УИХ-ын 2023 оны намрын чуулган өнөөдөр /2023.10.02/ нээлтээ хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн тээврийн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулахыг даалгалаа.
Сануулахад, НЗДТГ-ын захиалгаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэгч компани болох "Тэнүүн Огоо" ХХК БНСУ-ын Daewoo корпорациас шинэ автобусууд авсан ч тус автобусууд нь хуучин байсан гэх маргаан дэгдэж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулж буй. Түүнчлэн АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа ба өнгөрсөн шөнө "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мөн газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод буй юм. Иймд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд хяналт шалгалтын түр хороо байгуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгав.