Цагдаагийн алба хаагч цахим мөрийтэй тоглоомд оролцсон байж болзошгүй хэргийн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал,
“ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг "Т" гэгч алба хаагчийг мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан өчигдөр зарим сайт нэр, зурагтай нь зарласан.
Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад манай алба хаагчийн нэр дурдагдаж, холбогдсон. Бид нөхцөл байдлыг хуулийн хүрээнд үнэлж үзээд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.
Цагдаагийн алба хаагч "Т" нь одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг нь тухайн этгээдийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох, шалгах явц юм. Иймд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн үг.
Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагч, иргэн эсвэл хэн нэгэн ээж, аавын хүүхдийн ард нийгмийн харилцаанд орох бүх эрх нь байгаа” гэлээ.