Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Эдгээр байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Замын хөгжлийн газар, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, зэвсэгт хүчний анги байгууллага, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Сэлбэ голын зүүн тал, “Алтай” хотхоны орчмын нөхцөл байдлыг хяналтдаа аваад буй.
Үерт автсан айл өрхүүдээс Чингэлтэй дүүрэгт 50, Сүхбаатар дүүрэгт 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх Чингэлтэй дүүрэгт 100 орчим, Сүхбаатар дүүрэгт 17, Сонгинохайрхан дүүрэгт 20 байна.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S Outlets” 2009 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Батзориг Сэлбэ голын хамгаалалтын бүс дэх 288 ам метр газрыг автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар иргэн А.Амарсайханаас 15 жилийн хугацаатай шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар талбайн хэмжээг 1665 мкв, 2015 онд 2409 мкв болгож нэмж олгосон байна. Анх түр байрны зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж юм" гэлээ.