Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Хотын төсвийг тэлэхийн хэрээр үр дүн гарахгүй, асуудал хүндрэхэд иргэдэд ачаа үүрүүлж бурууг чихэх замаар шийдвэрлэх нь буруу

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
21 минут 34 секунд

Хотын эдийн засаг тойрсон сэдвээр Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-------------------------------------------

- Сүүлийн үед утааны асуудалтай зэрэгцээд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар яндангүй бүсүүд байгуулж, бас ногоон хөгжлийн зээлээр 32 мянган айл өрхөд зуух олгох тухай асуудал нэлээн шүүмжлэл дагуулж байна. Угтаа бол зах зээлийн эдийн засгийн зарчмаараа мөнгөтэй, боломжтой нь утаагүй зуухаа авч, орон сууцандаа амьдрах ёстой биш үү?

- Улаанбаатар хот гамшгийн нөхцөлд байдалтай байгаа гэж яриад байгаатай санал нэг байна. Гэхдээ хамгийн гол асуудал нь тэрхүү гамшгийн нөхцөл байдлын шалтгаан, үүнийг шийдэх шийдэл нь бидэнд байхгүй нь харагдаж байна. 32 мянган өрхөд зуух олгох тухай ярьж байгаа нь үүний илрэл. Энэ бол сүүлийн үед төр засгийн шийдвэрийн энгийн хэлбэр нь. Асуудлыг түр зуур аргалж, аргацаасан байдалтай олон нийтийн санаа бодлыг түр зуур намжаах гэсэн ийм л байдлаар ханддаг.

32 мянган зуух, яндан солино гэж ярьж байгаа нь шийдэл биш. Энэ бол зүгээр л үргүй зардал болох төсөл. Ирэх жил дахиад нэлээд айлын зуух муудах байх. Дахиад солих уу, сольж өгөх үү гэдэг асуудал яригдана. Энэ нь маш буруу.

Бид асуудлыг ул үндэсээр нь харж Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх ёстой вэ, утааг хэрхэн бууруулах ёстой вэ гэдгийг нэг мөр шийдсэнээр үе шаттайгаар цэгцлэх боломжтой. Эндээс бидний хамгийн гол ойлгох зүйл нь таны хэлсэнчлэн өнөөдөр бид айлын зуух сольдог засаг захиргаатай хот болчихоод байна. Үүнээс илүү гарч чадахгүй байгаа нь эмгэнэл юм.

Айл нь өөрөө зуухаа авах ёстой юм биш үү гэж асуусан чинь үнэндээ зөв. Харин төр засаг тэр боломж бололцоог нь нээж өгөх ёстой, зөв бодлогоор. Өөрөөр хэлбэл, нийслэлд оршин суугаа иргэд өөрийн хүсэл зоригийн дагуу хөдөлмөрлөж бүтээх, өөрийн хүссэн ажлыг хийж хангалттай орлого олох тэр нөхцөл нь энэ хотод байх ёстой биз дээ.

Энийг нь хийж чадахгүй нь тодорхой байна. Тиймээс л ийм аргаа ядсан юм яриад байгаа хэрэг. Зуух тараах нь бас л халамжийн бодлогын нэг хэлбэр болж байгаа юм. Халамжаар дамжуулан манай улсын сөрөн тэсвэрлэх чадвар, үндэстнийхээ хийж бүтээх хүсэл эрмэлзлийг устгасан арга хэмжээг сүүлийн 10 гаруй жил хангалттай хэрэгжүүллээ. Үүнийгээ бид болих ёстой. Хамтдаа төр, хувийн хэвшил нийлж хийж бүтээдэг нийгэм рүү л бид орох ёстой. Тиймээс аль ч талаас нь харахад ийм шийдлийг дэмжих ямар ч боломжгүй. Ингэснээр хэдэн хүн ажил хийсэн болж харагдахаас цаашгүй.

ИРГЭДЭЭ БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНД ДАСГАЖ, ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭЭ АЛДСАН БАЙЖ БОЛОХГҮЙ

- Уг нь бид зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 жил өнгөрч байна шүү дээ. Зарчмыг нь ойлгох хугацаа болсон гэж бодож байна. Гэвч цалин, тэтгэвэр, халамж нэмдэг жишиг шиг болох нь. Нэг үгээр хэлбэл, төсвийг тэлэхийн хэрээр иргэдээ дэмжих нэртэй хорлож байгаа л дүр зураг харагдаж байна?

