Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судлаач Х.Номингэрэл: Эрх баригчид парламентад төлөөллийн тэгш байдлыг хангана гэсэн амлалтдаа хүрч чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 45 секунд

УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон анхны хэлэлцүүлгээр холимог системээр явагдах сонгуульд нэр дэвшигчдийн жендерийн квотыг 40 хувьд хүргэх агуулга дэмжигдсэн юм. Цаашид нийгмийн шаардлага болоод буй уг санал хэрхэн хадгалагдаж, батлагдах хэрэгтэй байгаа талаар бид судлаач Х.Номингэрэлтэй ярилцлаа.

- Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог системээр явуулдаг болох заалтыг баталсан. Үүнийг дагаад Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт хийгдэх гэж байна. Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулаад нэр дэвшигчдийн жендерийн квот 30 хувь байх уу, эсвэл 40 хувь байх уу гэдэг дээр талцаж эхэллээ. Судлаачийн хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын гишүүн орнуудын жендерийн эрх тэгш байдлыг бүхий л шатанд хангах гэрээгээр баталгаажсан амлалтуудын хүрээнд жендерийн тэгш байдлыг 50/50-д хүргэхээр зорьж байгаа. Сүүлийн 20, 21-р зуунд олон улсын парламентад гарч ирсэн ололт амжилтын туршлага гэж харах ёстой. Илүү олон төрлийн нийгмийн бүлгийн оролцоо хангагдсан. Тэр дундаа хүн ам хүйсээрээ хамгийн том хор бүлэгт хуваагддаг. Тиймээс хүйсийн ялгаатай байдлаараа бид амьдралын өөр өөр туршлага, замналаар амьдарч байна.

Хэдийгээр хүйс хамаарахгүйгээр ажиллаж хөдөлмөрлөх боломжууд олон байгаа ч гэсэн бодит байдал дээр эмэгтэйчүүд нь илүү ар гараа хариуцах, хүүхдээ асран халамжлах, гэх зэрэг баригдмал орон зайд ихэнхдээ уягдчихдаг. Дээр нь улс төрийн орчин мөнгөнөөс маш их хамааралтай болсон байгааг судалгаа харуулдаг. Энэ нөхцөлд эмэгтэйчүүд улс төрд орж эрэгтэйчүүдийн адил эрхээ эдэлж жендерийн төлөөлөл болж чадахгүй байгаа. Гарааны тэгш байдал байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй гэсэн үг.

Гэтэл нөгөө талд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо тэнцвэртэй байх тусам улс орны хөгжил илүү хурдтай, төрөөс гарч буй шийдвэрүүд илүү бодитой бөгөөд нийгмийн амьдралд нийцдэг. Цаашлаад өмнө нь орхигддог байсан асуудлууд ил гарч шийдэгддэг зэрэг маш олон үр дүнгүүд судалгаанаас гарч ирдэг. Бид нэгэнт Үндсэн хуулиа өөрчлөөд, сонгуулийн холимог тогтолцоог бий болгож байгаагийн хувьд энэ цаг үеийг ашиглаад судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, парламент дахь эмэгтэйчүүдийн лобби бүлэг нэгдээд парламентын түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг бий болгох ёстой гэсэн шаардлагыг тавьж шахаж байна.

"Жендерийн квотыг 30 хувь байлгах агуулга зөвхөн нэр дэвших гарааны тухай ойлголт"

-Хуулийн төсөлд нэр дэвшигчдийн 30 хувьд жендерийн квотыг тусгасан. Ингэхдээ жагсаалтаар бичигдэх 48 хүний 24 нь эмэгтэй байх агуулгыг төсөл санаачлагчид ярьж буй. Эндээс парламентад эмэгтэй төлөөлөл сонгогдох магадлал хэр байна гэж харж байгаа вэ? Мөн тойргуудын боломжийг хэрхэн анхаарч байна?

-Квотыг 30 хувь болгох нь хангалтгүй. Листэд 1/1 буюу эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжилж, жагсаах нь ахиц дэвшил мөн хэдий ч жагсаалтын квот тойргийн нэр дэвшигчидтэй харьцуулахад бага. Тэгэхээр бид Азид хамгийн бага үзүүлэлттэй байгаа 17 хувийн бодит үзүүлэлтээ нэмэгдүүлж ядаж парламент дээр багадаа 30 хувьд хүргэхийн тулд нэр дэвшилт 40 хувь ба түүнээс дээш байх хэрэгтэй. Энэ бол намуудад тавьж байгаа шаардлага болохоос сонгогчид саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдээс л сонголтоо хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл квотыг 30 хувьд хүргэх хуульд туссан агуулга нь зөвхөн гарааны асуудлыг л ярьж байгаа гэдгийг мартаж болохгүй юм.

