Хөвсгөл аймагт Монголын анхны амьтны хүрээлэн байгуулагдагдаж байсан бөгөөд 1987-1993 он хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд амьтдын хүрээлэг үзэгч олонд таниулж, олны нүд баясгаж байжээ.
1987 оноос амьтны хүрээлэн байгуулах музейн байрыг тойруулан хэрмэн хашаа барих, амьтан байлгах, төмөр тор гагнах, ан амьтан цуглуулан бэлтгэх зэрэг их ажил өрнөж Хөвсгөл аймгийн бүх сум нэгдэл, малчид, анчид байгууллагууд, нийт ард иргэд сэтгэл гарган хүчин зүтгэж оролцсон байдаг.
Музейн амьтны хүрээлэнд буга, баавгай, гөрөөс, хандгай, хүдэр, зэрлэг гахай тоорой, чоно, чонын бэлтрэг, үнэгний гавар, хярс, шилүүс, могой, хэрэм, цаа буга зэрэг 64 ан амьтан, 20-иод зүйл усны шувууд, мөн нутгийн шилмэл үүлдрийн “Дархад омог”-ийн илүү нугаламт, ноосны чиглэлийн хонь “Эрчим” үүлдрийн сайн чанарын ноолууртай хар ямаа, сүүний чиглэлийн эрлийз үнээ зэрэг мал амьтан тэжээн үржүүлж, үзүүлэн таниулж эхэлсэн байдаг.
"Намар болоход том амьтдын ороо орж ижлээ дуудан чанга дуугаар орилох, урамдах, улих, хашаа хайсаа хазах зэргээр зан авир нь догшрох нь их л хэцүү өрөвдөлтэй байсан хэмээн тухайн үед музейн тайлбарлагчаар ажиллаж байсан ахмад ажилтан Ч.Төмөрхүү, амьтан маллагч Г.Борбаатар нар хуучлан ярьж байсан юм. Мөн Хөвсгөл нуурын хэлбэртэй чулуун байгууламж байгуулан баруун талд нь гүний худаг ухаж холбон цэвэр усаар дүүргэн усны шувуудыг шумбуулдаг байжээ.
Харин 1990-1993 онуудад амьтны хүрээлэн орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй алдагдалтай ажиллах болж, амьтны идэш тэжээл ховордон, үнэ нэмэгдэж, ан амьтан өсөж үржин, нас гүйцэн томорч хооллоход хүндрэл бэрхшээлтэй болж эхэлсэн тул 1993 амьтны хүрээлэнг татан буулгасан байдаг" гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.