МЕТРО ХОТ: Сурагчдын амралт эхэллээ. Цоожтой хаалганы цаана үлдсэн хүүхдүүдийнхээ АЮУЛГҮЙ байдлыг хангаж үлдээгээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх өдрүүд эхэллээ.Тодруулбал, өнөөдрөөс 1-2 дугаар ангийн сурагчдын амралт эхэлсэн бөгөөд тэд ирэх оны нэгдүгээр сарын 24-нд хичээлдээ орно. Эцэг эхчүүд хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.

Нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ, нөгөө хэсэг нь хүнтэй үлдэнэ. Яах вэ, орон сууцад амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай, цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй бол байгаад л байх биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд сэтгэл түгшээх зовлон олон бий. Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд.

Жил бүрийн өдийд сурагчдын амралт эхэлснээс хойш түлэгдэлт, осголт, хөлдөлтийн тохиолдол ихэсдэг аж.

Тиймээс эцэг эхчүүд болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бага насны хүүхдээ заавал харгалзах хүнтэй үлдээх, гацуур модны гэрлэн чимэглэлийг унтраах, урт залгаврын утасны орооцолдоог гаргах зэрэг жижиг зүйлсийг ч анхаарах хэрэгтэй болжээ. Учир нь цоожтой хаалганы цаана эрсдэл олон бий.

Яаралтай түргэн тусламжийн тасгийн гэмтлийн эмч П.Баттулга "Хатуухан хэлэхэд эцэг эхчүүд хүүхдээ нохойноос ч дор харж байна. Нохойг өдөрт багадаа л гурван удаа салхилуулж хооллож арчилдаг шүү дээ. Гэтэл хүүхдээ тоохгүй, ажилдаа хэт анхаарч бэртэж гэмтсэнийг нь ч мэдээгүй байх нь нийтлэг анзаарагдаж байна. Зарим хүүхэд гэмтэл авснаасаа хойш хоёр, гурван хоногийн дараа ирж байна шүү дээ. Хэдийгээр ажил чухал ч хүүхдээ хайхрахгүй байна" гэдгийг онцлов.

Хэд, хэдэн жишээ дурдъя. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 онд “Ээж нь урлагийн үзлэгтээ бэлдээд ирье, миний хүүхдүүд гэртээ тоглоод байж байгаарай” гэж хэлээд цэцэрлэгийн үйлчлэгч бүсгүй дэрсхэн хүүхдүүдээ үнсээд гарчээ. Харах хүн байгаагүй тул хаалгаа гаднаас нь түгжив. Гэхдээ тэр үнсэлт эцсийнх байж. Тодруулбал, мөн л 2020 оны наймдугаар сард Дархан хотод нэг айлын гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Паар нь хагарснаас цахилгааны саатал гарсан нь 4, 5, 1 нас зургаан сартай охидын амийг авсан болохыг шалгалтаар тогтоосон байдаг.

Тэгвэл дээрх хэргээс ердөө нэгхэн хоногийн дараа Архангай аймгийн Өлзийт суманд ой найман сартай хүүхэд гэртээ чихэр идэж байгаад хахаж нас барсан хэрэг хүмүүсийг дахин сэртхийлгэсэн.

Хуулийн байгууллагынхны урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн юм.

Тиймээс цоожтой хаалганы цаана үлдсэн энэ олон хүүхдийн өмнө дээр, дооргүй, хамгийн чухал нь эцэг эхчүүд хариуцлагатай байх цаг иржээ.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!