Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: Тоо, тогтолцоо, хүний эрх, хот гэсэн дөрвөн үндсэн агуулгатай төслийг өчигдөр Ерөнхий сайдад танилцуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 10 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Улс төрийн хүрээний хамгийн сонирхолтой сэдэв ойрын өдрүүдэд ҮХНӨ байх болно. Эрх баригчид ҮХНӨ-ийг хийх нь нэгэнт ойлгомжтой болсон талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэсэн билээ. Тэгвэл ҮХНӨ-ийн төслийн сүүлийн хувилбараа Ерөнхий сайдад өчигдөр танилцуулж, эцсийн байдлаар чиглэл авсан талаар эх сурвалж мэдээллээ.

ҮХНӨ-ийн төслийг ойрын өдрүүдэд өргөн барих төлөвтэй байгаа юм. Тэгвэл ҮХНӨ-өөр зөвхөн гишүүдийн тоо болон тогтолцооны асуудлыг хөндөхөөс гадна ҮХЦ дээр хүний эрхийн асуудлыг авч үздэг байх, хоттой холбоотой гэх зэрэг дараах дөрвөн чиглэлээр төслөө боловсруулжээ. Үүнд:

НЭГ, Дээд шүүхийн шийдвэр хүний эрх зөрчсөн гэж үзвэл ҮХЦ-д хандаж, Цэц хүний эрхийн "шүүх" болно

Өмнө нь яригдаж байсанчлан хүний эрхтэй холбоотой зүйл заалтыг оруулж ирнэ. Дээд шүүх хүртэл явсан хэрэг маргааныг хүний эрх зөрчсөн гэж үзвэл Дээд шүүхээс гаргасан эцсийн шийдвэр дээр иргэн гомдол, мэдээлэл Цэцэд гаргах эрхтэй болно. Ингэснээр ҮХЦ нь зөвхөн Үндсэн хуулийн биелэлт дээр хяналт тавих бус хүний эрхийг хамгаалах үүрэгтэй болно гэсэн үг юм.

ХОЁР, Хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд гаргана

ҮХНӨ-ийн төсөлд тусгагдсан хоёр дахь заалт нь хоттой холбоотой асуудал аж. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах чиглэлээр хотын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, илүү тодорхой болгож засаг захиргааны нэгжийг нарийвчилж өгөх аж. Ингэснээр Улаанбаатар төдийгүй бусад хотуудын эрх зүйн байдал нэмэгдэж, төвлөрөл буурах аж.

ГУРАВ, Хяналт тэнцлийг хангаж, хулгайчгүй тогтолцоог бий болгоно

Өнгөрсөн өдрүүдэд хамгийн ихээр яригдсан зүйл болох гишүүдийн тоог нэмэх асуудлаа Засгийн газраас ийнхүү томьёолжээ. УИХ, Засгийн газар хоорондын хяналт тэнцэл алдагдаж, нийгмийн бүлгүүдийн парламент дахь төлөөлөл хангагдахгүй байгаагаас өнөөдрийн энэ хулгай, хууль бус үйлдэл, алдаа завхралууд үүдэж буй хэмээн дүгнэж болно. Тиймээс гишүүдийн тоог Засгийн газраас 76+76 хэмээн нэмэх саналтайгаар төслөө боловсруулсан байна. Жагсаалтаар орж ирэх гишүүний тоог 76 байлгаснаар газар нутаг, нийгмийн бүлгүүд, эмэгтэйчүүдийн төлөөллүүд хангалттай хэмжээнд парламентад бүрдэнэ. Ингэснээр нөхцөлд парламентын хүлээн зөвшөөрөгдөх байдал нэмэгдэнэ. Мөн парламентаас гарч буй хуулиудын чанарт ч сайнаар нөлөөлөх юм. Мөн төрд итгэх иргэдийн итгэл алдарч, эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс байгалийн баялаг, төрийн мөнгийг тоноод байгаа үйлдэл арилах боломж бүрдэх гэнэ. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн зүгээс 152 гэдэг тоог дэмжих үү гэдэг сонирхолтой хэвээрээ байна. Магадгүй 100-120 дотор багтааж гишүүдийн тоогоо нэмэх байх.

ДӨРӨВ, Сонгуулийн тогтолцоог тусгана

Эрх барьж буй нам нь дараагийн сонгуулийн өмнө өөрсдөө ялах боломжтой байдлаар сонгуулийн хуулиа өөрчилдөг. Өөрт ашигтай сонгуулийн тогтолцоог сонгож авдаг. Дөрвөн жил тутам сонгуулийн хуулиа өөрчилж тогтворгүй байдалд хүргэсээр 30 жилийг үдлээ. Тэгвэл ҮХНӨ-ийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг агуулгыг тусгах гэнэ. Ингэснээр нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоо маш ойлгомжтой болно. Хоёрдугаарт, нэг тогтолцоог цаашдаа тогтмол ашиглана гэсэн үг. Пропорционал элемент орж ирснээр төсөв “эрүүлжих”, улс оронд нэн шаардлагатай байгаа том төслүүдийг урагшлуулах, төлөөлөл хангагдах зэрэг олон ач холбогдолтой.

Г.Лхагвадорж

Б.Атарболд: “Намайг аваад үлдээч“ кино гарсны дараа түүнийг эхнэрээ болгоод аваад үлдчихсэн дээ
Б.Атарболд: “Намайг аваад үлдээч“ кино гарсны дараа түүнийг эхнэрээ болгоод аваад үлдчихсэн дээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.