Л.Төр-Од: Санал хураалтын өмнө Д.Энхтүвшин намайг дуудаад “Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Гэхдээ ирж уулзаарай“ гэж “заналхийлсэн“

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
47 минут 43 секунд

Өнгөрөгч 11 дүгээр сард болсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль Т.Дүүрэнгийн баривчилгаагаас эхлүүлээд нэлээн "гал"-тай болж өндөрлөсөн. Үүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Евразийн эдийн засгийн холбоотой байгуулахаар яригдаж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн асуудал сөхөгдөж, бизнес эрхлэгчид ч дуугарч эхлээд байна. Тэгвэл чөлөөт худалдааны түр хэлэлцээр болон танхимын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой анхаарлын тэмдэгтэй үлдсэн олон асуудлуудад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одоос хариулт авлаа.

-Ярилцлагаа цаг үеийн асуудлаас эхлүүлэх нь зөв байх. Сүүлийн өдрүүдэд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулахаар ярьж буй чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотой асуудал анхаарал татаж байна. Эл хэлэлцээрийн төслийг боловсруулахтай холбоотойгоор танай дээр ямар процесс өрнөсөн юм бэ. Санал авсан зүйл байдаг юм уу?

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь өөрийн зохицуулалттай, тусгай хуультай гурван ТББ-ын нэг. Эргээд хэлэхэд, эдийн засгийн чөлөөт худалдааны энэ асуудал нь анх удаа яригдаж байгаа зүйл биш. Өмнө ч байсан асуудал. МҮХАҮТ 2010 оноос энэ чиглэлийн асуудалд салбар болон бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж нэлээн идэвхтэй оролцож, ажиллаж ирсэн. Үүний нэг нь Европын холбоотой байгуулсан GSP+ буюу импортын тарифын чөлөөт хөнгөлөлтийн систем буюу чөлөөт худалдааны гэрээг нэрлэж болно. Түүнчлэн Япон улсаас гадна 2020 оноос Ази номхон далайн улс орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны гэрээ бий. Харин өнөөдрийн нөхцөлд олон ААН, иргэд, улс төрийн хүрээнд ч талцал, маргааныг дагуулаад байгаа зүйл бол Евразийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал байна. Миний хувьд 2019-2023 он хүртэл МҮХАҮТ-ын өмнөх Ерөнхийлөгч О.Амартүвшингийн ахлах зөвлөх, ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч хийж байсан. Сүүлийн жилүүдэд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Тухайн үед ГХЯ-д Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад Евразийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр хийх нь Монгол Улсын бизнес, эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ гэх чиглэлээр хөндлөнгийн судалгааг Европын холбооны тусламжаар хийлгэж байсан. Таван жилийн өмнө буюу ковид19 цар тахлын өмнө гэсэн үг шүү дээ. Тэр үед Евразийн холбоонд элсэх цаг нь биш, харин худалдааны арга механизмыг нь ашиглая гэх дүгнэлтэд хүрч байсан. Учир нь Евразийн холбоонд элсэх нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчим, үзэл баримтлал, гуравдагч хөршийн бодлогод зөрчилдөж магадгүй гэж үзсэн. Евразийн холбоо нь гишүүн болсон улс орнуудтайгаа чөлөөт худалдааны гэрээг байгуулдаг тул тухайн арга механизмыг нь л ашиглая гэсэн юм. Тухайлбал, Монгол Улстай адил таван орон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж, гэрээ хэлцэл нь эцэслэгдээд явж байгаа. Шинээр сонгогдсон танхимын Ерөнхийлөгчийн хувьд хэлэхэд, аль болох үндэсний үйлдвэрлэгч нарынхаа эрх ашгийг хамгаална. Гэхдээ энэ нь эргээгээд зөвхөн компани хоорондын гэрээ төдий хэлцэл биш. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд үргэлжилж байгаа улс хоорондын гэрээ хэлцэл. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сард болсон Монгол-Оросын Засгийн газрын комисс хоорондын хуралдаанаар хоёр орны гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулахаар тохиролцсон байдаг. Улмаар 2023 онд болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд маань уулзаж, чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь зөв юм гэж тохирсон. Үүний дагуу процесс нь үргэлжилж байгаа.

2023 оны 11 дүгээр сард ЭЗХЯ-наас манай өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшинд хандаж, ийм хэлэлцээр болон гэж байна, саналаа өгнө үү гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс 9 хоногийн дараа буюу миний санаж байгаагаар 11 дүгээр сарын 23-нд МҮХАҮТ-аас Д.Энхтүвшин Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй албан бланк дээр ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах мөн монголын экспортыг нэмэгдүүлэхэд олон талын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гээд хариу өгчихсөн.

Өөрөөр хэлбэл, МҮХАҮТ өнгөрсөн жил энэ хэлэлцээр байгуулах дээр зарчмын хувьд бэлэн байна хэмээн хүлээн зөвшөөрөөд, МУ-аас экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж хавсаргаад явуулчихсан.

Тус жагсаалтад уламжлалт ХАА-н буюу мал аж, ахуйн төрлийн бүтээгдэхүүнд тэр дундаа арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн түлхүү багтсан. Харин энэ оны долоодугаар сарын хэлэлцээрийн төсөл нь танхимд ирсэн байдаг. Хэдийгээр энэ үед Д.Энхтүвшин дарга УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан ч түүнд хандаж "Хэлэлцээрийн төсөлд саналаа өгнө үү" гэсэн бичиг ирсэн. Харамсалтай нь, танхим хариугаа хоёр сарын дараа өгсөн юм билээ.

-Яам руу бичиг явуулахдаа танхимын гишүүдийн байр суурийг сонсоогүй гэх шүүмжлэл хэлэлцүүлгийг үеэр гарлаа. Хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн ч илүү явцуу хүрээнд санал авчихсан зүйл байгаа юм биш үү?