-Би хувьдаа харахдаа, хүүхдийн мөнгийг 2004 оноос олгож эхэлсэнтэй холбоотой араас нь асар их халамж нэмсэн гэж хардаг. Саяхан хүртэл ваучир ярилаа. Одоо бид өсвөр, залуу үеэ бэлэнчлэх сэтгэлгээ рүү оруулж эхлэх гэж байна шүү дээ.

Амьдралын босго ч алхаагүй байгаа иргэдээ үнэгүй зүйлд дасгах гэж байна. Энэ бол Монгол Улсын иргэдийнхээ эсрэг хийж буй үндэстнийг сулруулах нөлөөтэй буруу зүйл.

Хавтгайрсан халамжийг нийгэмд тухайн сегментүүд рүү хандсан иргэдийг худалдан авах гэж, иргэдэд тал засах байдлаар үндэстний эсрэг хийж буй буруу зүйл гэж хардаг. Таны хэлж буй үнэн. Бид зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн, бидний сонгосон эдийн засгийн тогтолцоо зөв. Ардчилсан замыг сонгосон, нийгмийн чиг баримжаа нь ч зөв бөгөөд түүнийгээ тууштай дагах ёстой гэж би боддог. Тэр чиг баримжааны хувьд эхлээд бид үйлдвэрлэгч, хийж бүтээдэг улс болох ёстой. Гэтэл ийм болж чадаагүй байж иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж, эдийн засгийн бүтцээ алдсан байж болохгүй. Халамж ярихаар өндөр хөгжилтэй орнуудын жишээ татдаг. Харин тэр улс орнууд ямар зам туулж нийгмийн амьдралын чанар нь хэр зэрэгтэй болсны дараа халамж руу шилжсэн бэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй.

Халамж гэх зүйл хэтэрхий хавтгайрсан байна, иргэдээ бид ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоог нь бий болгож, шударга хөдөлмөрлөсөн иргэн өөрийн сайн сайхан амьдралыг бүтээх боломжийг бий болгох ёстой.

Монгол хүмүүс эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж хангалттай цалин орлого олдог болсны дараа бид халамжийн тухай ярьж, нийгмийн халамжилбал зохих ёстой хэсгээ л халамжлах ёстой. Хавтгайрсан халамж нь үндэстнийхээ эсрэг хийж буй үйл ажиллагаа л гэж хардаг. Гэтэл халамжилж, халамжинд улам дасгасныхаа дараа зарим нь гаднаас хөдөлмөрийн нөөцийг чөлөөтэй оруулж ирэх тухай хууль батлуулах жишээтэй. Тодорхой салбарт ажиллах хүч хэрэгтэй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгож байна. Тэгэхээс ч өөр аргагүй байдалд байгаа. Гэхдээ яаж яваад ийм байдалд хүрсэн бэ гэдгээ бодох ёстой.

Өнөөдөр Монголд байгаа олон ажилгүй хүн, амьдрахын эрхээр харь орны зорьсон иргэдээ гадны ажилчдаар солиход хүрч байгаадаа дүгнэлт хийх ёстой.

Энэ нь таны асуултад байгаа зах зээлийн тогтолцоонд шилжсэн нэртэй 30 гаруй жил болж байгаа ч бид түүнийгээ ойлгож хэрэгжүүлж чадаагүйн илрэл.

- Сүүлийн 30 жилийн хугацаанд утаа, түгжрэлийг бууруулах, иргэдийг орон сууцжуулах тухай төрөөс уриа лоозон шиг амалж, багагүй мөнгийг төсөвлөлөө. Төвлөрлийг сааруулах тухай ч нэлээн яригдаж байна. Уг зарчим нь улсын эдийн засаг нь өөрөө хот биш үү. Хүн ам төвлөрхийн хэрээр л эдийн засгийн эргэлт нь сайн байна гэж ойлгож байгаа. Гэтэл хаа байсан Өвөрхангайд хот байгуулж, иргэдээ нүүлгэх тухай яригдах боллоо?

- Хотын эдийн засаг гэх ойлголтыг бид нарийн сайн харах ёстой. Миний хувьд энэ чиглэлээр нарийн судлаач биш ч хотын эдийн засгийг хоёр, гурван төрлөөр харж тайлбарлах гэж оролдог гэж боддог. Нэгт, Улаанбаатар хотыг тусад нь харах гэж оролддог. Хот гэхээр утаа, түгжрэлээ яаж шийдэх вэ гээд л тулгамдсан асуудлаа яриад байдаг. Гэтэл таны асуултад хотын эдийн засагтай холбоотой гол зүйл нь байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.7 сая гаруй хүн амьдарч байна Энэ бол Монгол Улсын хүн амын тэн хагас нь мөн. Энэ тоо 2009 онд нэг сая гаруй байв. Тэгэхээр нэг километрт кв газарт амьдарч буй хүний тоо энэ хооронд 100 гаруйгаар өссөн. Иймээс хүн төвлөрнө гэдэг хөгжлийн агуулгаараа муу зүйл мөн үү, биш үү гэдгийг бид бодох хэрэгтэй.

Яагаад Улаанбаатар хотод бид шаваад байна, утаа, тортог, түгжрэлтэй гэж муу хэлэн амьдраад байна вэ. Энд боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний чанар харьцангуй өндөр. Энд байгаа хүмүүсийн орлого харьцангуй өндөр байх боломжтой зэрэг эдийн засгийн боломжоос болж энд төвлөрч байгаа юм.

Хоёрт, бид хотыг тусад нь харалгүй, бүс нутгийн нэг хэсэг. Улс орны хөгжлийн нэг хэсэг юм гэх агуулгаар харах хандлага бий. Бид энэ талаас нь харахгүй байх шиг санагддаг. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлого нь юу юм. Хэдий “Алсын хараа-2050” урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого гэж ярьж байгаа ч энд Улаанбаатар хотыг бид хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж, түүнийгээ хийж чадаж байгаа юм уу, үгүй юу гэдэг нь бас л асуудал.

Миний ойлгож байгаагаар Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хөгжлийн төв нь байх ёстой. Эндээс л бүх хөгжил тэлж, түгж байх ёстой. Тиймээс бидний хувьд Улаанбаатар хотыг зөвхөн утаа, униар зэрэг өнөөдөр тулгамдсан асуудал гэж харахаас илүүтэй хотод суурилсан төвийн бүсийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар нь ямар байх ёстой вэ гэдгийг харах ёстой.

Энэ агуулгаараа хотод хүн их төвлөрөх нь нэг талаасаа хэтэрхий замбараагүй ч гол нь эдийн засаг талаасаа харвал боломж юм. Энэ боломжийг бид яаж зөвөөр ашиглаж болох вэ гэдгийг харж, хотоо зөв төлөвлөж чадсан бол энэ нь харьцангуй эдийн засгийн хувьд үр ашигтай, нөгөөтэйгүүр иргэдийг амьдрахад таатай орчин болгох боломж байсан байх. Гагцхүү бид нар хотыг, хотын хөгжил, хотын эдийн засгаа хэрхэн харж байгаа нь ойлгомжгүй. Дээр нь төвлөрлийг ямөр арга замаар шийдэх төлөвлөгөөгүй. Хэн дуртай нь хотод ирж гэрээ бариад л сууж байна шүү дээ. Үүнийг ч улс төрийн зорилготой дэмждэг, сонгууль дөхөхөөр л газар олгож, тогийг нь татаад өгдөг байдалтай.

Тэгэхээр хотын эдийн засаг, хотын хөгжил гэх хоёр зүйлийг цогцоор нь харах ёстой. 100 гаруй жил дэлхий нийтээр хотын хөгжлийн тухай олон талаас судалсан байдаг ч Улаанбаатар хотыг Монгол Улсын онцлогт тохируулан яаж хөгжүүлэх вэ гэх цогц бодлого байхгүй байх шиг байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг л мэддэг. Гэхдээ тэр төлөвлөгөө Улаанбаатар хотыг эдийн засаг, хүн амьдрах таатай орчин болгох талаас яаж хөгжүүлэх вэ гэх зүйлийг бид хараахан харж чадахгүй байх шиг байна. Өнөөдөр ч бас бид Шинэ Хархорум хот гэж ярьж байгаа ч тэнд хэдэн зуун мянган хүн амьдруулахаар төлөвлөж буй газрын эдийн засгийнх нь үндэс нь юу байх вэ, үр ашиг нь юу байх вэ гэх талаас нь ярихгүй зөвхөн дэд бүтэц, байшин барилгын тухай л яриад байгаа нь ба өрөөсгөл харагддаг юм.

