Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзсан байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
"УБЗАА Хот тохижилтын газраас гадна 16 компанитай хамтран ажилладаг. Бид жил бүр гүйцэтгэлийг дүгнэдэг бөгөөд дүүргүүд шаардлага хангасан компанитай гэрээгээ сунган хамтран ажиллах эсвэл шинээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой. Мөн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлж байна. Дүүргүүд мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүддээ уг ажлаа хариуцуулах боломжтой. Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах бөгөөд өмнө нь ашиглаж байсан техник хэрэгслүүдээ дүүргүүдэд хуваарилсан замын хэмжээнд тааруулан олгоно. Эзэнгүй нохой, муурын хувьд 5-6 жилийн өмнө энэ тоо 360 мянгад хүрч байсан. Өдгөө 160 мянга орчим эзэнгүй нохой муур байна. Энэ хэмжээг дахин нэмэгдүүлж болохгүй. Аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар эзэнгүй нохой, муурын тоог хязгаарлахын тулд үржил хязгаарлах ажилбар хийх хэрэгтэй" гэв.