О.Номинчимэг: Хүүхдийн амиа хорлолтоор Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна. Нийгмийн сүлжээ гол сэдэл нь болж байгааг судалгааны дүн харуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 15 секунд

Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй товч ярилцлаа.

- Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаарх Олон улсын судалгааг саяхан Байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж байсан. Ялангуяа 09-17 насны Монгол хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа хэрхэн гарсан талаар мэдээлэл хүргэвэл?

-Бид одоо цахимжилтийн эрин үед байгаа. Бидний үр хүүхдүүд ч гэсэн энэ үед амьдарна. Тиймээс цахим орчны эерэг болон сөрөг талуудыг аль алийг нь мэдэж, зөв, соёлтой ашиглах нь чухал байна.

Хүүхдүүдийн хувьд нийтийн сүлжээнд хараа хяналтгүй орж тэндээс шүүлтүүргүй бүх төрлийн контент, мэдээллүүдийг авч байгаа нь сэтгэл зүй болоод сэтгэцийн хувьд маш их хортой нөлөөлж байгааг олон улсын судалгаа харуулж байна.

Дэлхий дахинд “кибер булли” буюу цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчноор дамжиж хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх, олон төрлийн гэмт хэргийн хохирогч болох зэрэг тохиолдлууд маш их гарч байгаа учраас үүнд улс орнууд анхаарах ёстой гэсэн зөвлөмжүүдийг гаргасаар байна.

Манай улсын хувьд гарсан тоо баримтууд ч гэсэн нэлээд санаа зовоож байгаа. Сая НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс томоохон байгууллагаар 09-17 насны хүүхдүүдийн дундах цахим хэрэглээтэй холбоотой судалгаа хийлгэсэн байна лээ. Хүүхдийн цахим орчинд өнгөрүүлэх цагийн зарцуулалт өдөрт 2 цаг л байхад хангалттай гэж үздэг бол монгол улсад хоёр дахин их цаг зарцуулж байна гэсэн дүн гарсан. Үүний цаана эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт харьцангуй сул байгааг харуулсан. Нөгөө талаараа хууль эрх зүйн орчноо ч гэсэн сайжруулахгүй бол дутагдалтай зүйлс байгааг анхааруулсан.

Цахим орчин гэдэг өөрөө өргөн хүрээний том асуудал учраас бидний гол анхаарах ёстой зүйл нь FACEBOOK, YOUTUBE, TIKTOK, INSTAGRAM, TWITTER гэсэн эдгээр сошиал орчныг Монгол хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид хамгийн их ашиглаж байна.

Тэр тусмаа хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар дээрх медиаг ашиглаж байгаа хэрэглээ маш өндөр хувьтай гарсан байдаг. 09-12 насны гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн байдлаар нийгмийн сүлжээг ашиглаж байхдаа доромж үг хэллэгтэй, эсвэл бие биеэ дээрэлхэж байгаа, үйлд явдалтай таарч байсан гэсэн тоо баримт гарсан. Энэ тоо 13-17 насныхны дунд 51 хувьтай гарч байгаа юм.

Мөн 13-17 насны хүүхдүүдийн 5 хувь нь ямар нэгэн байдлаар бэлгийн мөлжлөгийн шинж чанартай контентууд үзэж байсан. Эсвэл өөртэй нь харьцах гэсэн зүйлстэй тааралдаж байсан гэсэн хариу өгсөн байсан.

Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ хүүхдүүдэд нойргүйдэл, анхаарал төвлөрөх чадвар буурах, зан төлөвт өөрчлөлт орох цаашлаад дэлгэцийн донтолт руу хөтлөх, сэтгэлзүйгээр хямрах, айдаст автах зэрэг сөрөг үр дагаврууд маш их гарч байна.Судалгаанд оролцсон 200 хүүхэд тутмын нэг нь 13-17 насны хүүхдүүдийн дунд амиа хорлоё гэсэн сэдэл, бодол орж ирж байсан гэсэн хариу гарсан. Тэгэхээр нийгмийн сүлжээнд хүүхдүүд өөрсдийн насны онцлогт таараагүй зүйлсийг маш их үзэж, тэндээс шүүлтүүргүй мэдээлэл авч байгаа учраас дээрх сөрөг үр дагавруудад хүргэж байгааг бид анхаарах ёстой.

-Хүүхдүүдийн дундах амиа хорлолтын түвшинд судалгаагаар өндөр хувьтай гарсан гэж байсан? Хууль эрх зүйн хувьд нь хэрхэн анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна?