-Хоёр хэлэлцүүлэг зохион байгуулахад 150 орчим ААН байгууллага оролцсон гэж байгаа боловч илүү экспортлогч талдаа байгууллагууд байсан гэж би ойлгосон. Харин үндэсний үйлдвэрлэгч талын байгууллагуудын оролцоо хумигдсан. Түүнчлэн долоодугаар сард ирсэн түр хэлэлцээрийн төслийг танхимын гишүүддээ танилцуулалгүйгээр Гүйцэтгэх удирдлагын явцуу хүрээнд санал аваад яаманд хүргүүлсэн бололтой байгаа юм. Үүнээс үүдэж нийгэм талдаа ч, бизнес эрхлэгчид талдаа ч дутуу дулимаг явцын мэдээлэлтэй байсан юм байна гэх дүгнэлтэд хүрч буй юм.

Миний хувьд танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр долоо хоног л өнгөрч байна. Өнгөрөгч долоо хоногт Удирдах зөвлөлөөрөө энэхүү түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулъя, мэдэгдэл уриалга гаргая, өмнө хийсэн ажлаа олон нийтэд танилцуулъя гэх шийдэлд хүрсэн. Энэ утгаараа өнгөрөгч Пүрэв гарагт бизнес эрхлэгчид болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батхүүг оролцуулсан нээлттэй байдлаар зорилтот хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнээс илүү шийдэл талдаа бид ярилцсан

Ингэхдээ Евразийн холбоонд бид элсэх шаардлагагүй. Мөн түр хэлэлцээр гэдэг утгаараа гурван жил хүртэлх хугацаатай. Энэ гурван жилийн хугацаанд хэрэгжилт нь аль нэг талдаа эрх ашгийг нь хөндөж буй тохиолдолд тохирсон хугацаанаас наана хэлэлцээрээс гарч болно. Хэлэлцээрийн нэг ярвигтай зүйл нь, энэ түр хэлэлцээрийг тухайн гишүүн улсууд бүгд хүлээн зөвшөөрч байж байгуулагдана. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудаас 403 бүтээгдэхүүнийг санал болгосон. Манай талаас 339 бүтээгдэхүүнийг санал болгосон бөгөөд эцэслэхдээ 375 гэж тохирсон юм билээ. 375 бүтээгдэхүүн нь манай экспортыг нэмэгдүүлэх талдаа харьцангуй давуу талыг бий болгохоор байна.

Хоёрдугаарт, аливаа улс оронд гадаад худалдааны баланс тун чухал байдаг. Бид хоёрхон хөрштэй. Урд хөрштэйгөө нээлттэй, чөлөөтэй байдлаар худалдаагаа хийж байгаа. Ковидоос хойш бараг худалдааны 95 хувийг эзэлж байна. Харин ОХУ руу хийж буй экспорт 1 хувь ч хүрэхгүй байх жишээтэй. Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч экспорт болон импортын хувьд аль нэг улсаас хараат байж болохгүй талаар тусгасан байдаг шүү дээ. Том утгаараа БНХАУ-аас гадаад худалдааны хувьд хараат болчхоод байгаа. Нөгөөтээгүүр стратегийн бараа бүтээгдэхүүн болох нефть, түлш дээрээ ОХУ-аас хараат. Тийм учраас Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэр барих, дотоодын хэрэгцээг 30-40 хувийг үйлдвэрлэж гаргах зэргийг танхим бодлогын хүрээнд дэмжиж явах болно.

-Цаг үеийн хувьд хэр оновчтой гэж харж байна. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж олон улсын худалдааны хоригт орсон улсуудтай гэрээ хэлцэл байгуулах нь зохимжгүй гэх байр сууриуд ч хөвөрч байна?

-Ихэнх хүмүүс геополитикийн нөхцөл байдлаас нь харж байгаа байх. Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн болж байгаатай холбоотой. Нөгөө талдаа саяхан АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп дахин сонгогдлоо. Энэ утгаараа АНУ болон БНХАУ хооронд худалдааны тарифын "дайн" өрнөнө гэж судлаачид харж байгаа.

Эргээд геополитикийн хувьд ч гэсэн 1990 оноос өнөөдрийг хүртэл бараг л нэг туйлт буюу барууны орнууд тэр дундаа АНУ давамгайлсан. Харин олон улс судлаачдын үзэж буйгаар одоо эргээд олон туйлт дэлхийн дэг рүү шилжиж байна.

Энэ утгаараа БНХАУ дэлхийд геополитикийн хувьд төдийгүй эдийн засаг болон бусад үзүүлэлтээрээ гол тоглогч болж байна. Ийм нөхцөлд манай улс чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах нь зөв үү гэдэгт хүмүүс эргэлзэж байх шиг байна. Том зургаараа харвал, цаг хугацааны хувьд хамгийн боломжтой үе.

Бид гаалийн татвараа дорвитойгоор бууруулж чаддаггүй байсан. Монгол талаасаа хамгийн бага буюу таван хувь. Харин ОХУ-ын талаас экспортолсон барааг маань 15-50 хувийн татвар тавьдаг. Тэгэхээр үнэ өртөг, өрсөлдөх чадварын хувьд ч манай бараа таваар ОХУ-ын зах зээл дээр хамгийн бага гэсэн үг шүү дээ. Тиймээс хоёр талаасаа энэ худалдааны балансаа тэнцвэржүүлэх шаардлага байгаа. 30 жил чөлөөт зах зээлийн зарчмаар явлаа. Бид дотроо хоорондоо өрсөлдөх биш, том нь дундаа, дунд нь гарааны бизнес эрхлэгчдээ дэмжиж бойжуулаад гадагш зах зээл рүү гарах хэрэгтэй байгаа юм.

