Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цолмон-Ундрал: Хүмүүс хоолны рийлсийг маань хараад дагаж хиймээр санагдвал миний зорилго биелэлээ гэсэн үг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
11 минут 36 секунд

Сүүлийн үед цахим орчинд мукбанг буюу төрөл бүрийн хоолыг өөрийн гараар хийж, түүнийгээ идэж буй бичлэгээрээ олонд танигдаад байгаа нэгэн залууг энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж ярилцлаа. Түүнийг Э.Цолмон-Ундрал гэдэг бөгөөд уншигч та бүхэн "ZURA II-Цурам ажиллагаа" МУСК-ны тагнуулчийн дүрээр таниж байгаа бизээ.

-Өдрийн мэнд. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Цолмон-Ундрал гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. Сүүлийн үед хоол хийж буй бичлэгээ цахим орчинд нийтэлж байгаа залуу байна.

-Хүмүүс таныг хоолны бичлэг оруулдаг гэдгээр нь андахгүй мэдэж байгаа байх. Ер нь анх хоолны рийл хийж, цахим орчинд нийтэлье гэдэг санааг хэрхэн, яаж олж байв?

-Би өмнө нь байнга гадуур хооллодог байсан юм. Тэгээд нэг өдөр “Би яагаад өөрөө хоолны материалуудаа цуглуулаад, гэртээ хоолоо хийгээд идэж болохгүй гэжгэсэн бодол орж ирсэн. Тэр нь ч илүү эрүүл байх болов уу гэсэн бодлоор рийл хийж эхэлсэн юм байна.

Бас дээр нь би өөрөө зүгээр л хоол хийх дуртай. Өмнө нь ганц нэг бууз, цуйван хийсэн рийлээ нийтэлж байсан. Эхэндээ инстаграм хуудас дээрээ л рийл оруулдаг байж байгаад саяхнаас фэйсбүүкupload хийдэг болсон. Мөн ойр, ойрхон бичлэгүүдээ оруулдаг болоод, түүнийхээ амтанд нь ч орчихсон гэж хэлж болох юм.

-Хүмүүс таныг тогооч юм болов уу гэж их бодож байгаа юм билээ. Өмнө нь ямар нэг хоолны сургалтад хамрагдаж байв уу?

-Үгүй. Ёстой ямар ч сургалтад хамрагдаж байгаагүй.

-Тэгвэл хамгийн анх хэзээ хоол хийж байсан бэ?

-Би хамгийн анх дөрөвдүгээр ангидаа ганцаараа будаатай хуурга хийж үзэж байсан юм. Төмс нь жаахан түүхий ч идэж болохоор байсан санагддаг юм. Тэр явдлаас хойш төд удалгүй ахтайгаа нийлж цуйван хийж байлаа. Гэхдээ цуйвангаа хийхдээ гурил, мах, төмс гээд бүх орцуудаа холиод хутгачихсан юм. Аав, ээж хоёрыг ирсэн чинь түүхий хоол хийчихсэн хүлээгээд сууж байсан гэдэг.

Ер нь багаасаа л хоол хийх сонирхолтой хүүхэд байсан. Харин одоо хоолны жор, орцуудыг “Youtube-ээс хайж олдог болсон. Заримдаа өөртөө байгаа хоолны материалаа харж байгаад байгаа амтлагчаараа амтлаад л хийчихдэг.

Ер нь хоол хийх тусам сайжраад, амт нь чанаржаад, илүү гоё амттай болоод байгаа юм шиг санагдаад байдаг болсон. Нэг ёсондоо би өөрөө өөртөө дурласан залуу л байна даа.

-Цахим орчинд хоолны бичлэг оруулдаг хүмүүс маш олон шүү дээ. Тэдгээрээс таны бичлэг юугаараа онцлог гэж бодож байна?

-Хоолны рийлүүд маань ихэвчлэн орой ордог. Гэхдээ албаар орой оруулдаг байхаар шийдээгүй. Учир нь бичлэгээ хийгээд, эдитлээд, засварлаад дуусахад л аль хэдийн орой болчихсон байдаг. Тиймээс л ихэвчлэн оройн цагаар ордог юм. Гэхдээ орой орох тусам хүмүүст илүү хүрдэг юм шиг санагддаг.