- Хүн төвлөрч байгаа газар л хот бий болдог гэдэг шүү дээ. Таны хэлсэнчлэн эдийн засгийн үндсийг нь тооцохгүйгээр мөнгөө зөвхөн байшин барилга барихад зарцуулаад байвал үр ашиггүй болно биз. Ер нь Улаанбаатар хотын хувьд улс шиг тусдаа төсөвтэй болсон. Төсвийн мөнгийг өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд яаж анхаарах ёстой юм. Эдийн засагчийн хувьд та хэрхэн харж байна?

- Бидний хувьд Монгол Улсын төсөв тэлж байна, сүүлийн гурван жилд Улаанбаатар хот хэтэрхий бие даасан томоохон төсөвтэй боллоо. Өөрөө бонд гаргаж байна, өөрөө асуудлаа шийдэх гэж оролдож байна. Энэ нь нэг талаасаа зөв мэт харагдаж байгаа ч таны хэлсэн үр ашгийн талаас нь харвал Монгол Улсын нийслэлийн эдийн засгийнх нь нөхцөл байдал, үр ашигтай байдал, тулгамдсан асуудлуудаа дунд болон урт хугацаандаа асуудлууд шийдэх суурийг тавьж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь үнэхээр эргэлзээтэй. Өнгөрсөн намаржин бродюр солилоо, замаа жаахан зузаан болголоо. Ингэснээр асуудал шийдэгдэхгүй. Бидний хувьд нийслэлийн төсвийн том зарцуулалт, ялангуяа энэ томоохон бүтээн байгуулалт гэгдэж буй төслүүдийн зарцуулалтыг хөрөнгө оруулалтын хувьд зөв эрэмбэлж шийддэг байх хэрэгтэй. Гэнэт л нэг хүн шийдвэр гаргаад л яндан сольё, авто замаа сольё, бродюр сольё гэдэг. Энэ нь яг ямар төлөвлөгөө, дарааллаар явж байгаа вэ. Ямар бодлогын сонголт, эрэмбийн дагуу энэ их хөрөнгийг зарцуулаад байгаа нь үнэхээр эргэлээтэй. Замын хашлага сольж эхэлсэний дараа нийгэмд хэлэлцүүлэг өрнөнгүүт гэнэт өмнөх замын хашлагыг ангилж ашиглах тухай ярьж байх жишээтэй.

- Жишээ нь, өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөсөн, өнөөдөр бахь байдгаараа хот тэг зогсож байна. Гэтэл сүүлийн үед утааны асуудал сөхөгдөхөд автомашин руу бурууг чихэж байгаа харагдаж байна. Улсын дугаар хязгаарлах, татварыг нэмэгдүүлэх зэрэг яригдах боллоо. Ардчилсан зах зээлийн нийгэмд амьдарч байгаа бол өнөөдөр нэг хүн хэдэн ч машинтай байж болно байх. Харин захиргааны аргаар биш татварын зөв бодлого л хэрэгтэй болов уу?

- Ер нь бидний хувьд хариуцлагын асуудлыг маш сайн сөхөх хэрэгтэй. Улаанбаатар хотод хүн амаас гадна Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувь нь энэ хотоос хамаарч байна. Энэ хотын их төсвийн зарцуулалт, түүний үр ашигтай байдалд нь дүн шинжилгээ хийж хариуцлага тооцох ёстой. Шахмал түлшний асуудал байна.

Хэрэв хотын тэр их төсвийг зарцуулснаар үр дүн гарахгүй байгаа бол тухайн хүмүүст хатуу хариуцлага тооцдог тогтолцоог маш сайн нэвтрүүлж, үүн дээр олон нийт тал талаас нь шахахгүй бол нөхцөл байдал арай хэтэрлээ.

