Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт дараах зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Үүнийг тодруулбал,
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2.байнга тогтвортой үйлдэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.