М.Энхболдыг огцруулахдаа хэлсэн үгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх давтан хэлж, хамтарсан ЗГ-аас намуудыг гарах агуулгыг хөндлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 7 секунд

Улс төрд санаандгүй юм гэж ердөөсөө байдаггүй. Бүгд зурсан зураг, тохирсон зүйлийн дагуу л явдаг. Утааны шат дараалсан акц, жагсаал, хэвлэлийн өнцгүүд бүгд уялдаа холбоотой. Өчигдрийн Ерөнхийлөгчийн ээлжит загналт ч гэсэн болох ёстой зүйлсийн нэг л байв. Утааны асуудлаар дарга нарыг дуудаад ширүүхэн хэдэн үг хэлэхийн хажуугаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн утга агуулгатай багагүй зүйлсийг хэллээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн институтээс бэлтгэж цацсан гурван минутын бичлэгийн үг хэллэг, утга найруулга, эвлүүлэг, зураг авалт гээд бүх зүйл нь бүхэлдээ улс төрийн утга агуулгыг тээж байна.

Нэг, Ерөнхий сайдын ирээгүйд ихээхэн учир бий

Хамгийн эхний том асуулт бол Ерөнхий сайд яагаад Ерөнхийлөгчийн дуудсан уулзалтад ирсэнгүй вэ. Үнэхээр боломжгүй байсан уу. Эсвэл Ерөнхийлөгчөөс айчихсан уу. Аль эсвэл дургүйцэж, эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна уу гэдэг юм. Аль нь ч байсан Ерөнхий сайд өчигдөр ирээгүйд ихээхэн учир бий. Парламентын засаглал, гүйцэтгэх засаглал бүхэлдээ Ерөнхийлөгчид “бөхийж” байхад ганцхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсонгүй. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхий сайдыг дуудсан” гэдгийг онцолж байсан. Араас нь Ерөнхийлөгчийн бичлэг задрахад хамгийн эхэнд нь “Ерөнхий сайдыг хүндэтгэх шалтгаантай байсан учраас ирж амжаагүй байна. Уг нь Ерөнхий сайд байлцсан бол зүгээр байх байсан юм” гэж эхлүүлэв. Энэ бол Ерөнхий сайдыг ирээгүй гэдгийг онцолж буйн илрэл. Ерөнхийлөгч гэнэт нэг өглөө сэрээд бүх дарга нарыг цуглуулах талаар сэтгээгүй л байх. Тиймээс хаана ч байсан ирэх хугацаа түүнд байсан уу, үгүй юу. Магадгүй иртэл нь хүлээх боломж байсан уу гэдэг дараагийн асуулт хариулт нэхэх учиртай. Хэрвээ дургүйцэж, эсэргүүцэл үзүүлсэн бол яах вэ.

Ерөнхий сайдаас гадна Улаанбаатар Хотын дарга Х.Нямбаатар уулзалтад байсангүй. Түүний хувьд гадаадад томилолттой байгаа гэх мэдээлэл байна. Ерөнхий сайд, Хотын дарга хоёр хаачив. Яагаад энэ хоёрын эзгүйд Ерөнхийлөгч хүмүүс дуудаж чангарав. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд жилийн өмнө татан буулгасан асуудалд Ерөнхийлөгч хамгийн их игзаарлав гэдэг сонирхолтой.

ХОЁР, Ерөнхийлөгч өөрийн гараар хамтарсан засагт “НАЙРААНЫ ЗАСГИЙН ГАЗАР” гэдэг хамгийн муухай хоч зүүж өгөв

Үе үеийн Засгийн газрууд өөрсдөдөө нэг нэр өгдөг. Үүнийг нь олон нийт хоёр хоч болгож л байдаг. Хамгийн түрүүнд санаанд орж буй нь “Шийдлийн” гэх Засгийн газрыг “Шившиг”-ийн Засгийн газар гэх зэргээр нэрлэж л байв. Гэхдээ энэ удаагийнх шиг Ерөнхийлөгч нь Засгийн газарт ийм муухай нэр хоч зүүлгэж байсан тохиолдлыг санаад өгөөч гэсэн ч би лав санахгүй байна. Түүний тодорхойлсноор “Хурдтай хөгжлийн Зориг” гэх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн гурван намын хамтарсан Засгийн газрыг цаашдаа бүх түвшинд “НАЙРААНЫ ЗАСГИЙН ГАЗАР” гэж дуудахаар боллоо. Одоо энэ бол мөнхийн тодорхойлолт, үүрдийн уншлага. Яаж ч залруулах гээд залруулж чадахгүй л болов уу.

ГУРАВ, Хугацаатай үүрэг гэдгийг цаана чухам хэний хугацаа Ерөнхийлөгчийн өрөөнд тоологдож эхлэв

Батлан хамгаалахын сайдаас эхлээд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хүртэл гарч ирээд “Ерөнхийлөгч хугацаатай үүрэг өглөө” гэдэг зүйлийг ярив. Яг хэнд, ямар хугацаа өгөв. Энэ хугацаа нь хэзээ дуусах вэ. Хугацаа нь дуусахад хамтарсан Засгийн газар өөрөө огцрох ёстой юу. Ерөнхий сайд хүсэлтээрээ ажлаа өгөх ёстой юу. Эсвэл Ерөнхий сайд утааны асуудалтай холбогдуулж өөрийгөө хамгаалж үлдэхийн тулд ажил хариуцсан сайддаа хариуцлага тооцох шаардлага гарах уу. Чухам юуны хугацаа өчигдөр Ерөнхийлөгчийн өрөөнд тоологдож эхэлсэн бэ. Энэ хамгийн бүрхэг үлдсэн сэдэв болж байв. Магадгүй хамгийн тодорхой зүйл ч байж мэднэ.

ДӨРӨВ, 2018 онд М.Энхболдыг огцруулахдаа хэлсэн үгээ Ерөнхийлөгч давтан хэлж, хамтарсан ЗГ-аас намуудыг гаргах агуулгыг хөндлөө

Хэрэв санаж буй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлыг аваад нэг жил болсныхоо дараа 2018 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг намынхаа хурал дээр шаардсан. Тэр хурал дээрээ хэлж байсан үгээ өчигдөр өрөөндөө давтан хэлэв. 2018 онд тэрбээр “Эмээл хазаарынхаа бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу” гэх хатуухан үгтэй улс төрийн илтгэлийг тавьж ёстой л нохой шуугиулж байв. Тэгвэл сая хамтарсан ЗГ-ын бүх төлөөллүүд, намын дарга нарыг нь өмнөө бүлтийтэл нь суулгаж байгаад “Салан задгай. Шаардлага тавихгүй бие биедээ. Найраан дундаа ороод. Одоо энэ чинь явж, явж найрааны Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за. Эмээл хазаарын бүтэн дээрээ хазаараа татацгаа” гэв. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэв. “Эмээл хазаарын бүтэн дээрээ хазаараа татацгаа” гэдэг бол шууд утгаараа Засгийн газарт орсон намууд засгаас гарцгаа. Хамтарсан Засгийн газар байж болохгүй байна гэдэг утга агуулга юм.

Дээр нь бүтэн байгаа эмээл хазаарыг нь хэн нэгэн эвдчихэж ч мэдэх юм гэдэг сануулга давхар орж ирлээ.

ТАВ, УИХ-ын даргад хандаж хэлсэн сануулга, анхааруулга, үүрэг...

Ерөнхийлөгчийн улстөрчийнх нь замналтай нэг талд нь Мэргэжлийн хяналт. Нөгөө талд нь Онцгой байдал гэдэг хоёр газар салшгүй холбоотой. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагыг нь татан буулгасанд Ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийлэв. Энэ ажлыг гардаж хийсэн хүн бол өчигдөр яг хажууд нь сууж байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа үүнийг хийсэн. Мэргэжлийн хяналтыг татан буулгаж Засгийн газарт хяналт шалтгалтын газар болгон авч ирсэн. Ерөнхийлөгчийг хэн нэгэнд хандсан үгийг хэлэх бүрт тухайн эзэн холбогдогчийн дүрсийг санаандгүй лав бичлэгтээ өгөөгүй нь хангалттай ажиглагдана. Парламентын спикер энэ үгийг хэрхэн дүгнэж, цаашдын улс төрийн үйл явцад өөрийгөө бэлдэх бол. Ямар үүрэг рольд тоглох вэ гэдэг сонин.

ЗУРГАА, Ерөнхий сайд руу “гал” нь урсахаас сэргийлж АН, МАН-ын хоёр сайдаар “туг тахих” уу

Яг ийм нөхцөлд олон нийтэд Ерөнхийлөгчийн хэлсэн үг, үйлдэл бүр таалагдана. Хуучнаа бодвол арай олон хүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг попорч байна гэх л байх. Гэхдээ олонх бол Засгийн газарт үзүүлээд өглөө л гэж харна. Тиймээс хохирогч нь Засгийн газар, Ерөнхий сайд. Яг одоо ямар нэгэн гал хамгаалагч тавихгүй бол гал нь Ерөнхий сайд руу урсах өндөр эрсдэлтэй. Тиймээс бодлого сөрж алалцаад үзэх. Эсвэл энэ удаадаа утаатай холбогддог МАН, АН-ын хоёр сайдаар “туг тахих” гэсэн сонголт л үлдлээ. Сайдуудаа хамгаалж тас тэвэрч үлдвэл өөртэйгөө хамт бүгдээрээ дуусна. Цаашаа явъя гэвэл хариуцлага тооцож амьсгаа авхуулаад дараагийн алхмаа тооцох байх.

Ер нь энэ бүх үйл явц дахин сонгогдох хүсэл хясал, дээр нь улс төрд өрнөж буй “Чайна Энержи”-гийн гэрээ гэсэн цомхон зүйлээс л улбаатай хэмээн саарал ордонд бор шувуу ниссээр л байна шүү дээ.

Г.Лхагвадорж

ЦЕГ: Дорнод аймагт 14 настай охины биед үе тэнгийн сурагчид нь халдаж, бичлэг хийснийг тогтоосон. Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна
ЦЕГ: Дорнод аймагт 14 настай охины биед үе тэнгийн сурагчид нь халдаж, бичлэг хийснийг тогтоосон. Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна
 
ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!