Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ганзориг: “Ралли рэйд” төрөлд “Финиш” хийх л хамгийн гоё мэдрэмж 

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
15 минут 6 секунд

33 дахь жилдээ зохиогдож буй ДАШТ-ий нэгэн цуврал болох “Абу Даби Дессерт Челлэнж” тэмцээний “Ралли Рэйд” төрөлд эх орноо төлөөлөн оролцож амжилттай “финиш” хийж чадсан Ч.Ганзоригтой ярилцлаа. “Арабын шаах” гэж манайхны ярьдаг алс холын Абу Дабигийн хөлгүй элсэн манханд Монголын салхийг үгүйлсэн таван өдрийн уралдаанд 2000 км бартаат замыг эр зориг, эцсийг нь үзэх хүслээр тэвчээр заан уралдаж, сонирхолдоо хөтлөгдөн мото унаж эхэлсэн ч экстрим спорттой 10 жил нөхөрлөж Олон улсын тэмцээнд оролцсон туршлага, мото спортын талаар ярилцсан юм.

-Хамгийн сүүлд оролцоод ирсэн тэмцээнээс яриагаа эхэлье. Олон улсад хэр чансаатай тэмцээн бэ?

-“Абу Даби Дессерт Челлэнж” тэмцээн бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болдог. Тав хоногийн турш элсэн цөл дунд 2000 км зам туулдаг уралдаан. Жилдээ Дэлхийн аварга шалгаруулах таван цуврал тэмцээн болдог. Хамгийн эхэнд “Дакар”, дараагаар нь “Абу Даби Дессерт Челлэнж” зохиогддог. Тэгээд үргэлжилсэн таван тэмцээний нийлбэр дүнгээр Дэлхийн аваргаа тодруулна. Ерөнхийдөө Дэлхийн аваргын нэг цуврал тэмцээн. Миний хувьд өмнө нь хойд хөршид зохиогддог “Силквэй” Олон улсын тэмцээнд оролцож байсан. “Дессерт Челлэнж” бол өөрөө элсэн цөлд болдог учраас нэлээн хүнд хэцүү төрөлдөө тооцогддог юм билээ. Учир нь Монголд болон Орост, өөр бусад тэмцээнд оролцоход шулуун замд хурдлах боломжтой бол элсэн цөл, элсэн манханд дураараа сайхан салхи татуулж давхих боломжгүй. Элсэн уул өөд өгсөнө, огцом бууна. Ялангуяа миний хувьд элсний зам дээр туршлага багатай болохоор өдөр болгон хүнд байсан. Ер нь амар өдөр бараг байгаагүй шүү. Дээр нь маш халуун байсан болохоор их ядарч бариандаа ордог байсан. Энэ тэмцээнд мотоциклын болон автомашины өндөр зэрэглэлийн том том багууд ирж оролцдог. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн чадалтай улсад зохиогддог болохоор өндөр түвшиний гоё тэмцээн болсон.

-Өдөрт дунджаар хэдэн километр зам туулдаг байсан бэ?

-Нэг өдөрт дунджаар 400 км зам туулдаг. Үүний 100 орчим километр зам нь барианаас гарааны хооронд явдаг “liaison” гэж манайхан ярьдаг “сул зам” байдаг. Элсэн дээр навигаци хийж, цаг тооцдог уралдааны зам нь өдөрт дунджаар 300 орчим километр байсан гэсэн үг. Өдөр болгон 300 км замыг дан элсэн манхан дунд цагтай уралдана гэхээр ямар вэ гэдгийг манай мотоцикл сонирхогчид бүгд мэднэ дээ. Ер нь элс бол маш хэцүү. Элсэнд суух амархан, нэг суучихвал гарахад хэцүү. Машин ч гэсэн ялгаагүй л байдаг шүү дээ.

-Өмнө нь Монголдоо элсний замд уралдаж байсан уу?