Харин бичлэгийн хувьд хүмүүсийн арааны шүлсийг асгаруулсан бичлэг хийхийг хичээдэг. Миний хоол хийж байгааг хараад дагаад хийдэг хүмүүс ч цөөнгүй бий болсон байна лээ.

Идэж байгаа хоолыг минь хараад идмээр санагддаг, хоол хийж байгааг маань хараад дагаж хиймээр санагдаж байвал л миний зорилго биелэсэн гэсэн үг.

-Хоолны бичлэг хийж эхлэх үед нь ойр дотнын хүмүүс тань яаж хүлээж авч байсан бэ?

-Гэр бүлийнхэн маань маш эерэгээр хүлээж авсан. Хэдхэн хоногийн өмнө оруулсан хоолны бичлэгийн сэтгэгдэлд “Энэ залууд махны машин аваад өгчихмөөр санагдах юм” гэдэг коммент байсан юм. Гэтэл түүний рефли дээр манай ээж “байгаа” гээд биччихсэн байсан. Тэгээд ээж рүүгээ залгаад "Надад махны машин байхгүй шүү дээ гэсэн чинь танайд байгаа гээд огт авч хэлэлцээгүй". Гэхдээ заримдаа хоол хийхдээ зарим нэг багаж, хэрэгслээ ээж рүүгээ залгаад л аваад хийдэг дээ.

-Таны үндсэн мэргэжлийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Жүжигчин мэргэжилтэй гэсэн шүү дээ. Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Хамгийн анхны ажилласан уран бүтээл нь юу байв?

-Би 2018 онд СУИС-ийг С.Сарантуяа багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд л “Хишиг production"-д ажилд орж байсан юм. Гэхдээ шууд дүр авч, гол дүрд тоглож байгаагүй ээ. Харин продакшндаа ажиллаж байхдаа "Найз" гэх контент хийж байсан юм. Ойролцоогоор 30-40 минут орчим үргэлжлэх контент болсон.

-Ер нь тухайн үед хэр сандарч байсан бэ?

-Тухайн үед анхны уран бүтээл, анхны дүр маань учраас тодорхой хэмжээний сандрал байсан. Одоо ч гэсэн сандардаг шүү.

"ЗУРА II- Цурам ажиллагаа" МУСК Тагнуулч Басхүүгийн дүр

-“ZURA II кинон дээр таныг харж байсан юм байна?

-“Fantastic production-ны кино болох ZURA II” кинонд Басхүү хэмээх тагнуулчийн дүрийг бүтээсэн.

Кинон дээр Б.Барслхагва ахад буудуулж үхдэг гэвэл уншигчид илүү таних байх аа. Миний зураг Дорнодын буйр нуурт болсон. Мэдээж “Fantastic production-ны ах нартайгаа нэг кинонд хамтарч ажиллах маш сайхан байсан.

"ЗУРА II- Цурам ажиллагаа" МУСК Тагнуулч Басхүүгийн дүр

-Таныг судалж байхдаа фитнесээр хичээллэдэг гэдгийг нь мэдсэн юм. Ер нь фитнесээр хичээллээд хэр удаж байна. Тогтмол бэлтгэл хийдэг үү?

-Сүүлийн 2 сар орчим бэлтгэл хийж амжихгүй. Түр завсарласан байгаа. Өмнө нь тодорхой хэмжээнд бэлтгэл, сургуулилт хийгээд тэмцээн уралдаанд оролцож байсан. Жингийн хувьд 156-88кг болтлоо хасаж байсан. Урьд өмнө нь фитнесээр хичээллэж байсан ч 2022 оны гуравдугаар сараас зорилго тавиад тогтмол явж эхэлсэн. Зорилго тавиад хичээллэхээр үнэхээр өөр байдаг юм байна лээ. Тогтмол дэглэм бариад, гадуур хооллохоо болиод, эрүүл мэнддээ илүү анхаарч эхэлсэн. Таргалалт гэдэг бол яалт ч үгүй өвчин юм байна лээ. Турснаас хойш бие хөнгөрөөд, хүссэн зүйлээ ч идээд маш гоё болж өөрчлөгдсөн.

-Хамгийн анх хэзээ фитнест явахаар сэтгэл шулуудаж байсан бэ?

