2025 оны арванхоёрдугаар сарын 2-нд Лондон хотод FIDIC гэрээ ашиглагчдын олон улсын шагнал гардуулах ёслол боллоо.
Энэ жилийн “Оны зөвлөх” номинацид Сэлбэ 20 минутын хот төслийн FIDIC, EPC гэрээнүүдийн зөвлөхөөр ажилласан М.Доржханд шалгарч, дэлхийн шилдгийн эгнээнд бичигдлээ.
Барилга, дэд бүтэц, инженерингийн салбарт хэрэглэгддэг хамгийн нэр хүндтэй гэрээний стандартын шагналд энэ жил дэлхийн олон орны мэргэжилтнүүд нэр дэвшиж, олон улсын шүүх, арбитрын алдартай эрхмүүд шүүгчээр ажиллажээ.
FIDIC-ийн Ерөнхийлөгч Альфредо Инглетти шагнал гардуулах ёслолын үеэр “Энэ бол зөвхөн мэргэжлийн амжилт төдийгүй салбарынхаа үнэ цэнэ, шударга ёс, чанарын стандартыг дэлхийд таниулах том хувь нэмэр” хэмээн онцоллоо.
FIDIC гэж юу вэ?
FIDIC нь 1913 онд байгуулагдсан инженер, барилгын салбарын олон улсын жишиг гэрээний стандарт боловсруулагч юм. Дэлхийн 100 гаруй оронд FIDIC гэрээний загваруудыг ашиглаж байна. Энэхүү гэрээ нь
• Эрх, үүрэг, хариуцлагыг талуудын хооронд шударга хуваарилдаг
• Маргааныг түргэн, ил тод шийдвэрлэх боломж олгодог
• Олон улсын банк, хөрөнгө оруулагчдын итгэлцлийн стандарт болдог давуу талтай.
Сүүлийн жилүүдэд манай улсад том хэмжээний дэд бүтэц, нийтийн хөгжлийн төслүүд FIDIC стандарт руу шилжиж байгаа бөгөөд энэ нь гэрээний ил тод байдал, төслийн удирдлагын сахилга бат, маргаан багатай зохион байгуулалтыг бий болгож байна.
2025 онд Улаанбаатар хотын захиргаанаас 24 Мега төслийг FIDIC-ээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг шат дараатай сургалтад хамруулсаар байна.
Сэлбэ 20 минутын хот төсөл нь Монгол Улсад FIDIC-ийг бодитоор хэрэгжүүлж буй хамгийн том жишээний нэг бөгөөд олон улсын итгэлцэлд нийцсэн гэрээний соёлыг нутагшуулахад чухал алхам хийж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!