-Миний хувьд ихэвчлэн явахдаа Лүнгийн элс, Элсэн тасархай зэрэг газрууд руу л явж байсан. Гэхдээ Арабын элс бол манай элстэй харьцуулах арга байхгүй. Харахад бол асар их, далай шиг их элсэн манхан. Абу Дабигийн элс нь янз янзын бүтэцтэй. Маш зөөлхөн ч байна, нарийн ширхэгтэй нойтон ч байна. Зөөлөн элсэн дээр явах хамгийн хүнд байдаг. Их хүч шаарддаг. Мотоциклын хойд дугуй байнга шарвана. Тэгээд л хазаа зөв тааруулахгүй бол элсэнд очоод шигдээд суучихна. Өндөр элсэн хана руу авирахад дутах, буухдаа ч гэсэн огцом урвуу хана руу уруудна гээд манайд байдаг элснээс илүү хэцүү л юм билээ.

-Тийм хэцүү, огцом зам туулаад явж байхдаа сэтгэл зүйгээ яаж бэлдэж байсан бэ?

-Миний хувьд бартаат төрлийн мотоцикл унаад арваад жил болж байна. Нэлээн сүүлд орсон. Монгол орны уур амьсгал, улирал нь их богинохон. Дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сарыг дуустал уначихаж байгаа юм. Тэгээд 11, 12 гээд өвлийн сарууд эхэлчихээр бэлтгэл хийх боломж хомс болчихно. Сүүлийн үед зарим тамирчид маань гадны тэмцээн уралдаануудад их оролцож байна. Яг биеийн хүчний тал дээр бол би кроссфитээр хичээллэдэг. Нуруу, гар хөл маш сайн чанга байх ёстой. Экстрим спорт учраас амь насанд ч эрсдэлтэй. Тэр дундаа Раллигийн төрөлд маш их бэртэж гэмтдэг. Үхэл ч тохиолдохыг үгүйсгэхгүй.

Мэдээж маш их түгшүүр мэдэрнэ. Гэхдээ бүх айдас, түгшүүрээ хүлээн зөвшөөрч өөртөө итгэх хэрэгтэй.

Биеийн хүчний болон сэтгэл зүйн бэлтгэл сайн байхад сандарч тэвдэхгүй. Анхаарал төвлөрөл маш чухал. Өдөржин мотоцикл дээрээ зургаа хараад замаа туулаад явж байхдаа анхаарал сарних, нойрмоглох, залхуу хүрэх гэдэг ч юм уу янз янзын л юм болно. Тийм учраас бэлтгэл сайн байх хэрэгтэй. Биеийн ч бай сэтгэл зүйн ч бай бэлтгэл сайн бол анхаарлаа алдахгүй маршрут замаа сайн уншаад явбал аваар осолд орох эрсдэлээс сэргийлж, хааж чаддаг.

-Туулах замаа хараад сандрах, түгших тохиолдол байсан уу?

-Ер нь тиймэрхүү тохиолдол байдаг шүү. Өдөрт 500-600 км туулахаар заасан үед өглөө зургаа авчихаад л замаа хараад шантрах тохиолдол гарна. Ер нь нэлээн тэсвэр тэвчээр шаардсан спорт л доо. Тууштай байдал маш чухал.

-“Дессерт Челлэнж” тэмцээнийг эхлүүлж байх үеийн болон тэмцээнээ амжилттай дуусгах үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Би явахдаа нэлээн айдастай явсан. Мотоциклийн бэлтгэл бараг хийж чадаагүй. Биеийн хүчний бэлтгэл хийж байгаад л явсан. Дуусгаж чадах бол уу, яах бол гэсэн нэлээн түгшүүртэй явсан. Тэмцээн эхлэхэд ч тэр түгшүүр байсаар байсан. “Ралли” төрөлд “финиш” хийх л хамгийн гоё мэдрэмж. Тэр бүх айдас, түгшүүр, ядарсан мэдрэмжийн ард гарах үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй. Яг энэ төрлийн спортоор уралддаг хүмүүс маш сайн мэдэх байх. Тэр мэдрэмжийн төлөө л бид уралддаг шүү дээ.

