Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд: АТГ-ын зарлаад буй шиг нүүрс, тээврийн асуудалд УИХ-ын гишүүд хамааралтай гэх мэдээлэл Түр хорооны хянан шалгагч нарын баримтад байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 0 секунд

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулахаар болсон билээ. Уг сэдвээр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Г.Ганболдтой ярилцлаа.

-Хянан шалгах түр хороо саяхан хуралдаж, ирэх сарын 10-12-ны өдрүүдэд хилийн боомтуудаар гарсан ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлсэн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх сонсголыг зохион байгуулах товоо баталлаа. Сонсгол ямар сэдвүүдийн хүрээнд болох вэ гэдгээс яриагаа эхэлье?

-УИХ-ын хянан шалгалтын хуулийн дагуу гурван түр хороо байгуулагдаад явж байгаа. Түүний нэг нь Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох Түр хороо юм.

Бид 2022 оны зургаадугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд боомт, нүүрс, тээвэр, оффтейк гэрээтэй холбоотой олон асуудлыг ярьж байсан. Үр дүнд нь хилийн боомтууд дээрх нүүрс тээвэрлэлтийн асуудлууд багагүй цэгцэрч, оффтейк гэрээнүүд ил болсон. Одоо бид сонсголоо хийхээр зорьж байна.

Өнгөрсөн долоо хоногт нийгмээрээ Хөгжлийн банкны сонсголыг анхаарч харлаа. Гэхдээ УИХ-аас байгуулагдсан гурван түр хорооны хянан шалгах кэйсүүд нь өөр. Тухайлбал, Хөгжлийн банкны сонсгол бол зөвхөн зээл олгогч банкны тал, зээлдэгч хоёрын дунд үүссэн асуудал нь тодорхой байсан. Компаниуд банкнаас авсан зээлийн хөрөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй, хугацаандаа төлөлтөө хийгээгүйгээс үүссэн асуудлын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа хийгдсэн.

Тиймээс манай сонсгол Хөгжлийн банкныхаас тэс өөр агуулга, хэлбэртэй. Нийгэмд хамгийн энгийнээр яригдаж буйгаар бол “нүүрсний хулгайн” асуудал шүү дээ. Мэдээж хулгайг олж илрүүлэх гэж зөвхөн манай Түр хороо ч биш нийгмээрээ л хөөцөлдөж байна. Яг үнэндээ энэ сэдэв сонсгол хийхэд маш төвөгтэй. Гэвч нийгмийн шаардлагаар хийхээс өөр аргагүй болсон гэх үү дээ.

Мэдээж тооцоо судалгаа баримт нь тодорхой зүйл дээр нэг их хүндрэл үүсэхгүй болов уу. Харин зарим нэг тогтоогдоогүй, хуулийнхнаар шалгагдаж байгаа зүйлүүд сонсголын явцад шинжлэн дүгнэх процесс хэлбэрийн хувьд өөрчлөгдөнө. Мэдэж хянан шалгагч нар ажилласан. Шинжээчдийн дүгнэлт гарч байгаа. Дүгнэлттэй танилцсаны дараа төлөвлөгөөгөө нарийвчилж, тогтоогоод сонсголоо гурван хоногийн хугацаанд хийх болно.

Оффтейк гэрээнүүдтэй холбоотой асуудлууд Хөгжлийн банкны сонсголтой зарим талаараа төстэй хэлбэрээр явагдана. Тухайлбал, оффтэйк гэрээг яагаад хийх болов, гэрээ хийх эрхийг хэн олгосон. Гэрээ хийхдээ ямар нэгэн ААН-д давуу байдал олгосон уу. Тэр авсан компани нь үнэхээр нийгмээрээ яриад байгаа шиг өндөр өртөгөөр хийсэн байна уу. Оронд нь нүүрсийг хямдхан өгсөн үү зэрэг асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Энэ нэг талаас Эрдэнэс тавантолгойтой холбоотой асуудал боловч нөгөө талаасаа Монголын ард түмний 1027 хувьцааг нь эзэмшдэг компанийн санхүүжилттэй холбоотой сэдэв учраас том, жижиг гэрээнүүдийн хүрээнд нэг өдрийн сонсгол бүхэлдээ болно.

