Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан нам, эвсэл, нэр дэвшигчдийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг танилцуулж байна.
Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй 15 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигчдийн сошиал хуудсууд энэхүү жагсаалтад багтаж буй юм.
ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗААЛТ:
47 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах
47.1.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:
47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
47.1.3.бусад цахим хуудас.
47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
47.3.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
47.4.Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
47.5.Энэ хуулийн 47.1.3-т заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.
47.6.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны материалыг цахим хэлбэрээр буюу цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.
47.7.Энэ хуулийн 35.3, 47.4-т заасныг зөрчсөн талаарх гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:
47.7.1.энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;
47.7.2.энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
47.8.Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ.
47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
47.10.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана.
47.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.