Бас нэг зүйл нь, далайд гарцгүй гэдэг нь манай улсын хувьд сул байсан байх. Харин миний хувьд Монгол Улсын газарзүйн байршлыг харин ч ашигтай гэж хардаг. Бусад Ази, Номхон далайн улс орнууд бүгд л БНХАУ-ын зах зээл рүү орох гэж өрсөлдөж байна. Бидний хувьд хуурай газраар БНХАУ-тай хамгийн урт, олон боомтоор холбогдож байна. Иймээс бид нэмэлт тээвэр, логистик далайн замд хөрөнгө зардал гаргахгүйгээр шууд БНХАУ-ын зах зээл рүү нэвтрэх боломж байгаа. Хоёрдугаарт, ОХУ байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Иймээс гол түүхий эдийн гол ханган нийлүүлэгч ОХУ, гол хэрэглэгч БНХАУ хоёрыг холбох буюу эдийн засгийн коридор бий болгох боломж бололцоо олдож байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн харилцан ашигтай байлгах нөхцөл бүрдэж байгаа нь, ОХУ Европын холбоо болон барууны улсууд руу зах зээл болон хөрөнгө оруулалтын сувгууд нь хаагдчихсан учраас хятад руу гарах сонирхолтой байгаа. Үүлэн чөлөөний зай гэдэг шиг энэ боломжийг ашиглах нь зөв.

-Бараа бүтээгдэхүүний жагсаалт дээр сайжруулалт оруулахаар ажиллана. ЭЗХЯ, ХХААХҮЯ-тай тогтмол холбоотой ажиллаж, үйлдвэрлэгч нарын эрх ашгийг хамгаалсан боломжийг эрэлхийлнэ-

-Том дүр зургаар, үүнийг боломж хэмээн харж бодлогын хүрээнд дэмжих байр сууринаас хандана гэлээ. Гэтэл саяхан танай танхимын Удирдах зөвлөлөөс тус хэлэлцээрийг хойшлуулах шаардлагатай гэх албан мэдэгдлийг гаргасан байсан. Үүнээс харахад, та бүхэн гаргасан байр суурь дээрээ нэгдмэл байж чадахгүй байгаа юм уу?

-Өмнө практик жишгээрээ аливаа мэдэгдэл уриалга гаргахад танхимын байр суурь илүү нийт гишүүдийн буюу Гүйцэтгэх удирдлагаараа дамжуулж гардаг байсан. Өнгөрөгч 12 дугаар сарын 9-нд удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Гэхдээ үүнийг нийт удирдах зөвлөлийн байр суурь гэж хэлж болохгүй. Удирдах зөвлөл маань 75 гишүүнтэй. Үүний 21 нь орон нутгаа төлөөлдөг. Удирдах зөвлөлийн гишүүдэд маань экспортлогч болоод дотооддоо ханган нийлүүлдэг бизнес эрхлэгчид төдийгүй банк, санхүүгийн байгууллагуудаас ч бий. Тэгэхээр энэхүү мэдэгдэл маань илүү гадаад худалдаа талдаа экспортлогч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгч талын гишүүдийнхээ байр суурийг түлхүү гаргаж ирсэн гэсэн үг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө зарчмаар л явах гэж үзээд байна шүү дээ.

Бүх салбарын, бүх бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэг түвшинд хамгаална гэдэг боломжгүй. Тиймээс том агуулгаараа манайх үндэсний танхим учраас бид үндэсний худалдаа, үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Мөн шинээр гарч ирж буй хөрөнгө оруулагчдаа хамгаалах чиглэлийн хүрээнд энэхүү мэдэгдлийг гаргасан гэж ойлгож болно.

-Мэргэжлийн яамд нь ирээд гаргасан тооцоо, судалгаа, үр дагавар зэргийг танилцуулчихлаа. Цаашид харин хэрхэх вэ. Танхим дотоодын үйлдвэрлэгч нарынхаа зах зээлийг хамгаалсан ямар шийдлийг түр хэлэлцээрийн төсөл дээр оруулах вэ?

-Түр хэлэлцээрийг сөрөг нөлөө авч ирнэ гэж харж байгаа бизнес эрхлэгчид байна. Нөгөө талдаа гадаадын бараа таваарыг импортлогчдод энэ хэлэлцээр илүү ашигтай. Зөвхөн импортлогчоос зарим хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж буй бизнес эрхлэгчдийн 70-80 хувь нь гадаадаас түүхий эдээ авч байгаа. Тэдэнд чөлөөт худалдааны түр хэлэлцээр гаалийн татварыг хөнгөвчлөх чиглэлээрээ илүү ашигтай харагддаг. Хэлэлцээр эцэслэх шатандаа яваа. Гэхдээ энэ хэлэлцээр нь гарын үсэг зурагдсан даруйд хэрэгжээд явах зүйл биш. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль гэж байдаг. Эл хуулийн дагуу эцэслэх, соёрхон батлах процесс нь УИХ дээр намын бүлэг, байнгын хороод, УИХ дээр ч явна. Энэ хооронд танхим гараа хумхиад суухгүй. Галт тэргэнд сууж чадаагүй юм чинь гээд хоцрох бус зүтгүүр юмаа аваад хойноос нь очиж галт тэрэгний цуваанд холбогдох учиртай. Бараа бүтээгдэхүүний жагсаалт дээр сайжруулалт оруулж болж байна. Бид ЭЗХЯ, ХХААХҮЯ-тай тогтмол харилцаа холбоотой ажиллаж, тогтмол мэдээллийн сувагтай байя гэж байгаа.

Нөгөөтээгүүр ЭЗХЯ-наас ирэх жил ажлын хуваарь гаргаад, Тэргүүн шадар сайдаас авхуулаад холбогдох газруудын удирдлагууд, мэргэжилтнүүдийг багтаасан ажлын хэсгийг гаргаж, дотоодын үйлдвэрлэгч нарынхаа үйлдвэр дээр очиж ажиллана. Эргээд төр засгаас ямар дэмжлэг үзүүлж болохоор байна вэ гэдгийг харна. Мөн салбарынхантай хийх уулзалтыг тогтмолжуулна. Үндэсний баялгийг бүтээж байгаа үйлдвэрлэгч нараа танхим татвар төлөгчийнх нь хувьд хамгаална. Өөрөөр хэлбэл, бид шинэлэг шийдлийг оруулна. Жишээлбэл, түр хэлэлцээрийг байгууллаа гэж бодъё. Тэгвэл ямар нэг байдлаар сөрөг нөлөөлөл бий болгож байгаа ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгч нар дээр гаалийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хүн капиталынх нь хувьд ажилчдынх нь НДШ-ийг бууруулах, НӨАТ-ын татварыг нь таван хувь болгох зэрэг ашиг орлогыг нь тэнцвэржүүлэх арга механизмыг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Т.Дүүрэнгийн баривчлагаанд би ч ЦОЧИРДСОН-

-Үргэлжлүүлээд танхим болон танхимын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотой асуух зүйлс байна. Таны хувьд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод 14 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд ажилтайгаа хэр сайн танилцаж амжив. Таны хувьд өмнө танхимд ахлах зөвлөх, Удирдах зөвлөлийн түвшинд ажиллаж байсан учраас арай ойр байсан болов уу. Ажлаа юунаас эхлүүлэхээр зорьж байна?