Хоёрдугаарт, хянан шалгагч нарын гаргаж ирсэн баримт, шинжээчдийн дүгнэлтийн дагуу хэдэн тонн нүүрсийг аль хилийн боомтоор ямар гаалийн бүрдүүлэлтээр гаргасан эрэг асуудлыг тогтоохыг зорино.

Нэг зүйлийг хүмүүс ойлгох хэрэгтэй. УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороог “Мөрдөн шалгах хороо” гэж хэлж болно. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцохгүй. Хэргийн эзнийг олох гээд хөөгөөд явах чиг үүрэг нь тусдаа хуулийнхны л ажил. Энэ агуулгаар сонсгол хийх гээд байгаа сэдвийн хүрээнд зарим хэргүүд хуулийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсчихээд шалгагдаж байгаа тул тэр хүрээ рүү нь гүнзгий орохгүйгээр хэрхэн зохион байгуулж болох вэ гэдэгт ажлын хэсэг ярилцаж байна.

-Оффтейк гэрээ болон туслан гүйцэтгэгч компаниудтай хийсэн бусад гэрээнүүдэд тулгуурлаж холбогдох хүмүүсийг гэрчээр дуудах уу. Мөн тухайн үед хил, гаалийн албанд ажиллаж байсан албан тушаалтнуудыг дуудаж баримт, материалыг тулгах уу?

-Ерөөсөө л сонсголын гол зорилго энэ. Нотлох баримтыг үнэлэх. Гэрч дуудаж асуух явдал. Тиймээс бид өөрсдөө эхэлж, хянан шалгагч, шинжээчдийнхээ цуглуулсан баримт, дүгнэлттэй танилцана. Тухайн цугларсан баримтуудын хүрээнд холбогдох гэрчүүдийг дуудаж асуух професс явагдана. Харин нийгэм эндээс хариултаа олж, шаардлагатай гэж үзсэн зарим баримтуудад хууль, хяналтынхан түүнийг шинжлэн судлах боломжтой болно.

-Хууль зөрчиж, улсад хохирол учруулсан нүүрс, тээврийн компаниудын гэрээний ард байгаа гэх хамаарал бүхий хүмүүсийг мөн дуудах уу. Тодруулж хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүд АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа шүү дээ. Тэднийг сонсголд гэрчээр дуудах боломжтой юу?

-Оффтейк гэрээний цаана байж болох хамаарал бүхий этгээдүүдийг тогтоолгохоор бид хуулийнханд хандсан байгаа. Тэндээс үнэхээр улс төрийн өндөр албан тушаалтны хамаарал тогтоогдвол дуудаж асууна. Яг өнөөдрийн байдлаар АТГ-аас нийгэмд зарлаад байгаа УИХ-ын гишүүдийн нарийн мэдээлэл манай хянан шалгагч нарын гаргаж ирж байгаа баримтуудад байхгүй байна.

-Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хянан шалгах түр хороо өргөн бүрэлдэхүүнээр хурлаа хийсэн. Тухайн хуралд АТГ, прокурор, ЭЦГ, ГЕГ гэх мэт бүхий л чиглэлийн хуулийн байгууллагын дарга нар сууж нүүрс, тээвэртэй холбоотой статистик мэдээллээр хангаж байсан. Одоо энэ мэдээлэл хуучирсан гэж ойлгогдож байгаа. Мэдээлэл хэзээ сүүлд шинэчлэгдэж Түр хороонд яригдсан бэ?

-Түүнээс хойш Түр хороонд шинжээч нарын шинэчилсэн эцсийн дүгнэлт гарч ирүүлээгүй байна.

-Түр хороо хилийн боомтуудад очиж ажиллаж байгаа юу. Намрын чуулган хаахтай зэрэгцээд л нам гүм болчихсон гэж шүүмжлэх хүмүүс олон бий?

