Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Хөгжлийн бодлогуудын эхлэл нь эрчим хүчний суурь үнэ чөлөөлөлт

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
17 минут 55 секунд

АН өнгөрөгч долоо хоногт шинэ, залуу нарийн бичгийн дарга нараа танилцуулсан. Тэгвэл бид Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга С.Цэнгүүнийг урьж ярилцлаа.

-Өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан намын нарийн бичгийн дарга нартай холбоотой томилгоо олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тан хувьд Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар томилогдсон GEN Z үеийн төлөөлөл гэж өөрийгөө онцолсон. Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг С.Цэнгүүн гэдэг. 26 настай. ШУТИС-ийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд маркетингийн менежерээр бакалавраа дүүргэсэн. Дараагаар СЭЗИС-д санхүүгийн менежмент чиглэлээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан. Хувь хүний үзэл санаа маань өөрөө багаасаа хувь хүний эрх чөлөө чиглэлд байсан. Түүнтэйгээ холбоотойгоор хүүхэд байхаасаа энэ чиглэлд ном сонирхож их уншдаг байсан. Эдгээр нь хөтөлж явсаар намайг Ардчилсан нам дээр авчирлаа.

-Залуусын дунд намд орно гэвэл хэн нэгэн улс төрчийн цүнхийг барих гэж байна гэж харах хандлага байдаг шүү дээ. Энэ хандлагаас айхгүйгээр намд орно гэдэг их зориг шаардсан шийдвэр байсан болов уу. Нөгөө талдаа улс төрийн намууд дундаа яагаад заавал АН-ыг сонгох болов?

-"Бүх зам Ром хүрнэ" гэдэг шиг надад ажлаа хийгээд явж байхад Монгол Улсад амьдрахад хүндрэлтэй санагддаг зүйл нь хувь хүний эрх чөлөө байдаггүй. Жишээлбэл, чи эмч бол эмч хүнийхээ эсрэг ярьж болохгүй гэдэг ч юм уу. Үзэл бодлоо хэлэхэд чичилдэг. Нөгөө талдаа бид үзэл бодлоо илэрхийлэхдээ бусад хүмүүс юу гэх бол, муулах болов уу гэдэг байдлаар маш их хайрцаглагдмал, баригдмал орчинд өссөн. Би сошиал хуудас дээрээ юм тавихдаа хүртэл ингээд хэлчихвэл хүмүүс дургүй байх болов уу, уурлачих болов уу гэж "айдаг" болчихсон байсан. Нэг л мэдэхэд би өөрийгөө "бэртэгчин" хүн болчихсон байна гэдгээ анзаарсан. Найз нөхдөөрөө суухдаа болохгүй зүйлийг нь хоорондоо ярилцдаг. Засгийн газар мөнгө хэвлэх гэж байна гэхэд энэ чинь инфляц үүсгэнэ, бидний өмчийг байхгүй болгож байна гэж ярьдаг хэрнээ олон нийтийн сүлжээнд илэрхийлэхээсээ цааргалдаг ч юм уу. Энэ нь явсаар би чимээгүй массын нэг нь л байсан юм байна гэж бодсон. Хэрэв ингэж бэртэгчин амьдарч яваад байх юм бол нийгэм маань хөгжихгүй юм байна гэж бодсон учраас үүнийгээ зоригтой гаргаж хэлье гэж бодсон. Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөнд тулгуурласан, үзэл баримтлалыг дээдэлдэг баруун төвийн үзэл санаатай нам. АН-ыг сонгох болсон өөр нэг шалтгаан бол маш зоригтой хүмүүс байдаг юм шиг санагддаг. Одоохондоо үзэл санаан дээрээ гишүүд нь хүртэл өөр өөр зүйл ярьж, бужигнаантай байгаа ч гэсэн тэнд итгэл үнэмшил гэж зүйл байдаг. Муутай ч, сайнтай ч шинэ гишүүнээсээ авхуулаад партизан хүртлээ "Ардчилал байх ёстой" гэдэг итгэл үнэмшил байдаг. Магадгүй Ардчилсан нам мөнхийн сөрөг хүчин байж болох л байхгүй юу. Гэхдээ АН-ын Монгол Улсад гүйцэтгэх ганцхан л үүрэг байгаа нь ардчиллаа хамгаалах, чөлөөт эдийн засгаа байлгаж байх ёстой. Тиймээс би өөрийгөө энэ нам дотор байх ёстой хүн гэж харсан учраас АН-ыг сонгосон.

-Залуу хүний хувьд нам дотор ороод явахад үзэл санаан дээрээ хэр нэгдэж чадсан юм шиг санагдаж байна?