Хэдэн зуун тэрбум, их наядаар нь зарцуулаад нөхцөл байдал бахь байдгаараа байна гэдэг бол ард нь авлига хээл хахууль, зүй бус зарцуулалт, буруу шийдвэр гаргалт олон буруу зүйл байгаагийн л илрэл шүү дээ. Тийм болохоор бид төсвийн талаас маш сайн шийдвэр гаргалт, хариуцлагын тогтолцоог цогцоор нь сайжруулах шаардлагатай. Дээр нь Улаанбаатар хотын менежментийн асуудлыг энэ байдлаараа авч явж чадахгүй юм байна гэдгийг л хувьдаа ойлгож байна. Ийм түвшинд байгаа хүмүүс Улаанбаатар хотыг авч явах засаглалын чадвар, мэргэжлийн ур чадвар, шинжлэх ухаан ч байдал үе үеийн Улаанбаатар хотын удирдлагуудын хувьд харьцангуй маш хүчтэй дутагдаж байна. Шийдэл хайж чадахгүй, хүмүүсийг хэрхэн эдийн засгийн хувьд орлоготой, үр ашигтай байлгах вэ гэх энэ асуудлыг шийдэж чадахгүй байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, хотын түгжрэл утаатай холбоотой дэлхий нийтээр олон асуудал гарч байсныг шийдсэн ч байдаг. Яах вэ захиргааны аргаар шийдсэн тохиолдол бий. Ингэж болно. Гэхдээ нэгдүгээрт, засаг захиргаа нь өөрөө ажлаа сайн хийсэн байх ёстой. Улаанбаатар хотын төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулж, хөгжлийн зөв бодлого төлөвлөлттэй байвал үнэхээр зарим болохгүй асуудлыг захиргааны арга хэрэглэж болно. Зарим улсад ийм тохиолдол бий. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын зарим хотуудад байдаг л зүйл. Жишээ нь, зогсоолгүй бол машин авах эрхгүй. Тиймээс зогсоолын асуудлаа шийдсэнийхээ дараа машинтай болох ч юм уу. Тэгэхээр захиргааны аргаар шийдэж болно.

Ингэхдээ Улаанбаатар хотын удирдлага нь сайн байгаа бол ямар ч арга хэмжээг хүлээн зөвшөөрөх магадлал нь илүү өндөр байна.

Гэтэл өнөөдрийн улсын болон нийслэлийн төсөвт төвлөрүүлж буй хөрөнгө нь хэд дахин тэлж, их наядаар нь хөрөнгө зарцуулаад байдаг атал үр дагавар нь гарахгүй байгаа учраас л иргэдэд бурууг өгч, иргэдэд ачаалал шийдэх гэж буй энэ хувилбар нь өөрөө буруудаж байгаа хэрэг.

Аливаа асуудлыг шийдэхдээ хамгийн гол нь, нэгдүгээрт буруутныг иргэд рүү, автомашин руу бүр сүүлдээ өвгөд хөгшид рүүгээ чихэж эхэлж байна шүү дээ. Өвгөд хөгшид угаарын хийнээс сэргийлэгчийг хадганд ороогоод хийсэн байдаг тухай ярьж байна. Энэ бол Улаанбаатар хотын удирдлагад байгаа этгээдүүдийн хариуцлага хүлээх, буруугаа хүлээх чадвар, ёс суртахууны чадвар нь үнэхээр дорой байгааг л харуулж байгаа юм.

Тийм учраас энэ талаас л эхэлж бид асуудлыг шийдэх ёстой. Улаанбаатар хот бодлого, менежмент, ур чадвараа сайжруулсныхаа дараа асуудлыг цогцоор нь шийдвэрлэх цогц төлөвлөгөөтэй болсныхоо дараа л захиргааны аргыг хэрэглэж болно. Хотын татвар, иргэдийн автомашины татварыг нэмэх тухай ярьж байна. Ингэснээр ард нь байгаа удирдлага, менежмент өнөөдрийнх шиг хэвээрээ л байвал машины тоог одоо байгаа түвшинд нь хязгаарласан ч үр дүнгүй.

Нийслэлийг хар л даа, 40 гаруй мянган га газрын тухай яригддаг, энэ хэмжээнд яаж хуваарилсан юм. Одоо шинээр зам барих, босоо болон хөндлөн огтлолцлын шинэ зам нэмэх ямар ч орон зайгүй болтол газрыг зарсан. Үүний буруутан нь иргэд биш шүү дээ.

Өнөөдөр Улаанбаатар хотыг дагуул хоттой, ойролцоох Налайх болон Багануур, Төв аймгийг хөгжүүлж, хүн амын нягтаршлыг бууруулж, харьцангуй эерэг харилцаа холбоо үүсгэх дагуул хот байгуулах боломж Монгол Улсад байсан уу гэвэл байсан л байх. Үүнийгээ хийж чадаагүй байж асуудал хүндрэхээр иргэдэд буруугаа чихдэг, иргэдэд ачаа үүрүүлэх замаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаа нь зөв зүйтэй зүйл биш.

UBN: 2024 оны НӨЛӨӨ бүхий 24 ХҮНИЙГ нэрлэж байна
UBN: 2024 оны НӨЛӨӨ бүхий 24 ХҮНИЙГ нэрлэж байна
 
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!