УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч А.Галбадрахтай ярилцлаа.
- Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Намайг Аханбаярын Галбадрах гэдэг. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч байна. Хан-Уул дүүргийн 52-р сургууль, ОХУ-ын Донийн Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэй.
- Энэ удаагийн сонгууль их онцлогтой болж байна. Сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ?
Сайн найруулсан холливуудын муухан киноноос илүү зохиомж, уран тансаг үг, фото зурагтай самбар, хэзээ ч биелүүлдэггүй мөрийн хөтөлбөр, өөр шиг нь сайн хүн байхгүй гэх жүжиг, төрөл бүрийн тараах зүйлс зэргээс ажвал мөнгө хүчтэй юу эсэвл зорилго өөрчлөлт чухал уу гэдэг тод томруун харагдаж байгаа юм.
- Сурталчилгаа болоод бусад бэлтгэл ажлынхаа талаар сонирхуулвал?
Сонгогчидтой биечлэн уулзахын сацуу гар утас, сошиал медиагаар холбогдож санал бодлоо солилцож байна. Сонгуулийн сурталчилгаагаа аль болох шинэлэг байдлаар хийхийг эрмэлзэж байна. Бусад нэр дэвшигчдийн дунд тогтсон бичигдээгүй хуулийг эвдэж нэг ч ширхэг “А самбар”-ыг тойрогтоо байрлуулаагүй.
- Сонгогчдодоо танигдахад энэ самбар хэрэг болохгүй гэж үү?
Энэ зүйл заавал байх ёстой юм шиг иргэдийн сэтгэлгээнд суучхаад байна л даа. Намайг бага байхад л энэ самбарыг сонгууль болохоор дэлгээд тавьчихдаг байв. Тэр үеэс хойш би гэдэг хүн эрийн цээнд хүрлээ, өч төчнөөн цаг хугацаа өнгөрлөө. Яагаад энэ мэт хэвшмэл ойлголт одоог хүртэл өөрчлөгдөхгүй байгаа юм. Залуучууд бид л үүнийг эвдэж, нийгмийг өөрчлөх ёстой. Сонгуулийн сурталчилгааны цөөхөн хэд хоногт өөрийн сурталчлах тийм ч чухал биш харин ийм сэтгэлгээтэй хүмүүс хүч түрэн гарч ирж байгаа шүү гэдгийг л харуулах чухал гэж ойлгож болно.
- Ухуулах багт нь хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
Найз нөхөд, танилууд, шавь нар туслаж байна. Ямар нэгэн цалин хөлс амлалгүйгээр зөвхөн тэдгээр хүмүүс өөрсдийн сэтгэлээрээ, сайн дураараа ажиллаж байгаа гэж хэлж болно.
- Яагаад энэ удаагийн сонгуульд өрсөлдөх болсон бэ? Улс төрд орох болсон гол хөшүүрэг юу байв?
Улсын Их Хуралд нийгмийн бүх төлөөлөл байх ёстой. Хамгийн гол нь залуучуудыг төлөөлөх залуу үеийнхэн байх хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан дуу хоолойгоо хүргэх, сонгох, сонгогдох эрхээ хүн бүр эдлэх хэрэгтэй. Тиймээс залуу үеийнхэн улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлж, зоригтой шийдвэрийг гаргахад оролцох хэрэгтэй. Одоо ингээд сүүлийн үеийн технологийн чиг хандлага зэргийг ажиглавал хөгжлийг технологи удирдаж байна. Технологийн хөгжилд залуучууд, шинэ үеийнхэн илүү даацтай манлайлна гэж миний бие харж байна. Тиймээс миний улс төрд орж буй гол утга учир, зорилго бол Монгол Улсын технологийн хөгжлийг олон улсад ойртуулах явдал юм.