-Би 30 жилийн өмнө МУИС-д суралцаж байгаад Энэтхэгт эрх зүйчээр хос мэргэжил эзэмшихээр явж байсан юм. Тэр үед Ерөнхийлөгч Очирбат гуайн айлчлал таарч, бизнесийн топ 10 татвар төлөгчид дагалдаж ирэхэд би орчуулга хийж анхныхаа хөдөлмөрийн хөлсийг МҮХАҮТ-аас авч байв. Нөгөөтээгүүр би шилжилтийн процессыг дотор, гадна, хажуу хөндлөнгөөс хүртэл ажиглах төдийгүй оролцох боломж гарч байсан. Ялангуяа хамгийн хүнд хэцүү буюу ковид цар тахлын үеийг даван туулах эргээд ердийн байдал руу шилжих мөчид ажилласан. Бизнес эрхлэгчдийн хувьд бүрэн сэргэлт бий болоогүй байна. Ердөө ганц, хоёрхон жилийн дотор ковидын өмнөх шиг бизнесийн орчин, эдийн засгийн өсөлт бий болчихгүй. Тодорхой хугацаа шаардана байх.

Олон нийт маань танхимын Ерөнхийлөгчийг байгууллагаа шууд удирдаад явдаг гэж бодоод байх шиг байна. Хэдийгээр үндэсний танхим маань бизнесийг төлөөлж байгаа боловч төрийн бус байгууллага. Өөрөөр хэлбэл, бид нэг талдаа танхимын хуулиар явна. Хоёрдугаарт, төрийн бус байгууллагын хуулийг дагах учиртай. Нэг сонирхолтой статистик гэвэл, 6400 идэвхтэй гишүүнчлэлтэй байгаа. Түүний 2700 нь нийслэл хотын бизнес эрхлэгчид байгаа бол 3700 нь орон нутгийн гишүүд. Тэгэхээр бид орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжих шаардлага байна. Эргээгээд Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болоод Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, Цагаан алт, Шинэ хоршоо зэрэг хөтөлбөрүүдийг төсөл хөтөлбөр, хуваарилалттайгаа уялдуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гол платформ нь танхим гэж харж байгаа. Тэр ч утгаараа бид компанийн засаглал талаасаа зохистой удирдлагын зарчмыг дотроо хэрэгжүүлэх ёстой. Иймээс би сонгогдсоныхоо дараа танхимын нийт ажиллагсадтайгаа уулзаж, өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Мэдээж том зорилтууд бий. Гэхдээ ажилтнуудтай маань холбоотой ямар зүйл заалтууд байна вэ гэдгийг танилцуулсан. Тухайлбал, өчигдөр Жендерийн үндэсний хорооны хурал болсон.

Мэдээж танхимын гишүүд талдаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ. Харин дотоод зохион байгуулалт, удирдлагын хувьд эмэгтэй удирдлагын багийг дунд болон дээд шатанд тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана. Ажил, амьдралын тэнцлийг нь хангаж ажиллахаар ажиллана. Орчин үед чинь гол капитал нь хүн болчхоод байна шүү дээ.

Мөн манай гишүүн байгууллагуудын хамгийн сайн хийж чадаж байгаа тэр чиг үүргийг нь танхимдаа байлгаж, түүнд үр ашиггүй зардал гаргахаа больё гэж байгаа. Нээлттэй байдлаар гэрээлнэ гэсэн үг. Аль чадаж байгаа компанид нь тухайн чиг үүргийг аутсорсинг хийх байдлаар шилжүүлж болно. Ингэснээр танхим өөрөө гишүүн байгууллагаа шууд дэмжиж байгаа юм. Нөгөөтээгүүр бага зардлаар одоо хэрэгжүүлж байгаа ажлуудаас үр нөлөө багатай байгаа чиг үүргийг аутсорсинг байдлаар чанартай, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх боломж гарч ирнэ гэж бодож байгаа.

-Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль нэлээн "галтай" болсон. 9 хүн нэр дэвшсэн. Та энэ өрсөлдөөнд анхнаасаа байсан юм уу?

-Миний хувьд анх удаа нэр дэвшээд сонгогдсон зүйл биш. Өнгөрсөн жил хамгийн олон буюу 13 хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, түүнээс гурван хүн нь нэрээ татсан байдаг. Бараг л улс төрийн сонгуулиас ялгаагүй үйл явц болж өнгөрсөн. Миний хувьд өнгөрсөн жил гарааны бизнес ч эрхэлж байсан. Тэр маань нэг унаж, нэг босож яваа. Мөн өөрийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудад Гүйцэтгэх захирлын түвшинд ажиллаж байсан туршлага болоод эдийн засгийн болон бусад холбоодыг удирдаж байсан туршлагадаа үндэслэн нэр дэвшсэн. Өмнөх жилийн сонгуулийн эхний санал хураалтаар Д.Энхтүвшин бид хоёр хамгийн их санал авч, дараагийн санал хураалтаар өрсөлдсөн. Хоёр дахь шатны санал хураалтад оролцогчдын ирц хүрээгүй. Ээлжит их хурал байсан учраас хэлэлцэх асуудал ч их байсан. 47 орчим хувийн ирцтэйгээр болсон хоёр дахь шатны санал хураалтад Д.Энхтүвшин 30 орчим хувийн санал авсан. Гэхдээ миний бие нийт төлөөлөгчдөө хүндлээд, зодгоо тайлаад ирц хүрээгүй ч гэсэн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөн.