-Монгол Улсын хувьд хүүхдүүдийн дундах амиа хорлолтоороо Ази тивдээ өндөр үзүүлэлттэй гарсан байдаг.

Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн дундах амиа хорлох үзэгдэл маш өндөр байна гэсэн эмзэг мэдээлэл байгаа учраас нийтээрээ анхаарах нь чухал байгаа юм.

Нэн түрүүнд хүүхдүүдтэй хамгийн ойр байгаа, тэдэнтэй шууд харьцаж байгаа нь эцэг эхчүүд учраас хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах шаардлагатай байна. Google дээр жишээ нь “E-parent” зэрэг дэмжих тохиргоогоор хүүхдийнхээ утсыг холбоод тэднийг ямар вэб сайтаар аялж, юу үзэж, ямар мэдээлэл авч байгааг хянах боломж бий. Энэ мэт хяналт тавих боломжтой аргууд байдгийг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй. Холбогдох газрууд энэ талын мэдээллийг ч дутмаг өгч байна.

-Боловсролын байгууллагын цахим сургалтын нэг хэлбэр нь фейсбүүк болчихсон шүү дээ. Энэ ч бас хүүхдүүдийн дундах хэрэглээг хүчээр нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр эцэг эхчүүд хэлж буй. Салбарын бодлого, шийдлийн хувьд та ямра байр суурьтай байгаа вэ?

Хоёрдугаарт, систем хөгжүүлэлт, хамгаалалтын хувьд бид анхаарч харах ёстой. Ялангуяа фейсбүүк хэрэглээ манай улсын хувьд маш өндөр. 09-12 насны хүүхдүүдийн 90 хувь нь цахим хаягтай байгааг судалгаа харуулж буй. Фейсбүүкт шинээр аккаунт хаяг нээхдээ 13 наснаас дээш байх ёстой гэсэн судалгааг авдаг ч насаа хуурамчаар оруулж хаяг нээх тохиолдол маш их гарсан. Ковидын үед цахимаар хичээл ордог болсноор гэрийн даалгавартай холбоотой багшаас өгч байгаа мэдээллүүдийг фейсбүүкээр дамжуулж авдаг болчихсон.

Өөрөөр хэлбэл боловсролын байгууллагын сургалтын нэг төрлийн программ болтлоо нутагшчихсан нь 09-12 насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ өндөр байгаагийн нэг шалтгаан нь болчихсон. Нийгмийн сүлжээ биш, бусад платформыг ашиглах бүрэн боломжтой атал систем хөгжүүлэлтийг хийж чадаагүй нь эргээд энэ бүгдийг яаж цэгцлэх вэ гэдэг асуудал руу оруулж ирсэн.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхийн дулд өөрсдөө насыг нь худал бичиж хаягууд үүсгээд өгчихсөн байх жишээтэй. Аккаунт үүсгэхдээ насныг нь 12, 13 гэж бөглөж болохгүй учраас 15-аас дээш настай гэж бөглөдөг. Үүнээс болж ямар ч шүүлтүүргүй нийгмийн сүлжээнд хүүхдээ хүчээр оруулах, нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс фейсбүүк групп чатаар дамжуулж гэрийн даалгавар өгдөг зэрэг асуудлуудыг Боловсролын сайдтай ярьж нийгмийн сүлжээг сургалтад ашигладаг байдлыг болиулах, өөрсдийн гэсэн систем хөгжүүлэлтийг хийж сургалтын программдаа ашигладаг байх шаардлагыг тавьж байгаа.

-Хяналт, зохицуулалтын хувьд нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдөж, хараа хяналтгүйгээр ашиглаж байгаа байдлыг хэрхэн хийх ёстой вэ?

Цаашид бид нийгмийн сүлжээ дэх хүүхдийн эрхийг хамгаалах цогц арга хэмжээг авч ажиллах шаардлага үүсэж байна. Зөвхөн хууль гаргана гэхээс илүү дэд бүтцээ сайжруулах, тал талын оролцоог хангасан арга хэмжээг авах нь чухал гэж үзэж байна.

Б.Дөлгөөн: Нуураас ч, овооноос ч олох ашгийг Монгол хүн бүрд хүргэх гүүр нь Хөрөнгийн бирж болно
Б.Дөлгөөн: Нуураас ч, овооноос ч олох ашгийг Монгол хүн бүрд хүргэх гүүр нь Хөрөнгийн бирж болно
 
Улаанчулуутын гадна хогийн цэг үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг камераар илрүүлж хариуцлага тооцно
Улаанчулуутын гадна хогийн цэг үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг камераар илрүүлж хариуцлага тооцно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!