Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Уг асуудалд түүний өмгөөлөгч О.Батсүх "Л.Чинбат нь морьтой хүнийг дайрч унагаагаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Тэр хүмүүс “Гацуурт” ХХК-ийн адууг дур мэдэн тууж явсан. Өчигдөр буюу 2023.06.14-ний өдөр “Гацуурт” ХХК өөрийнхөө адуунуудыг хашаа руугаа аваачиж хаших гэж байсан боловч үл таних хэсэг этгээд ирж Гацуурт ХХК-ийн ажилчдыг зодож танай адууг Сэлэнгийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй хэмээж, улмаар компанийн нэг ажилтны гарыг хүнд гэмтээж хугалсан" гэх мэдээллийг өгсөн
Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн "У"-аас тус аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт иргэн "Ч" гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гэж иргэдийг автомашинаар дайрах гэж оролдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийн гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.