НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Өнөөдөр буюу хурлын хоёр дахь өдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийлээ. Тодруулбал, COP17-ын Ногоон бүс нь олон нийтэд нээлттэй, оролцоонд суурилсан талбар бөгөөд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой юм.

Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "СОР-ын түүхэнд ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг л удаа байгуулж байсан удаатай.
Харин Монгол Улс эх орондоо COP17 хурлыг зохион байгуулж буй энэхүү түүхэн завшааныг ард түмэнтэйгээ хуваалцаж, үзэж, сонирхох бүхий л боломжоор хангахыг хүссэн юм.
Тиймдээ ч "Ногоон бүс" байгуулах санал, хүсэлтээ Конвенцын талд уламжилсан юм.
Энэ дагуу Монгол Улс нь Конвенцын түүхэнд хоёр дахь удаагаа "Ногоон бүс" байгуулсан улс боллоо.
Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн тус бүсэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны 60 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаа танилцуулж байна.
Хурлын 12 өдрийн туршид 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна кино үзвэр, соёлын биет болон биет бус өвийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байгааг дуулгахад таатай байна.
Аливаа ажлыг хамтарч хийвэл тооцоолсноос илүү үр дүнд хүрдэг.
Үүний тод жишээ нь СОР17 хурал. Тус хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газраас эхлээд төр, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынхан бүгд хамтран ажилласан.
Тухайлбал, Нийслэлийн харъяа бүх газрууд COP17 хурлын дэд бүтцээр гадна "Ногоон бүс"-ийн зохион байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэсэн юм.
Хамтын хүчээр боссон энэхүү бүсийг одоогоор 2 мянга орчим иргэн үзэж сонирхсон гэх албан бус тоо байна.
Цаашдаа энэ тоо өсөж, дагаад иргэдийн СОР-ын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэх нь дамжиггүй.
Ногоон бүс нь зөвхөн арга хэмжээ, үзэсгэлэнгийн талбай биш гэдгийг нотолсон нэгэн сайхан үйл явдал "Ногоон бүс"-ийн нээлтийн үеэр боллоо.
Энэ нь "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" гэсэн UNCCD COP17 хурлын албан ёсны уриаг Монгол Улсын "Ногоон бүс"-ийн албан ёсны уриа болгож байгаагаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн хэлтсийн дарга Ксеня Сканлон нээлтийн үеэр мэдэгдлээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!