-Ардчилсан нам УДШ-д үзэл санаагаа батлуулсан нам. Баруун төвийн үзэл санаатай нам шүү дээ. Тиймээс ямар ч зүйл ярьсан баруун төвийн үзэл санаатай нам юу ярих ёстой вэ гэдэг үндсэн чиг баримжаатай гэсэн үг. Дүрэмдээ үзэл санаагаа тусгачихсан учраас бие биенийхээ ярьж буй зүйлийг учиргүй үгүйсгээд байх нөхцөл нь хязгаарлагдмал болчихож байгаа юм. Би ч ялгаагүй нам дотроо ороод заримдаа хүмүүстэй ойлголцохгүй үе гардаг. Гэхдээ баруун төвийн үзэл санаагаа ярьж байгаа нөхцөлд би энэ намд байх ёстой хүн шүү гэдгээ мэддэг учраас зоригтой бас хүчтэй дугарч чаддаг. Хүн бүр чиг баримжаа буюу "луужинтай" болоод ирэхэд хуваагдчихсан байгаа нөгөө олон фракцууд нэг зам руу явахаас өөр аргагүй болж байгаа юм. Үүний дүнд Ардчилсан нам институцын хэмжээнд төлөвших боломж нь бий болно. Товчхондоо, залуу хүн нэгдэхэд хамгийн тохиромжтой цаг үе тохиож байна гэж харж байгаа.

-Намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нөгөө талдаа удирдлагын багт ажиллахад өөрийн оролцоог юу гэж тодорхойлж байгаа вэ. Залуу хүний хувьд харсан өнцөг бий болов уу гэж бодож байна?

-Ерөөс улс төрийн туршлагагүй, Gen Z үеийн хүнийг хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар тавина гэдэг бол улс төрийн хувьд асар их зориг гэж харж байгаа. Тэгвэл яагаад ийм эрсдэлтэй алхам хийж байгаа юм бэ гээд харахад, надаас зориг хүсэж байгаа байх. Ямар нэгэн байдлаар ард түмэнд таалагдахын тулд худлаа ярьдаг, попордог, улс эх орны хөгжлийг хойш нь татдаг биш. Реформ хийх ёстой гэдгийг сануулдаг. Тэгвэл дуу хоолойгоо хүргэхэд зоригтой дугарч чадах хүн нь залуу хүн байдаг юм байна л даа. Алдах юмгүй. Жишээлбэл, би өнөөдөр зоригтой дуугарсныхаа төлөө маргааш яана гэж. Ихдээ энэ албан тушаал л надад байхгүй болно. Өөр надад алдах зүйл байхгүй. Энэ утгаар нь илүү зоригтой байгаасай гэж намайг Нарийн бичгийн даргаар томилсон юм болов уу гэж харж байгаа.

-Хөгжлийн бодлогуудын эхлэл нь эрчим хүчний суурь үнэ чөлөөлөлт-

-Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын хувьд басхүү хувь хүний үүднээс харахад нийслэл Улаанбаатар хотод хөгжлийн бодлого төлөвлөлт тал дээр ямархуу байна гэж харж байна. Цаашид авч хэрэгжүүлэх ёстой гол ажлыг юу гэж бодож байна?

-Хүн амын тоогоор авч үзэхэд, Улаанбаатар хотын хүн ам дэлхийн метрополитан хотуудын хэмжээнд хүрчихсэн. Энэ хүний бөөгнөрөл бол эдийн засгийн эргэлт, асар том боломж. Дэлхий даяар хүсдэг бөөгнөрөлийг манайд бий болгож чадсан байна. Тиймээс Улаанбаатар хотоо үзэн ядаад байхаас илүүтэйгээр энэ бөөгнөрөл бидний хөгжлийн дараагийн гарц гэж бид харах ёстой. Бодлогын тухайд авч үзье. Сүүлийн 8 жилийн хугацаанд хааж, боох хасах чиглэлд бодлоготой явж ирлээ. Миний бодлоор харин ч бид энэ эдийн засгийн нөөц боломжийг бид ашиглах ёстой. Улаанбаатар асуудлуудтай байгаа. Асуудал байна гэдэг нь зах зээл байна гэсэн үг. Асуудлыг зах зээлийн зарчмаар нь шийдэх ёстой. Төрийн оролцоотойгоор биш. Зах зээлийг өөрөөр нь явуулах ёстой. Өнөөдрийн нөхцөлд бид хөгжлөө төр бүгдийг контролдоно гэдэг бодлогоор хаачихаад байгаа юм.