Бидэнд манлайлал үгүйлэгдэж байна. Монгол Улсад эдийн засгийн нөөц байна. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг томоохон зах зээл байна. Оюуны өндөр чадвартай залуус, иргэд байна. Гэвч удирдаад аваад явах, шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг. Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид үүнийг хийж чадахгүй байна. Хатуухан хэлэхэд өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед биднийг авч явж чадахгүй. Тийм учраас улс төрд орж ирж байна.
- Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй мөрийн хөтөлбөрийн тань гол онцлог нь юу вэ?
Энэ удаагийн сонгуульд “Монгол Улсаа хөгжүүлье” уриатай Монгол Улсын язгуур эрх ашиг, ард иргэдээ дээдэлсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөртэйгээр өрсөлдөж байна.
Мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй гол зүйл бол “Тэгш бус байдлыг арилгах”. Ядуурлын түвшин нэлээдгүй өндөр хувьтай байна. Эдийн засгийн хүндрэл даамжирвал дундаж давхаргын айл өрхүүд ядуурлын эгнээнд ч орох эрсдэлтэй байна. Тиймээс ядуурлын түвшинг бууруулж, боловсролын системийг сайжруулах, шинэчлэх зүйлс мөрийн хөтөлбөрт маань туссан.
1.4. Ядуурлын түвшинг бууруулна.
1.4.1 Бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх бүтээлч санаачлагыг дэмжиж, бичил, жижиг, дунд бизнесийг санхүү болон мэдлэг түгээх, сургалтаар дэмжих хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллана.
1.4.2 Ядуурлын түвшиг тасралтгүй бууруулах цогц хөтөлбөрийг шинэчлэн хэрэгжүүлнэ.
УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч А.Галбадрахын мөрийн хөтөлбөрөөс…
- УИХ-ын 29-р тойргийг сонгогчид “үхлийн тойрог” гэж нэрлээд байна. Яагаад энэ тойргийг сонгох болов?
Дээр дурдсанчлан миний бие Хан-Уул дүүргийн 52-р сургуулийг дүүргэж, тус дүүрэгт бага насаа өнгөрөөсөн. Үүний сацуу энэ тойрогт УИХ-ын сонгуульд хэд хэдэн удаа саналаа өгсөн. Харамсалтай нь нэр дэвшихдээ ярьж байсан сайхан үгтэй амлалт, мөрийн хөтөлбөрүүд биелээгүй, хэрэгжээгүй. Сайхан амлалтууд яриад л сонгогдоод байдаг. Тиймээс бид үүнийг өөрчилж, биелүүлэхийн төлөө орж болохгүй гэж бодсон учраас л дээрх шийдвэрийг гаргалаа.
- Та сонгуульд өрсөлдөхдөө аль нэг нам, эвслэээс нэр дэвшиж болох байсан? Ямар шалтгаанаар бие даан нэр дэвших шийдвэрийг гаргасан бэ?
Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой, хөгжлийн бодлоготой, бодлогын нам шиг ажиллаж чадаж байсан бол намаас нэр дэвших бололцоо байсан. Харамсалтай нь өнөөдөр манай улсад намууд хувийн компани шиг л ажиллаж байна.
Тиймээс ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт нэгдэлгүйгээр, цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэл дүүрэн сонгуульд нэр дэвшиж байна. Аль нэг намд 100 сая төгрөг төлөөд сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид сонгуульдаа тэрбум, тэрбумаар нь зарцуулаад гарч ирж байна. Тэдгээр хүмүүс түүнийгээ буцааж, хэд дахин нугалж олохын төлөө л ажиллах нь дамжиггүй. Тэгэхээр иргэд, сонгогчид нэр цэвэр улс төрийг хүсч байна. Мөнгөний эсрэг зорилго, эрч хүч, сэтгэл гэдгийг уншигч та дахин нэг удаа тунгаана биз.