Харамсалтай нь, Д.Энхтүвшин маань тухайн үед улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй, дараагийн дөрвөн жилд танхимаа тогтвортой удирдаад явна гэж хэлж байсан боловч УИХ-д намын жагсаалтаар дэвшиж, гишүүн болсон. Энэ нь магадгүй улс төрийн намуудын төлөвшилтэй ч холбоотой байх. Миний өөрийн байр суурь бол улс төрөөс ангид байх ёстой.

Хэрэв аль нэг шатны сонгуульд оролцох болбол танхимын нэрийг барьж нэр дэвших ёсгүй гэж би боддог. Улс төрийн сонгуульд нэр дэвшигчээр оролцох бол би бие дааж нэр дэвших ёстой.

Гэвч Д.Энхтүвшингийн хувьд танхимын Ерөнхийлөгч гэдгээрээ намын жагсаалтад бичигдсэн. Нэг талдаа энэ нь намын хувьд буруу шийдвэр гэж харж байгаа. Улс төрөөс хамгийн ангид байх ёстой танхим, үйлдвэрчний эвлэлийн удирдлагыг намын жагсаалтад бичсэн нь буруу зүйл байсан. Нөгөө талдаа нийтийн эрх ашгийг хамгаалах Үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн. Иймээс танхимын дараа дараагийн удирдлагууд маань үүнээс сургамж авах байх. Хоёр ч асуудал дээр улстөржилт явлаа шүү дээ.

Танхимын нэр хүндийг ашиглаад аль нэг талд үйлчлүүлэх гэсэн явцуу гишүүд, бүлэглэлүүд байна гэж харж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс аливаа намын төлөөлөл болж, УИХ аль эсвэл Засгийн газарт томилогдох нь буруу жишиг гэж харж байна.

-Сонгуульд нэр дэвшигч биечлэн оролцож чадаагүй. Т.Дүүрэн нэр дэвшигчийн тухайд сонгуулийн өмнөх өдөр шүүхээс цагдан хорих шийдвэрийг хүлээж авсан байдаг. Энэ баривчилгааг та адилхан нэр дэвшиж байсан хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Өмнө тохиолдож байгаагүй үйл явдал. Миний ойлгож буйгаар, өмнө шалгагдаж байсан асуудал байсан юм билээ. Харин ээлжит бус их хурлын өмнө нэр дэвшигчийг тодорхой хугацаагаар цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байсан удаагүй тул бусад нэр дэвшигчдийн адилаар би ч энэ үйл явдалд цочирдсон. Тухайн баривчилгаанаас хоёр цагийн өмнө би Т.Дүүрэнтэй уулзаж, сонгуулийн асуудлаар ярилцаж байсан юм. Энэ талаараа ч тэр цахим хуудсандаа бичсэн байдаг шүү дээ. "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, "АПУ"-ын Батсайхан ч дуудаж уулзлаа. УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч ярилаа. Ер нь том бизнесүүд танхимын удирдлага руу улайрч байна гэж.

Хамгийн ноцтой нэг зүйл нь, Таванбогдын Баатарсайхан "Гүйцэтгэх захирлаараа үлдчих, Ерөнхийлөгчийн ажлыг өгчих" гэсэн өгүүлбэр ч явж байсан шүү дээ. Түүнд нь би илүү цочирдсон. Үнэхээр Т.Дүүрэнгийн хэлж буйгаар улс төр, бизнесийн нөлөө орчхов уу, яагаад заавал сонгуулийн өмнөх өдөр ингэж баривчлав гэх мэт бодлууд төрсөн. Манай танхим улс төржилтөөс хол байх ёстой.

-Санал хураалтын өмнө намайг Д.Энхтүвшин дуудаад "Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Гэхдээ ирж уулзаарай" гэж "заналхийлсэн"-

-Баривчилгааны маргааш нөхөн сонгууль явагдсан. Д.Энхтүвшин гишүүн тантай гар барихаас татгалзсан, таныг "өөрөө сэдчихээд" гэж бичсэн зүйл ч бий. Т.Дүүрэнгийн баривчилгаанд таныг оролцоотой гэх хардлага гарсан шүү дээ?

-Хүн хардах эрхтэй. Гэхдээ хүний нэр төрийг гутааж болохгүй. Миний нэг цочирдсон зүйл гэвэл, Д.Энхтүвшин гишүүн маань өнгөрсөн онд надтай өрсөлдөхдөө ийм асуудал гаргаж байгаагүй. Харин ч инээж, ханиагаад, дараагийн сонгуульд намайг заавал нэр дэвшээрэй, дэмжинэ хэмээн илэрхийлж байсан хүн. Тэр үед би ч ёс жудагтай загнасан гэж боддог. Гэтэл энэ удаагийн сонгуульд Д.Энхтүвшин өөрөө нэр дэвшээгүй хэр нь өнгөрсөн удаад надад хэлж, дэмжиж байсан байр суурь нь 360 градус эргэсэн байсанд гайхсан. Төлөөлөгчдөөс асууж байхад гол өрсөлдөөн Т.Дүүрэн, Ц.Баатарсайхан нарын хооронд болно гэж таамаглаж байсан юм билээ.

Хоёрдугаарт, үүнийг илэн далангүй хэлсэн нь зөв байх. Тэнд 705 төлөөлөгч оролцсон. Санал хураалтын өмнө намайг Д.Энхтүвшин дуудаж уулзсан. Үүний яг өмнөхөн нь танхимаа ил тод болгоно, санхүүг шамшигдуулсан, буруу зорилгоор ашигласан асуудлыг ил тод болгоно зэрэг өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байсан. Харин дараагаар Д.Энхтүвшин надтай уулзахдаа "Хэрэггүй асуудлаар шүгэл үлээгээд их том юмны үүд хаалгыг нээчихлээ. Чи ялагдана. Гэхдээ ирж уулзаарай" гэж хэлсэн. Үүнийг би заналхийлэл гэж харж байгаа.

