Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ГОЁЛ-2024” наадмын ТОП МОДЕЛЬ А. Сайхантамир: “Гоёл“ наадмын тайзнаас аавынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 40 секунд

1988 оноос хойш зохион байгуулагдаж буй "Гоёл" загварын наадам 36 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадмын ТОП МОДЕЛИОР Амарсанаагийн Сайхантамир тодорсон билээ.

Тэрбээр "Miss Mongolia 2017" тэмцээний ялагч, Шанхай хотод зохион байгуулагдаж байсан "Miss model of the world" тэмцээний авъяаслаг мисс, "Буриадын мисс" зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож олон загварын тайзнаас Монголынхоо нэрийг дуудуулж байсан арвин туршлагатай нэгэн юм.

Ийнхүү UBN.mn сайт "Гоёл -2024" наадмын хамгийн отгон топ модель А. Сайхантамиртай ярилцсанаа хүргэе.

"ГОЁЛ-2024" наадмын тайзнаас аавынхаа нэрийг дуудуулсандаа маш их баяртай байна"

-Сайн байна уу. Юун түрүүнд баяр хүргэе. "Гоёл" наадмын тайзнаас нэрээ дуудуулах мэдрэмж ямар байсан бэ. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Баярлалаа. Би "Гоёл" наадамд 13 дахь жилдээ оролцсон. Мэдээж ямар нэг төсөөлөл байгаагүй. Нэр дуудахын өмнө 2017 оны Монголын мисс гэж хэлэх үед итгэж ядаад, хажууд зогсож байсан найзууд маань "Хүүе чамайг дуудаад байна" гэж хэлэх үед л итгэсэн. "Гоёл" наадмын тайзнаас аавынхаа нэрийг дуудуулж чадсандаа маш их баяртай байна.

-Хамгийн анх яаж загварын салбарт хөл тавьсан бэ. Багаасаа мөрөөддөг байсан уу?
-Бүх охидын адил багаасаа мөрөөддөг байсан. Би буриад хүн. Үндэсний "Алтаргана" гэх наадам 2 жил тутамд зохион байгуулагддаг. Дэлхийн өнцөг булан бүрийн буриад үндэстэн цугларч оролцдог. Үүний хүрээнд "Буриадын мисс" гэж болдог. Маш жоохон байхдаа "Буриадын мисс"-д орж түрүүлж байсан.

-Ихэнх хүмүүс таныг Топ модель гэхээс өөр зүйл мэддэггүй байх. Хаана төрж өссөн, ямар мэргэжилтэй вэ?
-Би Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймгийн Дадал суманд төрж өссөн. 8 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд. Мөн ШУТИС-ийг Эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Одоогоор МИАТ компанид бүхээгийн ажилтан буюу онгоцны үйлчлэгчээр 6 дахь жилдээ ажиллаж байна.

"Ээж минь эмэгтэй хүн хүчтэй, тэсвэр хатуужилтай байхыг өөрөөрөө үлгэрлэн зааж өсгөсөн"

-Эрчим хүчний инженер мэргэжилтэй. Мөн загвар өмсөгч, бүхээгийн ажилтан гэхээр их сонирхолтой санагдаж байна. Яагаад агаарын тээврийн салбарт ажиллаж эхэлсэн бэ?

-Эмэгтэй хүн болгон багадаа Монголын мисс болох, онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй байдаг байх. Би ч бас багадаа мөрөөддөг байсан. Бүх мөрөөдлөө биелүүлээд явж байгаадаа баярладаг. Одоогоор эзэмшсэн мэргэжлээрээ огт ажиллаагүй. Юмыг яаж мэдэх вэ. Аливаа зүйлд ам гарч болдоггүй. Ирээдүйд эрчим хүчний инженерээр ажиллаж ч магадгүй байх.

Заримдаа шантрах үе тохиолдоно. Эмэгтэй хүн хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байх гэх мэт зүйлийг миний ээж өөрөө үлгэрлэн зааж өсгөж, хүмүүжүүлсэн.

-Топ модель болох үед аав, ээж нь яаж хүлээж авсан бэ?
-Маш их баярласан. Бүр уйлсан.


-Ойрын жилүүдэд гэр бүлтэй болох төлөвлөгөө байгаа юу?
-Залуучууд маань амьдралдаа ч тэр, ажилдаа ч тэр сэтгэл хангалуун болж бүх зүйлд бэлэн болсон үедээ гэр бүл төлөвлөх ёстой гэж боддог. Миний хувьд ойрын 4 жилдээ гэр бүлтэй болох төлөвлөгөө байхгүй. Үргэлжлүүлж мэргэжлээрээ суралцах төлөвлөгөөтэй байна.


-Монголын топ модель гэх алдар нэрийг хүртэхэд таны зүгээс юу нөлөөлсөн бэ?

-Мэдээж маш олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл өнөөдөр намайг топ модель болгосон гэж боддог. Энэ хугацаанд мэдээж шантрах цуцах үе олон тохиолдсон.

-"Miss model of the world" тэмцээнд оролцож байх үеэрээ ёочин хөгжим тоглож "Авъяаслаг мисс"-ээр тодорч байсан юм билээ. Ёочин хөгжмийг хэдэн настайдаа тоглож эхэлсэн бэ?

-Би хоёрдугаар ангиасаа эхлээд ёочин хөгжим тоглож сурсан. Сүүлийн 1-2 жил завгүй байгаа учраас тоглож чадсангүй. Хөгжмийн боловсролтой байна гэдэг хүнийг илүү эмэгтэйлэг болоход нөлөөлдөг гэж боддог. Олон улсын тэмцээнд явж байхдаа үндэсний урлагаа таниулъя гэх зорилгоор ёочин хөгжим тоглож, дуулж байсан.


-Загвар өмсөгч болоход гэр бүлийхэн нь яаж хүлээж авсан бэ?
-Манай ээж оюунлаг мундаг хүн байдаг. Үнэндээ намайг загвар өмсөгч болоход дургүй аль болох номын мөр хөөвөл зүгээр гэдэг байсан. Гэсэн хэдий ч өөрийнхөө хүсэл сонирхолдоо хөтлөгдөж явсаар байгаад ээжийгээ дийлсэн дээ.

-Загварын салбарт цаашид тавьсан зорилго бий юу?

-Байлгүй яахав. Маш том загварын тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Тухайн үедээ илүү дэлгэрэнгүй мэдээлийг хүргэх байх.

-Ярилцсанд баярлалаа

Улаанбаатарт багавтар үүлтэй, -16 хэмийн хүйтэн
Улаанбаатарт багавтар үүлтэй, -16 хэмийн хүйтэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.