-Монголд автомашин, мото спортын хөгжил хэр байна вэ?

-Сүүлийн үед мото маш хурдтай өргөжиж байна. Мото идэвхтэй унадаг миний мэдэж байгаагаар бараг 500 орчим залуус байна. Раллигийн төрлөөр манайд тэмцээн боллоо гэхэд 50 гаруй хүн оролцоно шүү. Хэдэн жилийн өмнө ийм байгаагүй. Бартаат замын спортоор бол маш хурдтай хөгжиж байгаа. “Ралли”, “Мотокросс”, “Эндуро” гээд төрлүүдээр УАШ цуврал тэмцээн болдог. Хүмүүст сайн хүрээгүй л байна л даа. Сонирхдог, уралддаг хүмүүс дундаа маш эрэлттэй ч олон нийтэд хүрч чадаагүй байна. Миний бас нэг зорилго бол мото спортыг хөгжүүлье, чанартай сайн тамирчин бэлдье гэж боддог. Сүүлийн үед сайн тамирчид олон төрж байна. Н.Төрбат, П.Мөрөн зэрэг тамирчдыг нэрлэж болно.

Тэмцээн уралдааны гол гол спонсорууд гэвэл гаднаас гэрээтэй орж ирдэг автомашин, мотоны брэндүүд байдаг. Манайд бол маш олон төрлийн брэндүүд ороод ирчихсэн байна л даа.

Олон нийтэд нэг их танигдаагүй спорт учраас спонсоруудаас дэмжлэг авахад Монголд их хүндрэлтэй.

“Husqvarna” мотоциклийн брэндийг 2018 онд эрхийг нь албан ёсоор аваад дэлгүүрээ нээж байлаа. Шведээс гаралтай 1903 он үүсгэн байгуулагдсан одоо бол Австри улсад үйлдвэрлэгддэг бартаат замын мото үйлдвэрлэдэг брэнд. Спортоор хичээллэдэг хүмүүс илүү сайн мэдэх байх нэлээн өндөр түвшний хамгийн сайн материалаар хийдэг. Бид ашиг олох гэхээсээ илүү олонд таниулах, аялал, спорт тал руугаа чиглэж ажилладаг.

-Хэр баргийн хүний сонирхоод байдаггүй спорт руу анх яаж яваад орчихсон юм бэ?

-Би ер нь багаасаа л мотоцикл унах дуртай, их хоббитой хүүхэд байсан л даа. Арван жилийн өмнө л анх өөртөө мотоцикл авах боломж олдоод “КТМ” гээд бартаат замын кросс төрлийн мотоцикл унаж эхэлж байсан. Ийм төрлийн мотоциклийг унаад үзэхээр л ойлгоно доо авч байгаа мэдрэмж өөр гэдгийг. Дээр нь манай орны онцлог байна. Монгол Улсад бол дуртай газраа мотоциклоо унаад аялаад явах боломжтой. Ийм гоё онгон зэрлэг, өргөн уудам газар нутагтай эрх чөлөөт улс дэлхий дээр ховор болчихсон. Монголд бол хамгийн тохиромжтой. Тиймдээ ч манайд илүү хурдтай хөгжиж байгаа болов уу. Миний хувьд анх энэ спортоор уралдаж мэргэжлийн тамирчин болно гэсэн зорилго байгаагүй. Зүгээр л хобби, дуртай зүйлээ л хийж байна гэж бодож байсан. Раллид уралдана гэдэг бол замаа “финиш хийх” хамгийн чухал байдаг. Миний хувьд тэр дэлхийн том тамирчидтай уралдаад байр эзэлнэ гэдэг бол угаасаа боломжгүй зүйл л дээ.

Тэгэхээр өөрийгөө сорих, өөртөө “челлэнж” хийх, айдсаа давах, нүүр тулах, ядралтаа даван туулах зэрэг нь надад илүү сонирхолтой байдаг.