-Ер нь боомтуудаар явж байгаа.

-Нөхцөл байдал ямар байна вэ?

-Нүүрсний хулгайн асуудал өнгөрсөн жил яригдсанаас хойш нүүрс тээвэрлэлтийн байдал эрс сайжирсан. Өдөрт 2000 тонн нүүрс хилээр гарч байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад зохион байгуулалт маш сайн болсон. Энэ зөвхөн Түр хорооны ажил биш шүү дээ. Түр хороо нэг талаараа нийгэмд шүгэл үлээж, түүний дагуу төр засаг маш сайн ажиллаж байна. Засгийн газрын хийж байгаа ажлын үр дүнд маш том сургамж авч байна.

Нүүрсний хулгайн хэрэг сөхөгдөж нийгмийн анхааралд орсноос хойш шууд гэрээ гэдэг зүйл байхгүй болсон. Нүүрсийг биржээр хил үнээр арилжиж эхлээд байна. Мөн хилээр гарч байгаа ачаа, тээврийн тоо нэмэгдэж байна. Нүүрсний үнэ хүртэл өсч байна гэх зэрэг сайжирсан зүйлс олон бий. Энэ бол Монгол Улсын эдийн засагт шууд гарч байгаа өөрчлөлт гэж хэлж болно.

-2010-2011 оны хооронд Гашуунсухайт боомтоор экспортод гаргасан 379 мянган тонн нүүрст гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг автоматжуулсан системд байгаагүй гэдэг. Дараа нь 2013-2017 оны хооронд нийт 2527 тээврийн хэрэгслээр 17 мянган удаагийн давтамжтай хоосон машин гаалийн бүртгэлтэйгээр хилээр гарсан асуудлыг хуулийнхнаас өгч байсан. Сүүлд 11 мянган тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээлэл цахим бүртгэлийн системээс устсан талаар мөн ярьж байсан. Хоёр улсын хил, гаалийн албаны мэдээллийг тулгах ажил ямар шатанд байгаа вэ. БНХАУ-аас харилцан эрх зүйн туслалцаа хүсэх, мэдээлэл авах хоёр удаагийн бичгийн хариуд боломжгүй гэж мэдэгдсэн гэдэг шүү дээ. Дахиж бичиг явуулсан уу?

-Энэ асуудал ХЗДХЯ болон хуулийн байгууллагуудын хоорондын асуудал л даа. Бидний зүгээс хоёр удаа БНХАУ-ын талд хүсэлт явуулсан. Бидэнд ХЗДХЯ юм уу Гаалийн байгууллагаар дамжуулж мэдээлэл өгнө гэдэг л хариулт ирсэн. Тэр байгууллагуудад мэдээлэл ирж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Олон Улсын ачаа тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой асуудал сонсголоор яригдах уу. Ялангуяа энэ хэрэг дээр АТҮТ-ийн нэр бүхий хэлтсийн дарга нар БНХАУ-ын тээврййн компаниас авлига авч С зөвшөөрөл олгосон байсан асуудлыг хуулийнхан шалгаж шүүхэд шилжүүлсэн байдаг шүү дээ?

-Ачаа тээврийн С зөвшөөрөл олголттой холбоотой асуудал яригдана. С зөвшөөрөлгүйгээр хоёр улсын хилээр нэвтэрчихсэн олон тээврийн хэрэгсэл байгаа. АТҮТ-өөс дотооддоо хэрэгтэй гээд баахан С зөвшөөрөл олгоод байдаг. Энэ нь зарим хэсэгт арилжааны хэрэгсэл болчихсон байсан. Гэтэл шалгалтын явцад огт зөвшөөрөлгүй олон мянган машин хилээр нэвтрээд гарчихсан л байгаа байхгүй юу. Тэгж гарч болоод байгаа юм бол заавал шалгах хэрэг юу байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөж ярина.

Ярилцсанд баярлалаа

МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт -11 хэм хүйтэн, цас орохгүй
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.