-Ер нь багын бондгор, унаган махтай хүүхэд байсан. Хамгийн анх намайг есдүгээр ангийн сурагч байхад аав маань ах бид хоёрыг дагуулаад Халдвартад “Төмөр ертөнц” гэдэг нэртэй фитнест бүртгүүлж байсан юм. Тухайн үед 10 жилийн хүүхэд байсан болохоор нэг сар явж үзээд больчихсон. Түүний дараа чөлөөт бөхөөр нэлээн удаан хичээллэж байлаа. Тэгээд оюутан болоод фитнесдээ алдаг оног явж байгаад 2022 оноос тогтмол явж эхэлсэн.

Харин тэмцээнд орж үзье гэдэг зорилго тавиад “Pro fitфитнес дээр Б.Лхагвадорж багшийн удирдлага дор бэлтгэл хийж, тэмцээндээ оролцсон юм. Манай багш бол маш сэтгэлээсээ зааж, дасгалжуулдаг хүн байдаг.

-“Ирээдүйн мистер 2023” тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?

-“Ирээдүйн мистер 2023” тэмцээн бол миний оролцсон 2 дахь тэмцээн. Би тухайн үед хангалттай ахиц дэвшил гаргаж чадаагүй. Тэмцээний өмнө дэглэм барьж байсан юм. Бараг цагаан сараар нэг ширхэг ч бууз идээгүй. Гэтэл тэмцээнд оролцохоосоо 14 хоногийн өмнө ханиад хүрчихсэн.

Тэр ханиаднаасаа болоод дэглэм алдагдаж, бие бага зэрэг хөөж, хавагнасан. Тэгээд тэмцээндээ бага зэрэг сэтгэл дундуур орж байлаа. Гэхдээ тэмцээнд оролцох мэдрэмж үнэхээр гоё. Надад маш өөр мэдрэмжийг төрүүлдэг. Бэлтгэлийнхээ туршид хэр их хичээсэн, тэвчсэн гэдгээ харуулж, шалгуулж байгаа мөч учраас маш гоё байдаг. Би хангалттай биш ч гэсэн, би чадлаа гэсэн мэдрэмжийг авдаг.

-Магадгүй уншигчдад сонирхож байгаа нэг асуулт байгаа байх гэж бодож байна. Та өөрийнхөө нэг жилийн өмнөх нэг өдөр болон одоогийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сонирхуулаач?

-Өмнө нь миний нэг өдөр маш эрт эхэлдэг байсан. Өглөө 5:40 цагт сэрээд өглөө, өдөр, оройн хоолоо бэлддэг. Бэлдсэнийхээ дараа фитнес дээрээ 7:00 цагт очоод бэлтгэлээ хийж, хоолоо идээд, шууд ажилдаа явдаг байсан. Харин ажлаа тараад гэртээ ирээд хоолоо идээд шууд л унтчихдаг байлаа.

Харин одоо 8-9 цагийн хооронд босоод, өглөөний цайгаа уугаад, гарч ажлуудаа амжуулдаг. Одоо бэлтгэл хийхгүй байгаа учраас бэлтгэлийн цаггүй байгаа. Ажлаа тарж ирээд оройн хоолоо хийж, иднэ. Хоол хийж байх явцдаа давхар хоолны бичлэгээ хийж, түүнийгээ эдитлээд, нийтлээд, унтдаг.

-Тэгэхээр цаашид ч мөн фитнесээ үргэлжлүүлнэ гэж ойлгож байна. Хажуугаар нь хоолныхоо рийлсийг хийх байх. Ер нь өөрийг тань дагадаг хүмүүст зориулж ямар нэг гэнэтийн бэлэг барих уу?

-Тийм шүү. Удахгүй тогтмол бэлтгэлээ хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл буцаад дэглэмдээ орох учраас тогтмол GYM-д явдаг хүмүүстээ зориулаад дэглэмтэй үеийн хоол, эрүүл хооллолтын видеонууд хийнэ гэж бодож байна. Түүнээс гадна дотроо бодсон өөр бичлэгийн санаанууд ч бий. Миний инстаграм болон Facebook хаягуудыг маань дагаад хүлээж байгаарай гэж хүмүүст хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Дөлгөөн

ВИДЕО: Хүүхэд хахах үед амны хөндийд торсон зүйлийг гараараа авах гэж оролдох нь буруу. Хүүхдийн амны хөндийн салстыг гэмтээх аюултай
ВИДЕО: Хүүхэд хахах үед амны хөндийд торсон зүйлийг гараараа авах гэж оролдох нь буруу. Хүүхдийн амны хөндийн салстыг гэмтээх аюултай
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.