Хүмүүс хэрэглэх нь ойлгомжтой зүйлсийг чөлөөт зах зээл дээр гаргаад өгвөл өөрөө өөрийгөө сайжруулаад аваад явна. Жишээлбэл, үүрэн телефон, IT салбарт төр оролцдоггүй. Гэтэл энэ салбар нь хөгжиж байна.

Төрийн оролцоо байдаг салбарууд хамгийн дампуу байдаг. Учир нь алдагдалтай ажиллаж байсан ч хэн ч түүнийг сайжруулья гэж боддоггүй. Тиймээс бид харах өнцгөө өөрчилж, нийслэл дээр бодлогын реформуудыг хийх ёстой гэж харж байна. Эрчим хүчний реформ хийсний дараагаар төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компаниуд болгож олон нийтээс мөнгө босгох боломжийг нь нээж өгөх хэрэгтэй.

-Чухал реформуудыг хийх ёстой гэлээ. Жишээлбэл?

-Хамгийн чухал реформуудын нэг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх явдал байгаа юм. Одоогоор 1 кВт цахилгаан эрчим хүчийг 240 төгрөгөөр үйлдвэрлэчихээд хэрэглэгч нартаа 210 төгрөгөөр зарж байна. 2023 онд л гэхэд эрчим хүчний салбар 130 тэрубум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлыг улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. Тэртээ тэргүй энэ мөнгийг бид төлж байгаа. Тиймээс үнийг чөлөөлж өгснөөр энэ салбар маань өөрийгөө сайжруулах боломж нь нээгдэнэ. Дэлхий дээр хямдхан эх үүсвэр гэж байхгүй. Ямар нэгэн зүйл үйлдвэрлэвэл өртөг гарч л таарна. Бид хямд эрчим хүчтэй болохыг хүсвэл сонголттой болох ёстой. Үнийг чөлөөлснөөр маш олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүд гарч ирж, иргэд маань доголдолгүйгээр эрчим хүч авах нөхцөл үүснэ. Гэхдээ энэ хурдан хугацаанд бий болчих зүйл биш. Удаан хугацааны шинэчлэлт хийгдэнэ. Энэ өвөл л гэхэд Улаанбаатар хотод нөхцөл байдал ямар хүнд байгааг та бүхэн харж байгаа байх. Тиймээс чөлөөт зах зээлд өгч, өрсөлдөөнтэй болговол маш том өөрчлөлт гарна. Бүх хөгжлийн бодлогуудын эхлэл нь эрчим хүчний суурь үнэ чөлөөлөлт байна.

-Залуус өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээнд хаалт тавьдаг юм шиг санагддаг-

-Намдаа залуусын оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх тал дээр бодсон зүйл ий юу. Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төрийн намууд залуусыг нүүр царайгаа болгож байна. Энэ хэрээрээ залуусын дунд өрсөлдөөн бий болох болов уу. Нөгөө талдаа залуусын өрсөлдөөн нэмэгдэж буйн хэрээр олон нийтэд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний боловсон хүчин байж чадах уу гэдэг асуудал ч байна?

-Намд орсон ч яалаа, ороогүй ч яалаа гэж хүмүүс их боддог. Намуудыг бодохдоо учиргүй лаг институц тэд ажиллаад л, бүх дарга цэрэг нар нь дээгүүр харсан хүмүүс байдаг гэж боддог ч байж болох юм. Манай намын тухайд хэт нээлттэй гэмээр орчинтой. Миний Ардчилсан намыг харж буй өнцөг бол, хүн өөрийн бодож санаж буй зүйлээ ямар ч айдасгүй хэлэх боломжтой орчин. Нам маань өөрөө шинэчлэл хийхийг маш их хүсэж буй учраас тэр хэрээрээ залуусын дуу хоолойг маш сайн сонсож чаддаг. Шүүмжлэлд нээлттэй сэтгэлгээ гэдэг хэрэгтэй байгаа юм. Ардчилсан намыг сошиалд амтай болгон нь л муулдаг биз дээ. Намынх нь гишүүд хүртэл муулаад л. Энэ бол Ардчилсан нам шүүмжлэлд нээлттэй байгаагийн илрэл. Тэгэхээр залуу хүн өөрөө өөрийгөө хаадаг юм шиг санагддаг. Залуучуудыг улс төрд орж ирэхэд нь та нарт оролцоо өгөхгүй, та нар хэн ч биш гэдэг газар байхгүй байх. Монгол хүний ичимтгий зан чанараас шалтгаалаад ч юм уу залуус өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээнд хаалт тавьдаг юм шиг санагддаг. Тиймээс сайн харвал манай намд орон зай нээлттэй байгаа. Үгээ хэлэх зориг гаргавал түүнийг чинь сонсох хүмүүс байгаа.

