Зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон нөхцөл байдлын талаар УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Серикжанаас тодрууллаа.
-Зам тээврийн ослын улмаас хүүхэд амиа алдсан хэргийн нөхцөл байдалд судалгаа хийжээ. Үр дүн ямар гарсан бэ?
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу зам, тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон хэргийн гаралт, нөхцөл байдлыг 2022, 2023 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд судалсан. Дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас 103 хүүхэд амиа алдсан гэсэн харамсалтай тоо гарсан.
Тодруулбал, 2022 онд 60, 2023 оны эхний есөн сарын байдлаар 43 хүүхдийн амь хохирчээ. Үүний 70 хувь нь 10-аас доош насныхан байна. Бүсчлэлийн хувьд 12 нь Нийслэлд, 91 нь орон нутагт гарсан байгаа юм.
-Мэдээж осол гарсан цагийг судалсан байлгүй. Ер нь хүүхдүүд хичээл сургуульд явах, ирэх замдаа осолд өртсөн жишээ цөөнгүй байна. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүрэгт хоёр сурагч машинд дайруулж нас барсан шүү дээ?
Дийлэнх буюу 52.4 хувь нь өдрийн цагаар гарсан осол байна. Харин 12.6 хувь нь өглөө, 23.3 хувь нь орой, 11.7 хувь нь шөнийн цагаар гарсан.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн нийт 100 гэмт хэргийн улмаас дээрх тооны хүүхдийн амь хохирсон. Эдгээр тохиолдлын 30 нь нийслэлийн суурингийн доторх замд, 70 нь суурингийн гаднах буюу орон нутгийн замд бүртгэгджээ.
Суурингийн доторх замд гарсан ослын 53.3 хувь нь хот доторх автомашины замд, 46.7 хувь нь гэр хороолол болон орон сууцуудын дундах замд үйлдэгдсэн.
Сургууль орчмын бүсэд зам, тээврийн нэг осол бүртгэгдсэн. Өмнөх онуудтай харьцуулахад сургуулийн бүсэд гарсан зам, тээврийн ослын тоо буурсан. Үүнийг сайн үзүүлэлт гэж дүгнэж байгаа. "School police" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургууль орчимд жолооч нар хүүхдийг анхаарч, аюулгүй байдлыг хангадаг соёлд хэвшиж эхэлсэн, тухайн бүсэд байршуулсан тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг нь үр дүнгээ өгч байна.
-Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөний улмаас дээрх осол гарсан байна вэ? Согтуу жолооч хэчнээн хүүхдийн амийг хохироосон бол?
Нийт 100 хэргийн 103 хүүхэд хохирсон талаар өмнө нь дурдсан. Үүнээс 71-т нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл 71 тохиолдолд жолоочийн буруутай үйлдэл байсан гэж хэлж болно.
Дийлэнх нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", "жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх заалтыг зөрчсөний улмаас гарсан осол байна.
Дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн 22, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 11 тохиолдол бий.
Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй" гэж заасан байдаг. Гэтэл амь хохирсон хүүхдүүдийн 70 хувь нь 10-аас доош насны хүүхэд байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан 49 хүүхдийн 95.9 хувь нь гарцгүй газраар зам хөндлөн гарах үеэр мөргүүлсэн нь иргэд дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгааг харуулж буй юм. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, хууль журмаа дагаж мөрдөх хэрэгтэйг ташрамд сануулъя.
Нөгөөтээгүүр, амь нь хохирсон хүүхдийн 52.4 хувь нь автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж нас барсан тул томчууд хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон хүүхдийнхээ суудлын бүсийг зүүж, аюулгүй байдлыг нь хангаж байх шаардлагатай.
Хүүхдүүддээ замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт, мэдлэгтэй болгож, аюулгүй байдлаа ханган, зөв, соёлтой оролцох дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарч, өөрсдөө үлгэр, дуурайл үзүүлж байх нь чухал.
Мөн замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт хүүхдүүдээ явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, тэдэнд байнга анхаарал хандуулах шаардлагатай байна.
-Судалгаанд тулгуурлан прокурорын байгууллагаас ямар арга хэмжээ авав?
Бид 2023 онд Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 172 удаагийн сургалт, яриа таниулга, уулзалт зохион байгуулж, 12 000 гаруй эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын алба хаагч, сурагч хүүхэд, багачуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
Мөн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох газруудад нь прокурорын мэдэгдэл бичиж, үр дүнг тооцож ажиллаж байна.
Нэмж хэлэхэд, улс орны маань хойч ирээдүй болсон хүүхэд, багачууд гэмт хэрэг, зөрчлийн золиос болох, түүний дотор зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхэд хүн бүр үүрэг, оролцоотой байж, хүүхдүүдээ хайрлаж,болзошгүй эрсдэлээс хамгаалцгаая гэж уриалъя.