Аалзыг хамгаалах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 14-нд Америк болон хэд хэдэн улс оронд “Аалз хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Аалз нь ялаа шумуул, хортон шавьжтай тэмцэх, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүмүүст хамгийн хэрэгтэй төрөл зүйл юм. Мөн энэ өдрийн гол зорилго нь хүмүүсийн аалзнаас айх айдсыг бууруулах, аалз харахаараа алах биш саванд хийн байгальд нь тавих, сонирхон судлах, хайрлах сэдэл өгөхөөр хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаануудыг явуулдаг байна.
Тэгвэл энэ жил манай улсад "ДүДү Хүүхдийн Музей", "Улаанбаатар амьтны хүрээлэн", "Монгол Улсын Боловсролын Их Сургууль-ийн Биологийн сургууль", "Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв" зэрэг байгууллагууд хамтран Монголд анх удаа Дэлхийн аалзны өдөр Монголд буюу “World Spider Day”-ийг гуравдугаар сарын 14-19 өдрийг дуустал Zaisan Hill Complex-т зохион байгуулж байна.
Энэ долоо хоногийн хөтөлбөрийн хувьд Монгол улсад амьдардаг аалзны нэр төрөл, хоорондын ялгааны талаар сонирхолтой баримт, мэдээлэл олгох юм. Түүгээр ч зогсохгүй олон төрлийн аалзнуудыг амьдаар нь харж, заримийг нь барьж үзэхээс гадна олон төрлийн бүтээлч ажлууд, тоглоом, гэр бүлийн тэмцээн, үзүүлбэрүүд явагдах аж.
Сонирхуулахад, өдөрлөгийн хүрээнд зориулан зассан аалзны үзэсгэлэнгийн зөвлөх, тайлбарлагчаар МУБИС-ийн биологийн тэнхимийн оюутнууд сайн дураар оролцож байна.
Дэлхийн аалзны өдрийг зорин ирснээр Монголын хамгийн томд тооцогддог Цагаан тэмээ аалз, аварга том Тарантула болон тэдний хоол тэжээл болсон аварга том жоом, өтнүүдийг амьдаар нь харах боломжтой. Мөн Монгол орны аалзны талаарх гайхалтай фото үзэсгэлэнг үзэхийн зэрэгцээ аалзтай холбоотой танин мэдэхүйн тэмцээнд оролцох, өөрсдийн гараар бүтээл хийх, тэр бүү хэл Робот аалз бүтээх сургалтанд хамрагдах боломжтой.
Ташрамд дуулгахад, Дэлхийн аалзны өдөр гуравдугаар сарын 14-өөс 19-нийг дуустал өдөр бүр 11:00-19:00 цагийн хооронд Zaisan Hill Complex-ын 1 давхарт олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
Д.Дөлгөөн