтын төгсгөлд малчид, иргэд хөдөлмөрчдийн тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.
Шуурхай бүлэг өнөөдөр үргэлжлүүлэн Хүрээмарал, Бууцагаан сумдад ажиллаж зарим малчин айл өрхүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэмээн албаныхан мэдээллээ.