Үргэлжлээд эхний санал хураалт дууссаны дараагаар Д.Энхтүвшин хүрч ирээд намайг шууд заамдаад авсан. Тэгэхдээ нийгмийн сүлжээгээр бичсэн шиг гүтгэлгийн чанартай зүйлсээ хэлсэн. "Чи найз Т.Дүүрэнгээ шоронд хийчихлээ. Чи найзуудаа дандаа шоронд хийдэг. Т.Аюурсайхан найзыгаа хүртэл нүүрсний хэргээр шоронд хийсэн. Чамайг бүгд мэднэ" гэсэн. Би эрхэм гишүүнд хандаж нэг л зүйлийг хэлсэн. "Хэрвээ тэр авлигачин бол миний найз биш" гэж.

Мөн намайг төлөөлөгчдийг хахуульдлаа гэж гүтгэсэн. Харин эсрэгээрээ надад баримт байгаа гэдгийг би хэлсэн. Учир нь над руу гар далайх мөчид тэрбээр нэг ноцтой зүйл хэлсэн нь "Би энэ их хурлын бүх зардлыг гаргаж байгаа. Тиймээс чи зайл. Чи энд байх ёсгүй" гэсэн. Энэ талаар хурлын үеэр манай танхимын УЗ-ийн гишүүн, "Жүр Үр" компанийн захирал Мөнхзул "Өмнөх Ерөнхийлөгч энэ их хурлын бүх зардлыг дааж байгаа. Дараагийн Ерөнхийлөгч нарт энэ жишгээр явбал зүйтэй байх" гэж хэлсэн. Харин энэ асуудалд би эсрэг байр суурьтай байгаа. Энэ байгууллага өөрийн гэсэн санхүүтэй. Ээлжит болон ээлжит бус хурлын зардлыг гаргаад л явдаг. Харин зардлыг гаргасан гэх энэ үйлдэл нь төлөөлөгч нарыг хахуульдах гэсэн оролдлого гэж би хардаж байгаа.

Мөн хоёр дахь санал хураалтын өмнө төлөөлөгчид суусан эгнээгээр яваад "Найз Т.Дүүрэнгээ шоронд хийчихсэн. Тиймээс Л.Төр-Одын төлөө битгий санал өгөөрэй" гэж хэлсэн талаар сонссон. Хоёр дахь шатанд хоёрхон нэр дэвшигч үлдсэн байсан. Өөрөөр хэлбэл, шууд бусаар "Ц.Баатарсайханыг дэвжээрэй" гэсэн утга илэрхийлэгдэж байна шүү дээ. Тэгэхээр эрхэм гишүүн маань анхнаасаа Ц.Баатарсайханыг дэмжиж, их хурлын үйл ажиллагаанд оролцсон юм байна гэж бодсон.

Хоёр дахь санал хураалт дууссаны дараагаар гаргасан үйлдлийг сошиалд та бүхэн бичлэгээр нь харсан байх. Ийм л зүйл болсон.

Иймээс би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байгаа. Би энэ хоёр долоо хоногийн хугацаанд надаас уучлалт гуйх болов уу гэж тэвчээртэй хүлээлээ. Гэвч уучлал гуйгаагүй учраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд гомдол гаргаж байгаа. Яагаад гэвэл танхимын их хурлын үеэр надад заналхийлсэн агуулга бүхий хариуцлагагүй үйлдэл гаргасан.

-Таныг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн байсан гэдэг нь хардах нэг үндэслэл болсон гэж харсан?

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч шууд томилдог. Олон нийтийн зөвлөлийн гишүүд гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд л хяналт тавьдаг. Түүнээс биш бидэнд мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрх байхгүй.

Тухайн үед намайг олон нийтийн зөвлөлийн гишүүн байхад хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж гурван жил бид хамтдаа ажилласан. Гэтэл би тэд нараас давуу эрхтэй байгаад хэн нэгнийг захиалгаар баривчлуулна гэсэн зүйл байхгүй шүү дээ.

Гэтэл намайг тус зөвлөлийн гишүүн байсан гэдгээр холбосон нь эрхэм гишүүнийг миний нэр төрд халдсан гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний эрх зүйн статус, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаа.

-Нөгөөтээгүүр та түрүүн Д.Энхтүвшин гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан үедээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр цөөнгүй ажил, арга хэмжээнд оролцсон гэж байсан?

-Миний санаж байгаагаар Д.Энхтүвшин гишүүн зургаадугаар сарын 10-нд өргөдлөө өгсөн гэж байгаа. Тэгсэн мөртлөө танхимын удирдлагаар арга хэмжээнд оролцоод яваад байсан. Тухайлбал, улс төрийн сонгуулийн үеэр хоёр ч удаа танхимын Ерөнхийлөгч статусаар гадаад арга хэмжээнд оролцсон. Мөн 11 дүгээр сарыг дуустал Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн хурлыг даргалсан байдаг. Манай танхимын дүрэм дээр ч бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн хэр нь Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээд явсан байна. Гадаадад ч Ерөнхийлөгчийн хувиар арга хэмжээнд оролцоод явсан нь нотлогдож байгаа.

-Би "МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна" гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Тэргүүн шадар сайд гээд хэнээс нь ч орж дэмжлэг гуйгаагүй-

-Үүнтэй зэрэгцээд таныг Ерөнхий сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан нь Т.Дүүрэнгийн баривчилгаанд ч, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ч нөлөөлсөн гэж харахад хүргэсэн?

