Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.