Мэдээж гадагшаа тэмцээн уралдаанд явахад асар их золиос гардаг. Нэгдүгээрт цаг зав, ажил төрлөө орхиод бэлтгэлээ хийнэ. Дээр нь санхүүгийн асуудлууд нэлээд их байдаг. Үнэтэй тусдаг гэх юм уу. Ихэнх төрлийн спортод биеэ л бэлдэх хамгийн чухал байдаг шүү дээ. Гэтэл бидний хувьд биеэ бэлдэхээс гадна техникээ бэлдэх, техникээ тээвэрлэх зэрэг асуудлууд байдаг. Эдийн засгийн хувьд хохиролтой спорт гэх юм уу. Дээрээс нь эрүүл мэндийн хувьд маш их эрсдэлтэй. Түрүүн хэлж байсан. Гэр бүлтэйгээ байх цаг хугацаа бас хомсддог, тэр цаг хугацааг золиосолж л байгаа юм л даа.

Амар хялбар спорт биш. Гэхдээ би өөрөө яалт ч үгүй дуртай. Тийм ч учраас бүх юмаа зориулаад явдаг.

Яг энэ бартаат замын мотоцикл дотроо нэлээн олон төрлийн спортууд байдаг. “Триал” гэж суудалгүй мотоциклоор хана руу авирдаг. “Эндуро” гээд нэлээн тэсвэр тэвчээр шалгадаг байгалийн болон зохиомол уул хадаар уралддаг. Хамгийн олон үзэгчтэй өндөр хөгжсөн төрөл нь “Мотокросс”. Тойрог замаар трамплинуудаар харайгаад хурдтай, хурдтай эргэлтүүд хийж уралддаг бартаат замын төрөл. Дараагийнх нь болохоор “Ралли Рэйд” гээд олон өдрийн хол зайнд уралддаг. Манай оронд 1990-ээд оноос хөгжиж эхэлсэн. Гадны “Ралли” ч явагдаж байсан. Тухайн үед Парисаас Бээжин хүртэл уралдаж байсан тийм том “Ралли” ч болж байсан. Манай улсаас хоёр, гурван тамирчин оролцсон. Монголд бол сүүлийн үед аль аль төрлөөрөө маш хурдтай хөгжиж байна. Заавал мэргэжлийн тамирчин, олон улсын тэмцээн гэхгүй амралтын өдрөөр ч олуулаа нийлээд агаар салхинд гарах ч гэдэг юм уу хобби болоод хөгжиж байна. Цаашдаа ч гэсэн Монголд хөгжих бүрэн боломжтой гэж бодож байгаа. Үзээд суухад маш сонирхолтой, хүнийг маш их татдаг, үзэх харах action ихтэй спортын төрөл.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Гэр бүлийнхэн маань дэмжинэ л дээ. Гэхдээ нэг их таатай байдаггүй л байх. Гадаад, дотоодын тэмцээн гэлтгүй олон хоногоор яваад өгнө. Мэдээж наанаа дэмжээд байгаа ч гэсэн цаанаа жоохон дургүй л байдаг байх гэж боддог. Эрсдэл ихтэй экстрим спорт учраас гэр бүлийнхэн маань байнга л түгшиж, санаа зовниж байдаг байх.

-Ярилцлагынхаа төгсгөлд экстрим спортод “дурлачихсан” яваа залуучуудад хандаж үг хэлээч?

-Экстрим спорт манайд хөгжих бүрэн боломжтой. Маш гоё кайфтай, сэтгэл зүйг ч мөн чангалдаг спорт. Гол нь аюулгүй байдлаа маш сайн хангаж хичээллэх ёстой. Хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлаа дахин дахин шалгах хэрэгтэй. Жижигхэн юмнаас шалтгаалж бэртэж гэмтдэг. Аюулгүй байдалдаа л сайн анхаарч байгаарай. Мотоцикл унаж сурмаар байвал манай “Хаски” клуб нээлттэй шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Ариунтуяа

50 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ
50 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас цонхоор үсэрч амиа алджээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.