-Миний хувьд дөрвөн хэвшилд ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчаар 1999 оныг дуустал ажилласан. НҮБ-ын олон улсын байгууллагад ч зургаа орчим жил ажилласан байдаг. Тухайн он цагуудад ч би илүү хувийн хэвшлийнхэнтэйгээ ажилласан. ХЗДХЯ-нд ажиллаж байхдаа ч банк санхүү, хөрөнгө оруулалтын ажлыг хариуцаж байсан. НҮБ-д ч ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төрийн өмчит үйлдвэрлэлийн бүтэц зэргээр ажиллаж байсан. Ер нь миний сүүлийн 25 орчим жилийн ажлын туршлага хувийн хэвшилд байдаг. Энэ хугацаанд хоёр ч Ерөнхий сайдын орон тооны болон орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв. Ерөнхийлөгчийн шадар туслах ч хийж байсан. Гэхдээ энэ ажлууд маань тодорхой асуудлыг шийдээд, түүнд нь туслалцаа дэмжлэг үзүүлээд гарах л байсан. Тухайлбал, миний бие өмнө шүүхийн багц шинэтгэлийг хийхэд гар бие оролцсон. Сая зургаан сарын хугацаанд Ерөнхий сайдын авлигын эсрэг бодлого хариуцсан зөвлөх байсан. Миний бие энэ хугацаанд ХЗДХЯ болон ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлтэй авлигын эсрэг реформыг хууль тогтоомжийн хүрээнд бататгахаар ажиллаж байв. Тиймээс авлигын эргэн тойронд яригддаг энэ асуудлуудыг шийдэхийн тулд зөвхөн төр засаг гэлтгүй хувийн хэвшил чухал үүрэг рольтой юм байна гэж бодсон. Миний мөрийн хөтөлбөрт ч энэ талаарх заалтууд тодорхой туссан байдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ч ажиллана. Миний хувьд гол баримталдаг зарчим бол аливаад шударгаар өрсөлдөх. Тийм ч учраас 11 дүгээр сарын 28-нд ээлжит бус их хурал болсон. Би нэр дэвших материалаа өгөхийн өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн. 11 дүгээр сарын 26-нд бүх нийтийн амралтын өдөр байсан тул миний чөлөөлөгдсөн тушаал Лхагва гарагт ирсэн.

Ерөнхий сайдын хувьд шийдвэрийг маань хүндэтгэсэн. Ингэхдээ "Энэ бол таны өөрийн чинь шийдвэр. Танхим улстөржихгүй, төр засгийн хэрэгт оролцдоггүй эргээд төр засаг нь танхимыг хүндэтгэж, дотоод хэрэгт оролцдоггүй байх зарчмаар явах ёстой" гэх зарчмын байр суурийг Ерөнхий сайд надад илэрхийлсэн. Би ч "Олон хүний итгэлийг дааж яваа тул сонгогдсон ч, сонгогдоогүй ч ажлаа өгч байна. Төр засгийн зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, бүтээлч шийдлээр хамтран ажиллах боломж байна" гэдгээр байр сууриа илэрхийлсэн.

Би МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байна гэж ямар нэг байдлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Тэргүүн шадар сайд дээр орж дэмжлэг гуйгаагүй, бичүүлээгүй, хүмүүсээр яриулаагүй. Гол зүйл нь хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй.

-Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг төсөв, орон тоотой нь тодорхой хугацаанд танхимд шилжүүлэх саналыг Шадар сайд Т.Доржхандад тавихаар бодож байгаа. Бид агентлагийг яаж ажиллуулдгийг нь харуулья, чадахгүй бол төр буцаагаад авчхаж болно-

-Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшил хоёр нь хэт хутгалдаж, өвөр түрийндээ орж ирлээ гэж шүүмжлүүлж ирсэн. Ер нь төр нөгөө талд хувийн хэвшил нь өөрсдийн зааг, зарчмаа хэрхэн барьж ажиллах ёстой вэ. Та энэ чиглэлд танхим дээрээ ямар бодлого барих вэ?

-Олон улсын жишгээрээ танхим маань төрийн бодлогод хувийн хэвшлийн өмгөөллийг хийх, бизнесийн гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалж, хөхиүлэн дэмжиж, таатай бизнесийн орчинг бий болгох чиглэлд ажиллах ёстой. Миний хувьд мөрийн хөтөлбөртөө үндсэн таван зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Нэгдүгээрт, танхим 6400 гишүүнтэй. Миний хувьд эдгээр гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой. Тодорхой бүлэг компани аль эсвэл том, жижиг дундаар нь ялгах биш. Манайд бүртгэлтэй компаниуд том жижиг байхаас үл хамаараад гарааны залуу, эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана. Үндэсний танхим гишүүддээ ямар үр өгөөж, үйлчилгээ үзүүлэх юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Төр засагтай холбож, гүүр болоход, бодлогын шинж чанартай зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх эргээд "Алсын хараа 2050" урт хугацааны бодлогод дурдсанчлан хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцоход хувийн гэх тодорхойлолтыг оруулж өгч чадсан. Мөн төвлөрсөн удирдлага бүтцээс илүүтэй төлөөллийн танхимын бодлоготой байх ёстой. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо ямар байх гэдгийг ярилцаж, төсвийн хуваарилалтаасаа эхлүүлээд ярьж хэлэлцээд төр, хувийн хэвшлийн хуулийн хүрээнд эрх зүйн орчныг нь бүрдүүлээд явах боломжтой гэж харж байгаа.

Нөгөөтээгүүр чөлөөт өрсөлдөөнд суурилсан байх ёстой. Чөлөөт бөгөөд шударга өрсөлдөөн. Ер нь манай бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн гол дарамт , шахалт нь татвар дээр байдаг. Тиймээс татварын орчинд тодорхой өөрчлөлт хийх ёстой. Ялангуяа гарааны болон ЖДҮ эрхлэгчдэд ашиг олж байвал татвар ногдуулах ёстой. Түүнээс биш том бизнесүүдтэй адилаар орлогоос нь аваад байх биш. Би өөрөө ч том бизнесүүдийн гүйцэтгэх түвшинд ажиллаж байсан учраас энэ асуудлыг сайн мэднэ. Үүн дээр жишээлбэл, НӨАТ-ын татварыг 5 хувь болгон бууруулах шаардлага байна. НДШ-ийг дорвитой бууруулах шаардлагатай.