Өндөр хөгжилтэй улс орнуудыг ажиглахад хүчтэй төр, төрийн тогтолцоотойгоор явдаг юм байна. Япон, Солонгос, Герман гэх мэт улсын жишээнээс ч харж болно. Харин өнөөдөр Монголд юу тулгараад байна вэ гэхээр төр нь жижигрээд, улс төрийн намууд нь түүнээс нь хэд дахин томорчихсон байна. Ирээдүйд харин яах ёстой вэ гэхээр төр хөгжлийн бодлогоороо хүчтэй төлөвлөлт хийгээд төр нь томорч, илүү чадавхжих ёстой. Хүчтэй төртэй байснаар залгамж чанар, ой санамжтай төрийг бүрдүүлнэ. Тэгэхээр улс төрийн нэг нам орж ирээд савлуулаад байхгүй нь байна.
Ялангуяа манай либерал үзэлтнүүд сүүлийн 30 жилийн хугацаанд төр ямар хэрэгтэй юм бэ гэж сурталчилсан. Төр гэдэг зүлйийн цаана Монгол Улс оршин тогтнож байна. Хэн дуртай нь гарч ирээд төрийн албан хаагчдыг халж, сэлгээд байхгүй нь байна. Бусад улс, орнуудад яадаг вэ гэхээр төр нь илүү хүчтэй байж, зөвхөн дээр байгаа сайд, дарга нар нь халаа сэлгэдэг. Төр бол байдгаараа л байна. Төр тогтворгүй байвал бизнес тогтворгүй, бизнес тогтворгүй учраас эдийн засаг замбараагүй байх л нөхцөл бүрдэнэ.
- Бие даан нэр дэвшигчид тойргийн иргэдээс гарын үсэг цуглаадаг. Энэ үеэр хэчнээн гарын үсэг цугларав?
1800 гаруй сонгогчдын гарын үсгийг цуглаасан. Хоёр нам байгуулах хэмжээний гарын үсэг гэж хэлж болно. Энэ бол яг иргэд, сонгогчидтойгоо уулзаад цуглаасан гарын үсгийн тоо юм.
- Та УИХ-ын гишүүнээр сонгогдвол ямар нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх вэ? Юу таныг ихээр бухимдуулж байна?
Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд, Монгол Улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад, орлого багатайд нь хувиарилдаг системд орох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, боломж муутай амьдарч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм.
Аль, аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг. Ингэж байж тэгш бус байдал арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг хамтын, шинэ, нийтийн гэсэн томьёонд орж байна. Бодлогууд нь ганцаараа та идэхгүй шүү, хувааж иднэ гээд байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ талруу орсон. Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна гэхээр GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг тэрний 35 хувь гээд үзээд байгаа. Үүнээс ч их байх магадлал өндөр. Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой. Баян, хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өргөтгөх, орлогыг нэмэгдүүлэх ёстой.
- Коронавирусний халдварын улмаас Монгол Улс төдийгүй дэлхийн эдийн засаг хүнд нөхцөлд байна. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад шинэ парламент, Засгийн газрын оролцоо их байх нь гарцаагүй. Та сонгогдвол энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
Дэлхийн улс орнууд аль болох илүүц зардлаас зайлсхийж байгаа энэ үед хотоороо дүүрэн хэдэн зуу, мянган ширхэг ямар ч үр өгөөжгүй самбар дэлгээд, үргүй зардал гаргаад сууж байгаа улс хэд бол. Ийм эрх зүйн орчинг бүрдүүлж буй тогтолцоо, хуучин системийг л шинэчлэх хэрэгтэй байна. Бусад үлгэр дуурайл болох улсуудаас суралцах хэрэгтэй байна. Энгийн зүйлсээс л их зүйл өөрчлөгддөг шүү дээ.
Коронавирусний нөлөө, шокноос дэлхий дахин гараагүй явж байна. Нөлөөллий одоогоор тооцоолох боломжгүй. Тиймээс яг ингэнэ, тэгнэ гээд хэлчихдэг зүйл биш. Нөлөөлөл гарах нь бол ойлгомжтой. Эдийн засаг хүндрэнэ, хямрана.