-2024 оны УИХ-ын сонгуульд макро түвшний реформуудыг хийх зорилготой улс төрчид олноор гарч ирэх болов уу гэж харж байна-

-Сонгууль хаяанд ирсэн байна. Энэ цаг үед Ардчилсан нам ямар бодлого, төлөвлөгөөтэйгээр ажиллах бодолтой байгаа вэ?

-2024 оны сонгууль бол бидний урьд хэзээ ч төсөөлж байгаагүй сонгууль болох гэж байна. 126 гишүүн, бүсчилсэн тойрог гэх мэт. Сонгууль яаж явагдахыг хүмүүс төсөөлж чадахгүй байгаа байх. Туршлагатай улс төрчид ч үүнийг төлөвлөж чадахгүй байгаа байх. Гэхдээ нэг давуу тал нь жалга довны үзлээс бид салж байна. Гишүүн болгон өөрийн тойрогт очиж, нэг хөшөө босгоод түүнийгээ ажил гэж ярьдаг байсан цаг үе өнгөрч байна. Макро түвшний реформуудыг хийх зорилготой улс төрчид олноор гарч ирэх болов уу гэж харж байна. Өмнө зөвхөн тойргууддаа л анхаардаг байсан учраас томоохон реформуудад анхаардаггүй, хийдэггүй байж. Тэгэхээр энэ сонгуульд илүү реформын чанартай, нийт хүмүүст хамааралтай бодлогуудыг гаргаж ирж чадсан нам ард иргэдээс илүү өндөр санал авах байх. Энэ бол маш сайн өөрчлөлт. Сонгуулийн системтэй холбоотойгоор манай ард түмэн ч гэсэн институцын хэмжээнд цэгцтэй бодлого танилцуулж байгаа намыг сонгох болов уу. Ардчилсан нам улс орны өмнө хөндөгдөж буй зайлшгүй хийх ёстой реформ юу байна вэ гэдэгт төвлөрч, түүндээ тохирсон шийдлүүдээ танилцуулна.

-Бүсчилсэн тойргоор сонгуулийг зохион байгуулахаар болсон. Үүнд шүүмжлэлтэй хандах хүмүүс ч цөөнгүй байгаа. Таны хувьд?

-Нэг зүйлийг гайхаж байгаа. Хүн амынх нь 1.5 сая нь нийслэл Улаанбаатар хотод байгаа. Гэтэл хотод амьдарч байгаа хоёр хүний санал орон нутагт амьдарч байгаа нэг хүний саналтай тэнцчихээд байгаа юм. Үндсэн хуулиараа бид тэгш эрхтэй гэсэн хэрнээ төлөөллөө оруулах болонгуут ийм байдал үүсчихдэг. Улаанбаатарыг төлөөлж байгаа хүмүүс нь цөөхөн байгаа. Нэг бүсчилсэн тойрог дээр байгаа хүн амын тооноос нийслэлийн нэг дүүргийн хүн амын тоо илүү байгаад байна. Гэтэл сонгох гишүүдийнх нь тоогоороо хөдөө орон нутаг нь их, дүүргүүд дээр бага.

-Нөгөө талдаа залуучуудын боломжийг хааж, улс төрд жин дарж ирсэн улс төрчдийн тоглолт болно гэх зураглал байгаа?

-Залуучууд гарч ирэх боломжийг хааж байна гэх аргумент угаас байх ёстой. Гэхдээ миний бодож байгаагаар бид энэ зарчим руу шилжих л ёстой. Хүн сонгодог байдлаас бид татгалзах ёстой. Хувь хүн гэнэт гарч ирснээ намын үзэл баримтлалаас өөр зүйл яриад яваад байж болохгүй. Энэ нь маш том будлианыг үүсгээд байдаг. УИХ-ын гишүүн гэдэг спикер л болох ёстой. Намын бодлогоо хамгийн гоёор ярьж чаддаг, хамгийн сайн ойлгуулж чаддаг байх ёстой. Үзэл баримтлалаа гаргаж ирж явж байгаа учраас намын институц чинь өөрөө маш сайн байх ёстой гэдэг чиглэл нь илүү чухал. Тэглээ гээд намыг тахин шүт гэсэн үг биш.

-Ярилцсанд баярлалаа

Хөтөлийн “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томиллоо
Хөтөлийн “Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томиллоо
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.