Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон. Харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Хүүхдүүд сэтгэл зүрхний боловсролгүй хүмүүсийн золиос болсоор байна. Тэд бол ээж аавдаа, гэр бүлдээ амин эрдэнэ байх ёстой. Хүүхдийн хүчирхийллийн хэргийн 70 хувь гэр бүлийн орчинд үйлддэг. Гэр бүлийн боловсрол, сэтгэл зүрхний боловсрол амин чухал болж байна. Бусдыг ойлгох (Empathy), бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэнгүй байх (Compassion) зэрэг сэтгэл зүрхний боловсролыг энэ жил цэцэрлэг болон нэгдүгээр ангиас орж эхэлнэ. Одоо бидэнд зүрх сэтгэлийн боловсрол ус агаар мэт хэрэгтэй байна. Дэндүү эмгэнэлтэй, дэндүү харамсалтай. Бусдын гарт алтан амиа алдсан Ховдын охинд болон түүний гэр бүлд нь эцэг хүний хувиас гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэлтэй бид хэзээ ч эвлэрч болохгүй" гэж байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!