Гишүүдээ өргөтгөөд бүртгэлтэй 6400 гишүүдээс гадна монголд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа хувиараа бизнес эрхлэгчдэд хүрч ажиллана. Тэдгээрийн эрх ашгийг нийтлэг байдлаар төр засгийн өмнө өмгөөлье. Бид дотроо өрсөлдөх биш хамтдаа бүс нутгийн буюу олон улсын зах зээл дээр гарч ажиллах ёстой.

-1995 оноос хойш шинэчилж чадаагүй МҮХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдсан хэр УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд гацчихаад байна. Хуулийн төслийг батлуулах ажлыг хэрхэн урагшлуулах вэ. Та энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Танхимын хууль маань хэд хэдэн Засгийн газар, УИХ-ын нүүрийг үзэж байна. Би өөрөө анхны хуулийн төсөл дээр нь сууж байсан. Ялангуяа олон улсын танхимуудын чиг хандлага хаашаа байна вэ гэдгийг судалж байв. Ерөнхийдөө үндсэн гурван загвар байдаг. Нэгдүгээрт, уламжлалт сайн дурын байдлаар хуульчлагдаад явчихсан Европын загвар ч юм уу. Америкт бол цэвэр сайн дурын санаачилга бизнесийн ассоциаци хэлбэрээр явдаг. Нөгөөтээгүүр Европт бол 16-р зууны үед үүссэн танхимуудын гарал үүсэл, хөгжлийг харвал эхлээд сайн дурын бизнесийн эрх ашгийг барьж байв. Ингэхдээ үйлдвэрчний эвлэлүүд нь үйлдвэрчний биш худалдааны эвлэл гэж байгуулагдаж байсан. Тиймээс манай үйлдвэрчний эвлэлийг ч мөн адил дотоодод байгаа худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашгийг хамгаалах ёстой гэж хардаг. Танхим бол бизнесийг том зургаар нь хардаг байх. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гээд байдаг. Тэд маань гурвалсан хэлэлцээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохоос авхуулаад төр засгийн зарим процесст хамтран оролцоод явж байгаа.

Танхимын хууль дээр ямар зохицуулалт хийх ёстой вэ гэвэл, олон нийтийн танхимуудын чиг хандлагад нийцүүлэх. Эргээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмын дагуу тодорхой чиг үүргийг нь танхимд шилжүүлэх ёстой. 1997 онд л намайг Хуульзүйн яаманд ажиллаж байхад анхны Засгийн газрын тогтоолоор төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад хариуцуулж шилжүүлнэ гэх тогтоол гарч байв. Харин одоо үүнийг тодорхой болгох ёстой. Жишээлбэл, хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг төсөв, орон тоотой нь тодорхой хугацаанд танхимд шилжүүлэх саналыг Шадар сайд Т.Доржхандад тавихаар бодож байгаа. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд биш юм аа гэхэд эхний хоёр жилийн хугацаанд. Бид агентлагийг яаж ажиллуулдгийг нь харуулъя, чадахгүй бол төр буцаагаад авчхаж болно.

Боомтын бүтээн байгуулалт дээр ч ялгаагүй. Төв замын холболтын асуудал дээр нь төр засаг ганцаараа чадахгүй бол танхимын шугамаар тусалж дэмжиж болно шүү дээ. Шинээр барих гэж байгаа боомтын бүтээн байгуулалтын менежментийг танхимд өгчих. Үндэсний танхим хөрөнгө оруулагчийг нь татаад, менежментийг нь хийгээд үзүүлээд, харуулъя. Мөн ялгаагүй чадахгүй гэж үзвэл төр буцаагаад л авчихна. Өөрөөр хэлбэл, ийм тодорхой асуудлаарх менежментийг нь гэрээний үндсэн дээр танхимд өгөөд асуудал гаргасан тохиолдолд эргээд бидэнтэй хариуцлага ярьж болно.

Төр өөрөө хийх ёсгүй зарим ажлыг хийгээд байгаагаас өөрсдөө авлигадаа идэгдэж, ашиг сонирхлын зөрчлийг гаргаад эхнээсээ гэм шийтгэл аваад явж байгаа хүмүүс цөөнгүй байна. Үүний гаргалгаа нь танхим маань бусад улс орны танхимуудын жишгээр л ажиллах явдал юм.

Хоёрдугаарт, өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрөвдүгээр сард Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Концепцын хувьд зөв хэр нь нэг ноцтой заалт орсон. Уг нь энэ маань Танхимын хуультайгаа уялдаж батлагдах ёстой байсан юм. Гэтэл мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах түүнд тавих шаардлага гэх хэсэгт хоёр шаардлага байгаа юм. Нэг нь заавал байх ёстой шаардлага мөн. Харин ямар холбоо байх ёстой вэ гэдгийг тодорхойлохдоо "...үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх" гэж заасан. Энэ нь олон улсын нийтлэг зарчмыг ч зөрчсөн эргээд Үндсэн хуулиа зөрчсөн заалт байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүх салбарт оролцож байгаа монопол компаниудын хяналт дор мэргэжлийн холбоодыг аваачих эрсдэлийг бий болгоно. Энэ нь шууд ашиг сонирхлын зөрчлийг бий болгоно. Тиймээс энэ заалтыг МҮХАҮТ-ын хуулийг хэлэлцүүлэхтэй зэрэгцэн өөрчлөлт байдлаар оруулж, батлуулах ёстой. Тэгж байж төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, эргээд танхим мэргэжлийн холбоодод үүрэг хариуцлагатайгаа цуг ирнэ. Ийм цогц байдлаар бид шийдлийг олох ёстой.

Ярилцсанд баярлалаа

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР БҮТЭН ҮЗЭХ:

Чингэлтэй дүүргийн Мөсөн гулгуурын талбай энэ сарыг дуустал иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ
Чингэлтэй дүүргийн Мөсөн гулгуурын талбай энэ сарыг дуустал иргэдэд ҮНЭГҮЙ үйлчилнэ
 
ОБЕГ: Замын-Үүдээс Улаанбаатар руу  зорчиж явсан ачааны автомашин шатаж байсныг унтраажээ
ОБЕГ: Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан ачааны автомашин шатаж байсныг унтраажээ
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!