Гагцхүү үүнээс сэргийлэх дорвитой арга хэмжээг авах ёстой. Жишээ нь, экспортоо нэмэгдүүлэх, төсвөө дахин хянах гэх мэт. Зуны улирал болж байгаатай холбогдуулан дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага, холбоодыг дэмжиж, үндэсний үйлдвэрүүд, ЖДҮ-чдийг бодлогоор дэмжих шаардлага бий болоод байна. Коронавирусний хямралаас гарах эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Үүнд төрийн оролцоо асар их.
Ирж байгаа хямралын бид бүхэн даван дуулах ёстой. Гэхдээ иргэдээ хохиролгүйгээр даван дуулан хэрэгтэй. Үүнээс цааш нийгмийн баримжаат эдийн засгийг хөгжүүлэх ёстой. Тэгш бус байдлыг арилгаж, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, эмзэг бүлгээ тэтгэх хэрэгтэй юм.
- Залуусын дуу хоолой, орон зай Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлөх гарц, боломж байна уу?
-Үүнийг өөрчлөхийн төлөө залуучууд бид зориглох ёстой. Энэ чигээрээ чимээгүй явсаар л байвал манай улс хэдхэн жилийн дараа нийгмийн гарал үүслийн хувьд баян хүн л баян байдаг, ядуу хүн л ядуугаараа дуусдаг Энэтхэгийн кастийн системд ороход бэлэн болсон байна. Улс төрийн шийдвэр, бодлого боловсруулахад дундаж зууны үеийн хаанчлах ёс, феодализмын үеийн систем сэргэх нөхцлүүд бүрдэж байна. Зөвхөн баян хүмүүс нь улс төрд байдаг, тэр дээд зиндааныхан л бүхнийг шийддэг. Өөр бусад хүнийг оруулдаггүй. Бид үүнээс сэргийлэх ёстой, бодит ардчилал хөгжих ёстой.
Яагаад вэ гэхээр мэдлэг, чадвар гэдэг чинь ганцхан мөнгөтэй баян хүнд л заяадаг зүйл биш байхгүй юу. Хүний байгалиас авьяас чадвар гэж байдаг юм шүү. Хаа нэгэн газар байгаа ядуу гэр бүлд сод авьяас байж л байдаг. Тэр бүгдийг бид нар хэрэгжүүлээ , Монголд төрсөн хүүхэд болгоныг хөгжүүлээд жинхэнэ авьяасыг гаргаж ирдэг тэр системийг буй болгохгүйгээр бид цаашаа хөгжил гэж яриад хэрэггүй. Тийм учраас залуу үе хэрэгтэй.
Өнөөдөр зүгээр хөрөнгө мөнгөнд дулдуйдсан, хөрөнгө мөнгөний төлөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа ийм улс төр хэрэггүй. Бидэнд улс орныхоо хөгжлийн төлөө явж байгаа , технологийг ойлгодог залуу үе хэрэгтэй. Ирээдүй бол квантум эдийн засаг руу явж байна. Тэгэхэд бид одооноос эхэлж бэлдэхгүй бол хэзээ иргэдээ бэлдэх юм. Түүнийг хийж бүтээхийн тулд улс төрд залуу үе орж ирж, энийгээ хөгжүүлэх сууриа тавина.
Монголчууд бид юмыг алгасах дуртай. Манай улсад маш сайн малын эмч, чадвартай эрүүл мэндийн салбарынхан, IT салбарын чадварлаг залуучууд, инженерүүд, багш нар байна. Гол нь юу вэ гэхээр чиглүүлэг дутаж байна. Эдгээр хүмүүсийн цалин хангамжийг сайжруулж, ажиллах таатай орчноор хангахад л квантум эдийн засгийг дороо л хийнэ. Тэр олон оюуны өмчийг нэг цэг дээр авчрах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn