ТОЙМ: Улсын Ерөнхийлөгчийн хүслээр батлагдсан УЛСЫН ТӨСВИЙН долоон онцлох өнцөг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 39 секунд

Намрын чуулган эхэлсэн өдрөөсөө хойш шахуу өдөржин, шөнөжин хэлэлцэж байгаад энэ парламент анхныхаа төсвийг арай чүү гэж баталж дөнгөв. Төсөв яагаад балран доройтсон цор ганцхан шалтгаан бол гишүүдийн эрх ашгаа шингээх гэсэн хүсэл. Ерөнхийлөгчийн хийсэн улс төрийн тоглолт. Товчхондоо, 126 гишүүн маш муу, бүр маш тааруухан ажлаа хийж байна.

НЭГ, Төсвийн бодлогоо унагуулсан Ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлыг хөндөх ёстой байв

Төсвийн төлөвлөлт бол Засгийн газрын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Гүйцэтгэх засаглал ирэх жил хийх ажлаа төлөвлөж, цаашдын дөрвөн жилийн хугацаагаа тооцоолж төсвийн бодлогоо салбар тус бүрээр нь гаргадаг. Үүнийг нь УИХ хууль зөрчсөн эсэхийг нь нягталж үзээд хууль болгож баталж өгдөг.

Төсөв алдагдалтай байгааг, төсвийн зардал хэт үрэлгэн байгааг гишүүдээс эхлээд хэвлэл олон нийт эсэргүүцсэн. Эцэст нь маргаан тэмцэл болж өргөсөөд Ерөнхийлөгчийн хориг болсон. Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч, Засгийн газар хүлээн зөвшөөрсөн. Бүр засч залруулаад Ерөнхийлөгчийн хүсэл сонирхлын дагуу алдагдалгүй болгож батлуулав.

Тэгвэл энэ бүгдийн цаана нэг зүйл сугарч үлдчихээд байна. Уг нь манайхаас өөр эрүүл саруул ухаанаар улс төр хийдэг улсад бол Ерөнхий сайдынх нь хамгийн том бодлого нь парламентын, Ерөнхийлөгчийн өмнө уначихаад байхад өөртөө итгэл үзүүлэх асуудлыг ярьдаг ёстой. Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнийн ахалсан Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэсэн хэрэг. Тиймээс итгэл үзүүлэх асуудлыг ярьж улс орноо залах гэж буй бодлогоо хамгаалах ёстой байв. Ядаж төсөв зохиосон сайдуудтайгаа, байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчтайгаа хариуцлага ярих ёстой байсан. Гэвч тийм хэрэг явдал гарсангүй.

ХОЁР, Ичих нүүрээ элгэндээ тэвэрсэн УИХ

Хуулиас зөрсөн ямар ч хуулийн төсөл парламентын босгыг давах ёсгүй. Гэтэл УИХ-ын баталсан төсвийг нь Үндсэн хууль зөрчсөн, хууль дээдлэх зарчмыг умартсан, төсвийн хуулийг зөрчсөн гэдгийг Ерөнхийлөгч хоригоороо зарлан тунхаглав. Хамгийн ичмээр нь 10 гаруйхан хоногийн өмнө “Ёстой сайхан төсвийн хууль баталлаа” гээд саналаа өгсөн парламент 180 градус эргэх нь тэр. “Бидний мунхаг тэнэгийг засаж өгсөн Ерөнхийлөгчдөө баярлалаа” хэмээн нулимс дуслуулах шахам үгэн дор, гашуун алга ташилт дунд хоригийг хүлээж авч, УИХ хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрөв.

Ингээд УИХ, Засгийн газрын жинхэнэ зовлон эхэлсэн юм. Хэний хөрөнгө оруулалтыг хасах, хэнийг нь гомдоох, аль аймаг орон нутгийг гаргуунд гаргаж бүтээн байгуулалтыг нь зогсоох вэ гэсэн бөөн хэрүүл дунд үлдсэн. Маш олон хүн уурлаж, маш олон бүтээн байгуулалт царцав.

ГУРАВ, Тойргийн 5 тэрбум ба сонгуульд гаргасан зардлын “шархаа” нөхөх гэсэн гишүүдийн хүсэл бүх юмны эхлэл

Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг. Төсөвт хориг тавиулах хүртлээ замаа алдсан үндсэн шалтгаан бол тойргоос сонгогдсон гишүүдийн 5 тэрбум байв. Төсөв анх орж ирэхэд л хоёроос дээш сонгогдсон гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт тавих 5 тэрбум төгрөгийн асуудлыг хөндсөн. Хэвлэл болон зарим гишүүдийн эсэргүүцлээс болж тойргийн шунал амжилт олоогүй. Шанд нь гишүүд сэтгэлгүй хандаж, Засгийн газрын төсвийг түүгээр нь хаяж эцэст нь улс орноороо хохирлоо. Бүр хориг тавиулаад орж ирэхэд нь МАН-ын бүлгийн хурал дээр хэд хэдэн гишүүд “Тойргийн төсвийг анхнаасаа зөвшөөрсөн бол ингэхгүй байх байлаа” гэх яриа гарсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Товчхондоо тойргийн гишүүдийн 78 хулгайч болох гэсэн хүслээс үүдэж төсвийн бодлого унаж буй юм. Энэ нь эргээд улс орноо л хорлож байна. Тойрогт асар их хэмжээний зардал гаргаад сонгуульд орсон хүмүүс төсвөөс л хохирлоо нөхөн “төлүүлдэг”. Түүнээс биш нийтийн сайн сайхны төлөө 2-5 тэрбумыг зарцуулж сонгуульд оролцдог нэг ширхэг тэнэг ч энэ дэлхий дээр байхгүй. Өөрөөр хэлбэл, төсөв завааруулаад байгаа, замруулаад байгаа үндсэн шалтгаан нь сонгуулийн зардал юм. Энэ зардлаа л гаргаж авахын тулд УИХ нь Засгийн газраа шантаажлах гэж байгаад дийлэхгүй эцэстээ хамтдаа бие биеийнхээ ухсан нүхэнд татагдаж уналаа. Гишүүд хууль тогтоох үүрэгтэй болохоос Засгийн газрын гишүүн шиг аашилж тойргийнхоо амбаар, сургуулийг засаж янзлаад байж тохирохгүй.

ДӨРӨВ, Төсвийн цаана “хөшиг”-ний ард өрнөсөн улс төрүүд...

Төсөвтэй холбоотой энэ бүх үйл явцыг дагаж “хөшиг”-ний ард хэд хэдэн улс төр өрнөв. Эхнийх нь дээр дурдсан тойргийн 5 тэрбумыг хумслах гэсэн албан бус лобби бүлгийн улс төр. Энэ тооцооллыг хийж, санхүүгийн схемийг зурж байсан нөхдүүд сүүлд тэмцэгчдийн дүрд тоглочихсон л гүйж явна лээ. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн улс төр. Шанд нь Засгийн газар, УИХ гэсэн хоёр том институт агуулгаараа зүгээр нэг томхон шиг малын хашаа болж дуусав. Эдгээрээс гадна хамгийн хүчтэй өрнөсөн улс төр бол “Чайна Энержи”-тэй хийх гэж байгаа нүүрс худалдаж, төмөр зам холбох гэрээ. Энэ гэрээ шийдэгдчихвэл “MCS” хамгийн том хохирогч нь болно. Тиймээс сая төсвийн цаана өрнөсөн жижиг, жижиг бэсрэг улс төрийг энэ гэрээтэй холбож үзэх зайлшгүй шаардлагатай.

Ганц төсвийн асуудлаар ч энэ асуудал дуусахгүй. Ирэх хавар л энэ улс төрийн гол тоглолтууд тал талаасаа өрнөх байх. Тавантолгойтой хамааралтай Хятадын гэрээ хэлцэл яригдах бүрт Монголын Засгийн газар яагаад ч юм уначихаад байдаг зүй тогтолтой гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

ТАВ, Хоригийн “ХОР” буюу Ерөнхийлөгч төсөв, томилгоо хоёрын хоригоор ЗГ, УИХ-ыг удирдах аюул

Мэдээж данхар, үрэлгэн төсөв дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ төсөв болгон дээр ийм байдлаар хандаж бүхэлд нь хориг тавьбал Засгийн газар өөрт олгогдсон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдал хүрнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж, магадгүй Ерөнхийлөгчийн институтийн хүслийг төсвийн бодлогод шингээж байж парламентын босго давдаг муу жишиг рүү очно. Харин сая азаар дахиж хориг тавихгүй гэдгээ Ерөнхийлөгч эрт зарлалаа. Анх хориг өгөхдөө дахиад ч хориг тавьж магадгүй гэж айлгасан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хүлээж авбал УИХ хэлэлцэнэ. Араас нь олон нийтийг шахах акц зохион байгуулбал ЗГ, УИХ шахалтад орж ямар ч бодлогыг өөрчлөх зовлонд унана. Дахин дахин хориг тавиад байвал төр өөрөө хаус байдалд орох эрсдэлтэй юм. Төсөвт хориг тавихаас гадна албан тушаалтны томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих нь буруу жишиг дагуулах аюултай. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Эрдэнэбулганыг Цэц рүү томилсон УИХ-ын шийдэл дээр хориг тавьж байсан. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн институт төсөв дээр, томилогддог албан тушаалтан дээр хориг тавиад эхэлбэл УИХ, Засгийн газрын онцгой бүрэн эрхүүд алдагдах аюултай. Тиймээс цаашид яг энэ асуудал дээр маш хянуур бодож үзэх ёстой. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгч болон 2027 онд сонгогдох Ерөнхийлөгч парламентын гуравны нэгийг бүрдүүлж АН-тай хамтраад улс төрийн тоглолт хийвэл дийлдэшгүй улс төрийн хүч болох эрсдэлтэй. Тиймээс хуулийн хувьд гарц шийдлийг олохгүй бол үргэлжийн мөнхөд Ерөнхийлөгчөөр 100 хувь эрүүл хүн сонгогдоно гэх баталгаа байхгүй шүү гэдгийг сайн санааны хувьд захиж үлдээе.

ЗУРГАА, УИХ, Засгийн газар хоёр ирээдүйд ирэх хариуцлагаас зугтах гэж оролдоцгоов

Хоригт ороод эвгүй байдалд орсон УИХ, ЗГ хоёр бие бие рүүгээ хариуцлагыг түлхэв. УИХ дээр төсвийн хуулийг янзлах талаас нь ЗГ шахаж, Ч.Лодойсамбуу гишүүний дэгийн хуулийг унагасан. Эргээд УИХ төсөв төлөвлөх Засгийн газрын эрхэд орохгүй гэж төсвийн хуулийг нь бүхэлд нь хүчингүй болгов. Яагаад гэвэл танагдсан төсөвтэй ирэх жил гарах эрсдэл, хариуцлагыг хэн нь хүлээх вэ гэдэг санаа юм. Хэрвээ УИХ хоригийн дагуу төсвийг янзлаад, хасаад алдагдалгүй болгочихвол эргээд Засгийн газраас хариуцлага нэхэж чадахгүй. ЗГ хэрвээ УИХ-аар төсвөө янзлуулаад явчихвал үнэн хэрэгтээ төсвийн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн албан бус Ерөнхий сайд болж хувирах байв.

ДОЛОО, Үйлдвэрийн аргаар ургасан "төсвийн хатиг”

Дахиад хэлье. Төсөв гэдэг бол ЗГ-ын ажлын төлөвлөгөө дээр үндэслэсэн бодлогын баримт бичиг. Үүнд гишүүд оролцож, дунд нь мөнгө хавчуулах. Цаашлаад хөрөнгө оруулалт тавих шаардлагагүй. Хууль зөрчсөн хэсгийг нь л засч янзлах ёстой. Үнэхээр бүтээн байгуулалт хийж, төсөвт юм суулгамаар байгаа юм бол улс төрийн бяраа үзүүлээд Засгийн газарт гишүүн болж орох зам бий. Гэтэл манай гишүүд сүүлдээ бүр дэндэж улс төсөвт гишүүний хувиар үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөрөнгө суулгаж байна. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн Хөвсгөлийн 20 суманд байгуулж буй үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг зогсоож чадах аавын хүү энэ төрд үнэндээ алга. Сангийн сайд Б.Жавхлан чадахгүй байна. Улсын Ерөнхий сайд ч дийлсэнгүй. Товчхондоо Ц.Даваасүрэн мэтийн төсөвт үйлдвэрийн аргаар ургадаг нөхдүүд л энэ улс орны мөнгө санхүүг элсэн цөлд ус болгон асгаж буй юм.

Энэ бяслагийн үйлдвэрийн төсөл нь анх 2021 онд 9.5 тэрбумын төсөвт өртөгтэй эхэлсэн. Өнөөдөр 16.9 тэрбум болтлоо төсөвт өртөг нь нэмэгдсэн. Ирэх жил бүх үйлдвэр нь ашиглалтад орох ёстой. Өнөөдөр хоёр үйлдвэр нь л 90 хувьтай яваа. Хачирхалтай нь энэ хоёр үйлдвэр нь чанарын шаардлага хангаагүй. Дээвэр, хана нь “үйлдвэрийн” бус. Зураг төслөөсөө зөрчихсөн. Энэ бол төсвийн хулгай. Ер нь бол асуудлыг эрүүл аргаар шийддэг улс оронд нэг чиглэлийн 20 үйлдвэрийг хорин суманд барих гэж зүтгэснээс бүх мөнгөө нийлүүлээд хоёр сайхан үйлдвэр босгочих байв.

Инфляци ирэх оны эхний хагаст эрчимжих төлөвтэй байна
Инфляци ирэх оны эхний хагаст эрчимжих төлөвтэй байна
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!