Улсын дээд шүүхээс Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн шийдвэрийг танилцуулсан. Дээд шүүхээс таван асуудлыг авч хэлэлцсний гуравт, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүд/-ийн холбогдсон хэргийн талаар байв. Энэхүү дээд шүүхийн шийдвэрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж буй. Учир нь, УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтын дагуу эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.
Тодруулбал, өнгөрөгч Лхагва гарагт шүүхийн шийдвэрийг танилцуулснаар, "Д.Цогтбаатарыг буруутгасан “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Харин бусад ял шийтгэлийг хэвээр үлдээв" гэсэн билээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж буйг танилцуулсан билээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Тэгвэл улсын дээд шүүхийн хуралдаан даргалагч шүүгч М.Пүрэвсүрэн танилцуулахдаа "Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж, энэ хэсэгт хамаарах хүмүүс дотор Б.Батбаяр, Ч.Энхбат, Б.Будхүү, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Ч.Мөнхбаяр нар холбогдож буй. Зээлийн удирдлагын хорооны гишүүн Д.Цогтбаатарын үйлдэл холбогдлоос Сэлэнгийн гефорд, "Пи Си Вай" ХХК-тай холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин бусад үйлдэлд /“Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК/ тогтоол хэвээр үлдсэн" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!