Бага насны хүүхдийг нь бөмбөгөөр санаандгүй оносны төлөө өсвөр насны хүүг зодсон нэгэн залуугийн бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг үйлдлийг гаргасан эрэгтэйг олж илрүүлсэн бөгөөд СБД-ийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай "Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17.55 минутад цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед гэмтэл учруулж зодсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 14 настай Т нь үрлэн сумтай буугаар буудаж тоглож байгаад гурван настай хүүгийн толгой хэсэгт санамсаргүй оносон гэх шалтгаанаар гурван настай хүүгийн аав 14 настай хүүгийн биед халдаж зодсон байна. Зодуулсан хүүгийн гэмтлийг тодорхойлуулахаар шинжээч томилсон" гэлээ.