Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарыг орхиход...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 34 секунд

Ягаан бас нэг жижиг хар чемодантайгаа орон нутгийн автобусны зогсоол дээр үд дүнд очсон байлаа. Бүх зүйл жин тан, бүгдийг орхиход бэлэн.

Орхих. Энэ тийм ч амархан сонголт биш. Сүүлийн гурван жил хотоос явах тухай бодсоны эцэст сая нэг юм шийдэв. Дассан ажил, ижилдсэн нөхдөдөө л хүн хоргоддог юм билээ.

Нутгаа орхиод гарсан зориг минь гэж дуу үргэлжилдэг. Харин Улаанбаатарыг орхиход ямар ч зориг шаардлагагүй болсон байв.

Сумын төвийн сургуулиа дүүргэсэн охин фургон машинд сууж ирээд улсынхаа нийслэлтэй танилцсанаас хойш даруй 11 жил өнгөрчээ.

Хотод төрөл садан ховор, таних мэдэх хүн бага тул ээж минь хөдөөнөөс ирж сумын нэгэн танил айлын гал тогооны өрөөг түрээсэлж өгөв. Газар мэдэхгүй болохоор мөн л ээжтэйгээ хөтлөлцөөр их сургуулийн босго алхаж, дөрвөн жил нүд ирмэхийн зуур алсарлаа.

Санасныг бодоход байр түрээслүүлсэн айл маань боломжийн хүмүүс таарч, би тэндээ ажилд орсон эхний жилүүдэд ч амьдарсан юм. Сарын 500 мянган төгрөгийн цалин авч, 180 мянгыг нь түрээсэндээ өгчихөөд үлдсэнээр нь ойр зуурын хэрэгцээгээ авч болоод л байдаг байв. Сардаа 100 мянган төгрөг хурааж хадгаламжаа ч бас бага багаар нэмсээр. Тухайн үед оюутан, шинэхэн ажилтан байсан болохоор аливаад сониуч ажилдаа дадах гэж мэрийж зүтгээд түгжрэл, утаа, үнийн өсөлтийг одоогийнх шигээ ингэж тоодоггүй ч байсан байж мэднэ. Гэхдээ л одоогоос тав, зургаан жилийн өмнө байдал арай л учиртай байсан мэт санагдана.

Мэргэжилдээ хайртай, ажилдаа гаршсан тул ажлын байр яг л гэр шиг санагдана. Ээж минь “Эмэгтэй хүнд тун цэвэрхэн ажил юм. Хамт олонтой явах сайхан” гэж ирээд л миний ажилд тун чиг талтай.

Бууриа сэлгэлгүй нэг газраа олон жил хүчээ өгсөн ч үнэлэмж маань төдийлөн сайн нэмэгдээгүй юм. Ажилдаа дуртай сэтгэлийг минь ашиглаад байгаа ч юм шиг санагдана. Цалин багын хажуугаар өдөрт багадаа 3-4 цагийг түгжрэлд зарцуулах нь амьдралын минь хамгийн гунигтай үе. Тэсвэр тэвчээрийн туйл болсон Улаанбаатар. Мөрөөдөх завгүй амьдарсан он жилүүд.

Надаар зогсохгүй олон залуус шантарч, унтарч эхлэв. Тэдний нэг нь хотоос зайдуу газраас ажилдаа ирэхийн тулд өглөө 06:00 цагт босоод орой 22:00 цагт харина. Гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг, хобби, өөрийгөө хөгжүүлэх үе гэж байхгүй. Тэр цалин жаахан ч гэсэн нэмэгдвэл хотод хажуу өрөө ч хамаагүй түрээсэлж суух мөрөөдөлтэй. Энэ мэт олон залуус түгжрэлд олон цаг гацаж, утаанд хордсон ч банкны өндөр хүүтэй зээлээ багын бага цалингаараа төлөхийн тулд байдгаа шавхаж байгаа. Эцэст нь хүн мэргэжилдээ хайртай, хамт олондоо дассан байлаа ч шантардаг, зогсдог.

Гэхдээ цээжин тушаа гомдол тээчихээд хөдөө ирсэн ч хөндүүр. Надтай ижил олон залуу оройдоо урдах хүн нь ч харагдахгүй шахуу саарал хотод зөвхөн зээл төлөх мөрөөдөлтэй амьдарч байгаад гунигтай байна. Сайхан амьдралыг нь, гэр бүлтэйгээ инээж баясах цагийг, мөрөөдлийг нь хулгайлсан нь харамсалтай. Ажил төрөл амьдрах орон байр гээд ахуйн асуудаас шалтгаалж хүн бүр хөдөөг зорих боломжгүй байгаа нь л хотод тэднийг уяж байгаа болохоос биш нийслэлээс хүн бүр сэтгэлдээ аль хэдийн дайжсан.

Хөдөө явах зүйлсээ эмхэлж суухдаа зарим зүйлд хэтэрхий тэвчээртэй хандсандаа бухимдал төрөөд байв. Ааш аяг нь олдохгүй хүмүүстэй учраа олох гэж хэтэрхий удаан зүдэж явсандаа, аливааг үнэлдэггүй газарт өөрийгөө хорьсондоо, Улаанбаатарын утаа, замын түгжрэл гээд бухимдал дүүрэн өдрүүдийг олон жил тэвчсэндээ харамссан. Зүгээр л бүгдийг орхиод хаашаа ч хамаагүй явмаар санагдсан надад хөдөө хамгийн супер сонголт байлаа.

Хөдөө ажил олдох болов уу гэсэн багахан айдас байсан ч хэн юу чадаж байна түүнийгээ л бага багаар өнгөлсөөр байвал хаана ч ажилтай байж болдог билээ. Гайхалтай нь “Хөдөө амьдрах мөрөөдлөө биелүүл дээ” гэж хэлсэн хайртын маань дэмжлэг намайг олон зүйлийг давуулсан юм. Хорвоог туулахад хоёр хүн нэг зүгт хардаг байх шиг сайхан зүйл үгүй юм билээ.

Өвс ачсан том тэрэг хүнгэнэ, өнөөдрөөс дулаарах юм гэнэ лээ гэж дэлгүүрт таарсан хоёр хүн хууч хөөрнө, дөчийн бетон хангинуулж усандаа хэн нэгэн явна. Сумын төв эл хульхан, сураг чимээ багатай. Амжихаа болилоо, алив түргэлээч гэдэг үг энд цөөхөн сонсогдоно.

Ажил хийвэл ам тосдоно гэдэг үгийг хөдөөгийн хүмүүсээс бодитоор харж болно. Үнээний сүүгээ зарж, гутал уллаж, арьс нэхий элдэж буйдхан сумандаа амар тайван аж төрсөөр...Ажлаа тараад гэртээ харих хугацаа 5-10 минут, голын усаар ундаалж, уулын модоо түлнэ. Хөдөө ийм амгалан.

Агаар нь тунгалаг, ажилч хичээнгүй ард түмний дунд амьдарсаар яваа хөдөөний хүнээс...

Г.Түвдэндорж: 2023 оны III улирлын байдлаар валютын нөөц 4.8 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, инфляц 8.6 хувь болж буурлаа
Г.Түвдэндорж: 2023 оны III улирлын байдлаар валютын нөөц 4.8 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, инфляц 8.6 хувь болж буурлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.