АН-ын ажлын хэсгээс ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд, АН-ын гишүүн Ц.Уянга, "Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой, хулгайн байж болзошгүй худалдан авалтын асуудлыг хянаж, ард иргэдэд бодит мэдээллийг өгөх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие тус ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Бидэнд олдсон баримтын хүрээнд шалгалт хийхэд 318 тэрбумаас 135 тэрбумыг бодитоор зарлагадсан буюу Тэнүүн-Огоо ХХК-д 5 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн байсан нь нотлогдсон. Гэхдээ 135 тэрбум ногоон автобусны төлбөр биш. Ногоон автобустай холбоотой төлбөрийн болон бусад баримт бичгүүдийг одоо болтол бидэнд өгөхгүй байгаа. Хотын дарга Х.Нямбаатар 600 автобустай холбоотой гэрээг цуцалж, шинээр автобус авахаар болсон гэж мэдэгдэж байгаа боловч цуцалсан гэх баримт бидэнд өгөгдөөгүй. Ямар хэлбэрээр цуцалсан нь ойлгомжгүй байна" гэлээ.
Мөн тэрбээр, "Ногоон автобусны асуудлыг хянан шалгах хороог байгуулж, УИХ-аар сонсгол явуулах товыг яаралтай зарлахыг шаардаж байна" хэмээн онцлов.