Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар хоббигоо хөгжүүлж, орлогоо нэмэгдлүүлсэн "Studio art DECO" урлангийн хөдөлмөрч бүсгүйчүүдийг UBN сайт онцолж байна.
Б.Нямгарам, Ж.Түмэнжаргал нар ШУТИС-ийг төгссөн мэргэжлийн Архитекторууд. Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар хувийн урлангаа байгуулж, өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн импортыг орлох ганган чамин гацуурын тоглоомыг эх орондоо урлаж эхэлжээ. Анх захиалга багатай, хийсэн тоглоомуудаа борлуулж чадахгүй нь гэх айдастай нүүр тулж байсан бүсгүйчүүд сар хүрэхгүй хугацаанд урласан бүтээлүүдээрээ танигдаж, олон захиалагчтай болжээ.
Шинэ жилийн захиалгуудаа дуусгаад ханын цаг, кофены ширээ гэх мэт бүтээлүүддээ төвлөрөхөөр төлөвлөсөн байна.
"Studio art DECO" урлан үүсгэн байгуулсан Б.Нямгарам, Ж.Түмэнжаргал нар оюутны ширээнээс нөхөрлөжээ. 2-уулаа гар урлалд дуртай учраас хамтарч бүтээл хийх мөрөөдөлтэй байсан учраас урт хугацааны турш маш их судалгаа хийсэн байна. Эцэст энэ төрөлд дурлаж, мөрөөдлөө биелүүлэхээр ОХУ-ыг зорьж суралцсан байна. Орос хэлгүй хэдий ч сурах эрмэлзлэл их байсан учраас маш их хичээсэн. Хурдан ч сурсан гэлээ.
АНХ ОЙР ДОТНЫХ НЬ ХҮМҮҮС ГАЙХАЖ ХЭН АВДАГ ЮМ ХЭМЭЭН ҮГҮЙСГЭЖ БАЙСАН Ч ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮДИЙГ НЬ ХАРААД БОДОЛ ӨӨРЧЛӨГДЖЭЭ
Анх HOME DECOR хийхээр төлөвлөж байсан ОХУ-д байхдаа багш нарынхаа хийсэн гарцуурын тоглоомыг хараад өөрсдөө хийж, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэвэл гоё гэх бодол тээсэн нь өнөөдөр биелэлээ олж хөдөлмөрч бүсгүйчүүдийн хийсэн тоглоом бусдын харцыг булааж байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн тоглоомоо үйлдвэрлэсэн. Анх ойр дотных нь хүмүүс гайхаж хэн авдаг юм хэмээн үгүйсгэж байсан ч хийсэн бүтээлүүдийг нь хараад бодол өөрчлөгдөж, маш ихээр дэмжих болсон гэдгийг тэд онцлов.
Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг учраас захиалга ихтэй үед шөнө ч хамаагүй ажилладаг байна. 100 хувь гар урлалын бүтээл болохоор ажиллагаа ихтэй нэг багц тоглоомыг гаргах гэж 24-48 цаг болдог. Б.Нямгарам, Ж.Түмэнжаргал нар 20 жил нөхөрлөсөн учраас маш сайн ойлголцдог. Тэр ч утгаараа нэг нэгнийхээ дутууг нөхөж чаддаг төгс хамтрагчид.
ӨӨРСДИЙНХ НЬ БҮТЭЭЛ АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТ ГЯЛАЛЗАЖ, БЯЦХАН ҮРСИЙН СЭТГЭЛД ГЭГЭЭ ТАТУУЛАХЫГ ХАРАХ ТЭДНИЙ ЧИН ХҮСЭЛ УЧРААС АШИГ БАГАТАЙ Ч ХЯМДХАН БОРЛУУЛАХЫГ ХҮССЭН
Тэднийхтэй адилхан бүтээлүүд гаднын зах зээлд өндөр үнэтэй борлуулагддаг. Яг адилхан материал, арга техникээр хийгддэг ч Studio art DECO-гийнх 2-3 дахин хямдхан. Ажиллагаа ихтэй, хугацаа их шаарддаг ч өндөр үнэ хэлэхийг тэд хүсээгүй. Учир нь өөрсдийнх нь бүтээл айл бүрийн хойморт гялалзаж, бяцхан үрсийн сэтгэлд гэгээ татуулахыг харах тэдний чин хүсэл.
Тийм ч учраас зөвхөн боломжтой хүмүүс биш хүссэн хүн бүр худалдаж авдаг байхыг тэд хүсдэг. Тухайлбал, жижиг тоглоом нь нэг ширхэгийн үнэ 2500 төгрөг бол том нь 15 мянган төгрөг. Багцаар нь буюу олноор нь авах тусам үнэ нь хямдарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!