Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замд олон нийтийн хяналт оруулна оруулахаа мэдэгдээд буй. Хяналтын хүрээнд тэрбээр өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна.
Тодруулбал, тэрбээр "Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй эхний 5 багц замын ажлын эхний урсгалын хучилтын ажил үндсэндээ дууссан. Одоо хайс, хашлагын ажлууд явж байна. ЗТХЯ-ны өгсөн мэдээллээр эхний урсгалын нийт ажлын гүйцэтгэл 76% -д хүрчээ. Харин сүүлд эхэлсэн Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилттэй 5 багц хоёр дахь урсгалын ажлын нийт гүйцэтгэл 52.8%, хоцрогдол 10.7% байна.
Зам дээр өнөөдрийн байдлаар нийт 484 хүн, 316 техник ажиллаж, карьерийн нөхөн сэргээлт, уулзвар гарцын координат хэмжилт, хөдөлгөөн тусгаарлах шон, замын хашлага цутгалт, явган замын хавтан, туузан хашлага, суурийн цутгалт, далан ухмал шуудуу татах, тэгшилгээ нягтруулалтын ажлууд голчлон хийж байна.Мөн чулуу бутлуур болон бетон үйлдвэрүүд ажиллаж, битум цацлага, асфальт хучилтын ажлууд хийгдэж байгааг талбайд ажиллаж байгаа инженерүүд тайлбарлав.
Сүүлийн 5-6 жил багагүй хэл ам болж, энэ замыг хийж байгаа компаниуд хоёр урсгалаа үргэлжлүүлэн хийж байгаа тул өмнөх алдаа оноо, туршлагадаа суурилаад графикт хугацаандаа замаа дуусгана гэж найдаж байгаа. Яамны удирдлага, бүтэц ч бас өөрчлөгдсөн тул арай өөр менежментээр явах биз" хэмээжээ.
Дашрамд сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2023 оны 10 сар хүртэл хойшлоод байгаа билээ. Он дамжин үргэлжилж буй тус бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд өгсөн байдаг.