Өнгөрсөн амралтын өдрүүдэд Жуковын хөшөөний урд ОХУ-ыг дэмжсэн жагсаал болсон. Уг жагсаалыг БХЯ дэмжсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа.
-ОХУ-ыг дэмжсэн жагсаалыг БХЯ дэмжсэн гэх мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Олон нийтийн байгууллагын төлөөллөөс тавдугаар сарын 4-ний өдөр дайнд амь үрэгдсэн баатруудын алдрыг мөнхжүүлэх зорилготойгоор жагсаал зохион байгуулах хүсэлтийг БХЯ-нд ирүүлсэн. Хүсэлтдээ хүн хүч, хөгжим зэргээр хангаж өгөөч гэсэн. Дайн байлдаан үргэлжилж байгаа энэ үед бид олон нийттэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэж үзээд оролцоогүй. Энэ арга хэмжээнд БХЯ, Засгийн газрын зүгээс оролцоогүй.
Харин тавдугаар сарын 7-ны өдөр "Новоросия Андууд" гэдэг Монгол дахь олон нийтийн сайн дурын байгууллага жагсаал зохион байгуулсан. Ингэхдээ Офицеруудын ордонд хүмүүсээ цуглуулсан байна лээ. Жагсаалд олон нийтийн байгууллагыг дэмждэг, бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахлагч нар цөөн тоогоор оролцсон. Энэ нь сошиалаар олон түмэнд хүрсэн. Энэ нь төрийн байгууллага, төрийн албан хаагчид биш. Олон нийтийн байгууллагад гишүүнчлэлтэй цэргийн зарим албан хаагч нар оролцсон үйл ажиллагаа байсан юм.
Нөгөө талаасаа бид аливаа асуудлыг туйлшруулах, талцал хуваагдах үүсгэх, хэт нэг талыг барих нь эмзэг. Ялангуяа гадаад харилцааны нөхцөл байдал, аюулгүй байдлын сорилт амаргүй байгаа энэ цаг үед ард иргэд энэ асуудалд ухамсартай, болгоомжтой, мэдрэмжтэй хандах нь чухал.
Олны танил, нэр бүхий хүмүүс энэ асуудалд БХЯ оролцож байгаа мэтээр барьцгүй, худал мэдээлж байгаа нь зохимжгүй. Ер нь тавдугаар сарын 9 дөхөөд ирэхээр иймэрхүү худал, янз бүрийн мэдээлэл гардаг.
Яам бол ялалтын баяртай холбоотой асуудалд дипломат харилцааныхаа бодлогыг л баримтална.
-Гол нь зэвсэгт хүчний үлээвэр хөгжмийн баг оролцсон нь иргэдэд хардлага төрүүлээд байна?
-Төрийн байгууллагын хөгжмийн баг оролцоогүй. Хувь хөгжимтэй, цэргийн хувцастай үлээвэр хөгжимтэй хүмүүс байсан.