Сонгогчдын дунд хийсэн олон судалгаанаас харахад нэр дэвшигчдийг адил тэнцүү оруулаад ирэхэд хүйс ялгалгүйгээр сонголтоо хийдэг хандлага нэмэгдсэн байсан.Үүнээс сонгогчдын мэдлэг, боловсрол сайжирч, улс орны хөгжил, нийгэмд юу хэрэгтэй байгаагаа илүү сайн ойлгодог болсонтой холбоотой. Одоо зөвхөн намууд “мөнгөтэй эсэх” гэсэн шалгуур тавьж байна. Үүнд маш олон эмэгтэйчүүд бүдэрдэг. Зөвхөн нэр дэвших мөнгө биш. Дөрвөн жилийн хугацаанд тойргоо хэрхэн усалж чадах тухай асуудлыг улс төрийн намууд шалгуураа болгосон байна. Тиймээс намуудын мөнгөний шалгуурын босгыг давдаг эмэгтэйчүүд бага учраас механик аргаар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж байж хараат бусаар сонгогдох боломж нь бүрдэх юм.

"Квотыг 40 хувьд хүргэж байж парламентад сонгогдох нөхцөл 30 орчим хувьтай хангагдана"

-Та сая яриандаа хөндлөө.30 хувийн босго бол зөвхөн нэр дэвших гарааны тухай асуудал гэж.Ер нь судалгаагаар авч үзвэл нэр дэвшилт 30 хувь байх тохиолдолд сонгогдох магадлал нь хэд болж буурахаар байгаа вэ? Энэ талаар судалж үзсэн үү?

-Өмнө нь 20 хувийн квот тогтоож ирсэн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг 20 хувьд барьж дэвшүүлнэ гэж хязгаарлаж ирсэн нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боломжийг хааж байгаа нэг хэлбэр юм. Сүүлийн 2 удаагийн парламентад 20 хувьд нэр дэвшүүлэхэд 17.1 хувь нь сонгогдсон байгаагаас харж болно. Энд нэг л суудал дутуу орж ирсэн гэсэн үг. Гэсэн ч парламентад цөөнх учраас шийдвэр гаргах түвшинд хүчгүйддэг болох нь тод харагдаж байгаа.

Мөн 2020 оны сонгуульд 10 орчим тойрогт эмэгтэй хүн дэвшээгүй. Үүнээс харахаар тойрог дээр улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгох боломжийг олгодоггүй. Тийм байж сонгогчид эмэгтэй хүнийг сонгохгүй. Сонгосон ч бага сонгогддог гэж улс төржүүлж ярьж болохгүй. Харин ч энэ байдал улс төрийн намуудын цэвэр хариуцлагын асуудал гэж хэлмээр байна.

Намууд өөрсдөө эмэгтэй нэр дэвшигчдээ бэлдэж, өрсөлдүүлэх хэрэгтэй. Тэгж байж бид том зургаараа улс орны хөгжлийг урагшлуулах боломжтой.

"Жагсаалтаар нэр дэвших 24 эмэгтэй төлөөллийн 20 нь сонгогдох магадлалтай"

-Жагсаалтаар нэр дэвших 24 эмэгтэй нэр дэвшигч бүгд сонгогдох магадлал бий юу? Үгүй бол ойролцоогоор хэд нь сонгогдох магадлалтай гэж харж байна вэ?

-Бүгд сонгогдох магадлал бараг байхгүй гэж хэлж болно. Гишүүдийн тоог 126 болгож байгаатай холбож үзэхээр нэг намаас 38 эмэгтэйг нэр дэвшүүлэх байх. Хэрвээ квотыг 30 хувь гэдэг дээр тогтчихвол шүү дээ.Үүнээс 24 нь жагсаал руу орно. Хоёр гол намыг ойролцоогоор 40 хувьтай иргэдээс санал авна гэж үзвэл нэг намаас нь 18-19 эмэгтэй жагсаалтаас гарч ирэх байх. Үүний араас бусад намын саналын хуудаст дээгүүр бичигдсэн эмэгтэйчүүдээс нэмэгдлээ гэхэд жагсаалтаас хамгийн ихдээ 20 эмэгтэй л сонгогдоно. Үлдсэн 18 эмэгтэй нэр дэвшигч тойргуудад дэвшинэ. Тойргоос хамгийн ихдээ 7 эмэгтэй л сонгогдох болов уу. Ингэж тооцоолбол шинээр бүрдэх парламентад 126 төлөөлөл сонгогдохоос ердөө 27 орчим нь л эмэгтэй төлөөлөл багтана. Хувьчилж үзэхэд 21 орчим хувь л гэсэн үг. Одоогийнхоос ялгаагүй л нөхцөл байдал үүснэ.

Гэтэл парламентад суудалтай намууд, тэр тусмаа эрх баригч нам парламентад төлөөллийг зарчмыг хангана гэж амлачхаад бодит байдал дээр 17-21 хувийг хангачих юм бол үүнийг амлалт, улс төрийн бодлого гэж авч үзэх ёсгүй. Иймд бид эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоог хангахын тулд нэр дэвших квотыг 40 хувьд ядаж хүргэж байж суудлыг тоог 30 хувьд хүргэх боломж бүрдэнэ. Угтаа эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд 30 хувьд хүргэсэн ч хангалттай үр дүн болж чадахгүй болов уу.

Ярилцсанд баярлалаа

Ж.Ганбат: Зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан хэдий ч ЭТТ ХК экспортын хэмжээгээ бууруулахгүйгээр 11 сая тонн нүүрс борлууллаа
Ж.Ганбат: Зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан хэдий ч ЭТТ ХК экспортын хэмжээгээ бууруулахгүйгээр 11 сая тонн нүүрс борлууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.