“VOO”, "Green show production", “Lebu Мotion Рictures”-ийн хамтын бүтээл "Ээж" ОАК нээлтээ хийлээ. Энэ нь VOO Originals series-ийн 20 дахь цуврал бөгөөд франчайс кино гэдгээрээ онцлог. Одоогоор дэлхийн найман оронд өөр өөр хувилбараар бүтээгдэж, үзэгчдийг байлдан дагуулсан, дэвшүүлсэн санаагаараа сайшаагдсан бүтээл юм.
Эцэг эхдээ хүчирхийлүүлсний улмаас хэчнээн бяцхан сахиусан тэнгэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр бурхны оронд одсон бол...
Бүх ээж хүүхдээ өсгөж чаддаг уу? Зарим ээжийн хүүхэд хоолгүй хонож, үл хайхрагдаж, чамаас “болж би сайхан амьдрахгүй байна” гэдэг үгийг байнга сонсдог. Тэдэнд хиртэй хувцас, усанд орохгүй байх, хоолгүй байх асуудал биш. Нэг өдөр ч болов аав, ээж нь архи уугаагүй байх, зодож тарчлаахгүй байх л хамгийн жаргалтай.
Ээжийнхээ хамтран амьдрагчид хайрлагдаагүйн улмаас хогийн уутанд боолгож, хаягдсан жаахан охины талаар энд өгүүлье.
Хулан “Шувуу болж төрөхсөн. Анхнаасаа л шувуу болж төрөх байсан юм” гэж харуусан ярина. Тэр ингэж ярьснаас хэдхэн хоногийн дараа гэрээсээ зугтаж, аадар асгарсан харанхуй гудмаар гүйсээр үерлэсэн голын ус руу унасан юм... Хөөрхий охин усанд үйж, одох болов уу? Эсвэл...
Энэ түүх бол Японы нэрт зохиолч Южи Сакамотогийн зохиолоор бүтсэн “Ээж” гэх ОАК-ны Монгол хувилбарт өгүүлэгддэг. Өнөөгийн нийгмийн үнэн түүх өгүүлэгдэх энэ кино 2010 онд Японы “Nippon TV”-ийн бүтээл болж гарсан даруйдаа гадаад, дотоодоос олон шагнал хүртэж, олны таашаалд нийцжээ. Гэмт хэрэг, драм, адал явдалт өрнөлтэй тус киноны гол сэдэв нь хүүхдийн эсрэг үйлдэх хүчирхийллийн хэлбэрүүдийг хурцаар харуулдаг.
Энэ ч утгаараа “Ээж” киноны зохиол дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Тухайлбал Турк, Солонгос, Украин, Франц, Тайланд, Хятад, Индонез, Испани зэрэг улсууд албан ёсны онцгой эрхийг нь авч, өөрийн улс оронд өрнөсөн бодит түүхүүд, шүүмжлэлт сэдвүүдээр баяжуулж кино бүтээсэн юм.
Үүний нэгэн адил “Грийн шоу продакшн” нь тус бүтээлийн эрхийг албан ёсоор авч, манай нийгэмд тулгамдаж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлууд, эмгэнэлт түүхүүдийг өгүүлэх ОАК-г “VOO”, “Lebu Мotion Рictures”-тэй хамтран бүтээжээ.
Турк, Солонгос, Украин ,Франц, Тайланд, Хятад ,Индонез Испани, зэрэг улсууд “Ээж” киноны албан ёсны онцгой эрхийг авч, өөрийн улсынхаа хөрсөнд буулган бүтээжээ.
Манай улсад “Ээж” ОАК-ны Турк болон Солонгосын хувилбарууд гарч байв. Туркийн уран бүтээлчид “Ээж” киноноос сэдэвлэн “АННЕ” ОАК-г бүтээж, 2016 онд тус улсын “Star TV”-ээр цацагдаж мөн л үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Цаашлаад дэлхийн 50 гаруй улсад цацагдсан өндөр амжилттай бүтээл юм. Берен Гёкйылдыз бол бидний сайн мэдэх "ээж" кинонд Турна, Мелек гэдэг хэрсүү охины дүр бүтээдэг. Тэрээр энэхүү киногоороо үзэгчдийн хайрыг хүлээж Турк улс дахь хамгийн бяцхан алдартан болсон. “АННЕ” ОАК нь Монголын өргөн нэвтрүүлгийн “Боловсрол TV”-ээр цацагдаж үзэгчдийг мөн л байлдан дагуулж байлаа.
Солонгос хувилбар нь 2018 онд тус улсын “TvN” телевизээр цацагдаж байжээ. Тус киноны дуу нь л гэхэд Азийн 10 оронд нэгэн зэрэг нээлтээ хийж олон сая сонсогчдын зүрх сэтгэлд хоногшжээ. Солонгосын “Ээж” ОАК нь манай өргөн нэвтрүүлгийн “Mongol HD” телевизээр цацагдаж үзэгчдийг байлдан дагуулж байсан юм.
Харин Тайланд хувилбар нь 2021 онд Азийн телевизийн шагнал гардуулах 25 дахь удаагийн ёслолоос "Шилдэг зохиол" шагнал хүртжээ.
Дээр өгүүлсэнчлэн кино гол дөрвөн дүртэй. Тодруулбал, Киноны гол зангилаа болох Хулангийн дүрд 23-р сургуулийн сурагч Б.Эгшиглэн тогложээ. Сонирхуулахад Б.Эгшиглэн есөн настай ч хүнд хэцүү амьдралд дарлуулсан охины дүрийг чадварлаг бүтээж ажилласан байна.
Багш буюу Цэлмэгийн дүрийг жүжигчин Б.Ариунчимэг амьдруулжээ. Цэлмэг бол түүний олон ангит кинонд бүтээсэн анхны гол дүрийн ажил юм.
Адармаат амьдралтай охины болох Зулаагийн дүрд жүжигчин Б.Ган-Өлзий. Харин түүний хамтран амьдрагчийн дүрд МУСТА С.Батзориг нар тус тус ажилласан байна.
Кино нийт 16 ангитай бөгөөд нэг анги 45-50 минут үргэлжилнэ.
Мөрийтэй тоглоомд донтсон хамтран амьдрагчийг нь мөшгөж ирсэн танхайчуудад зодуулж буй охиноо хаяж, хамтран амьдрагчаа аврах эмэгтэйн сонголт. Хамтран амьдрагч эрийнхээ хэцүү ааш авираас болж, хүүхдээ үл хайхрах ээжийн түүх. Төрүүлээгүй ч гэлээ эхийн хайраар охиныг асрах Цэлмэг эмэгтэйн түүхийг “VOO”-гээс үзээрэй.