Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОЮУТОЛГОЙ: Жилд 200-300 сая ам.долларын эрчим хүчийг ОТ-д нийлүүлж, илүүг нь төвийн шугамд нийлүүлэх ЗГ-ын ТӨЛӨВЛӨГӨӨ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 47 секунд

Газрын гадаргаас 1.3 км дор байрлах Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг хоёр хоногийн өмнө албан ёсоор эхлүүлж, дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийсэн билээ. Нээлтийн үеэр хөндөгдсөн асуудлын нэг нь Тавантолгойн цахилгаан станцын төсөл байлаа. Эл төслийн барилга угсралтын тендер өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа зарлагдсан боловч гүйцэтгэгч шалгараагүй тул гурав дахь тендерээ зарлахаар салбар яамд бэлтгэл ажлыг хийж эхэлсэн аж. Тэгвэл Тавантолгойн цахилгаан станцын төсөл Оюутолгой төсөлтэй хэрхэн холбогдох, өнгөрсөн хугацаанд ямар үйл явцыг туулсан болон одоогийн нөхцөлд ямар гарц гаргалгаа гаргаж буй талаар нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.

Өнгөрсөнд...

10 жилийн өмнө буюу 2013 онд “Шинэчлэл”-ийн Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц барих асуудал хамгийн анх яригдаж эхэлсэн байдаг. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурж байв. Ингэхдээ тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгааг онцолж байв. Гэвч 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү гэрээнд заасны дагуу Тавантолгойн цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын ЦЭХХАГ-т байгуулахаар ажиллах, ЦЭХХАГ-ийг байгуулснаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ дуусгавар болгох ба үүнээс үүдэн Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр талууд тохиролцож байв.

Харин 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Сануулахад, Оюутолгойг эрчим хүчээр хангах “Тавантолгойн”-н станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2021 оны аравдугаар сарын 21-нд зарласан.

Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн. Гэвч тендер үүнээс хойш хоёр ч удаа зарлагдсан ч амжилт олоогүй. Харин тун удахгүй гурав дахиа зарлах сураг бий.

Тэгвэл Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр эл асуудалд Монгол Улсын Засгийн газрын болон Рио Тинто группийн зүгээс ямар шийдэлд хүрч буй талаараа мэдээлэл өгсөн юм.

-Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн цахилгаан станцыг барих тендерийг зарлахаар Засгийн газар төлөвлөж байгаа-

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Удахгүй Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглан цахилгаан станцыг барих тендерийг зарлахаар Засгийн газар төлөвлөж байгаа. Оюутолгой компанитай Монгол Улсад үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдан авах гэрээг хийчихсэн байгаа.

Цахилгаан станцыг Рио Тинто өөрөө барья гэвэл барьчихана. Цахилгаан станцыг барина, барихгүй гэдэг дээр нэлээн удаан асуудал үргэлжилсэн. Хамгийн гол нь, усныхаа нөөцийг нэмэгдүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн гэж надад танилцуулсан. Цахилгаан станцад нэлээн ус хэрэглэгддэг. Усны нөөцөө баталгаажуулсан учраас одоо Засгийн газар цахилгаан станц барих тендер зарлах бэлтгэл ажил хийгдээд дуусч байна” гэв.

-Х.Нямбаатар: Жилд дунджаар 200-300 сая ам.долларын эрчим хүчийг Оюутолгойд 1 квт цагийг нь 9.2 ам.доллараар худалдана-

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой тогтвортой эрчим хүч худалдан авах нэг ёсондоо банканд баталгаа болохуйц эрчим хүч худалдан авах гэрээ байгуулах асуудал бидний өмнө байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Бид квт цагийг нь 9 ам.доллар 20 центээр эрчим хүчийг тогтвортой худалдах гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээ нь бусад хөрөнгө оруулалтын банкуудад тухайн цахилгаан станцыг барьж байгуулахад мөнгө босгохуйц гэрээний шаардлага хангасан гэрээ болсон. Эрчим хүчний яам дээр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах чиглэлээр хоёр удаа тендер зарлаад ААН байгууллага шалгараагүй. Гурав дахь сонгон шалгаруулалтын ажил зарлаад явж байгаа. Удахгүй сонгон шалгаруулалт хийгдэнэ гэх хүлээлт байгаа. Засгийн газрын зүгээс барьж буй нэг зарчим бол хатуу түлшээр буюу нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих юм. Гаднын олон улсын байгууллагуудын зүгээс ногоон эдийн засгийг дэмжих үүднээс нүүрсээс татгалзах шинэ чиг хандлагын зөрчил дунд явж байгаа. Гэрээ хийгдсэн. Бид жилд дунджаар 200-300 сая ам.долларын эрчим хүчийг Оюутолгойд худалдана. 1 квт цагийг нь 9.2 ам.доллараар худалдана гэсэн гэрээгээ хийчихсэн. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар өөрөө тендерээ зарлаж хатуу түлшний станц байгуулахаар ажиллаж байгаа гэж хэлж болно. Энэ станц байгуулагдвал 400 мбт-ын хатуу түлшээр ажилладаг станц байх бөгөөд Оюутолгойн эрчим хүчийг 100 хувь хангахаас гадна аваарын үед ажиллах ӨвөрМонголын эрчим хүчний системтэй хамаарал бүхий ийм үйл ажиллагаа явуулна. Илүү гарсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлнэ" гэлээ.

Ямартай ч Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах ажил сонгон шалгаруулалтын түвшинд яваа бөгөөд үндсэн гэрээгээ Засгийн газар Оюутолгойтой хийчихсэн одоо сонгон шалгаруулалтаас гарч ирэх байгууллагаа л хүлээж байгаа гэх мэдээллийг өгч байна.

М.Солонго: “Belly dance”-ээр ганцхан сар хичээллэнэ гэж орсон ч өнөөдөр амьдралын маань салшгүй нэг хэсэг болчихсон байна
М.Солонго: “Belly dance”-ээр ганцхан сар хичээллэнэ гэж орсон ч өнөөдөр амьдралын маань салшгүй нэг хэсэг болчихсон байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.