Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: Ирэх арваны эдийн засгийн өнгийг тодорхойлох гүний уурхайн ГҮНЭЭС

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 43 секунд

No description available.Оскар, Оюутолгой цугтаа нэг өдрийг эзэгнэв. Хоёул дэлхийг шуугиулав. Хийж, бүтээж чадсан хэн нэгний гартаа өргөх ёстой ёстой шагнал бол Оскар. Эзэд нь түүнийг өчигдөр хүртсэн. Харин дэлхийн нөгөө талд Монголчууд шинэ зууны түүхэндээ олон жил хүлээсэн Оюутолгойн гүний уурхайг хүлээн авч, олборлолт эхлүүлснээ, дэлхийд зэсийн гол тоглогч болох боломжоо нээснээ бахархалтайгаар зарлав. Ийнхүү сэдэж зорьсоны, итгэж хүлээсний утга учир өчигдөр бодит биеллээ олж, цаашдын "өнөөдөр"-т үргэлжлэх аж. Энэ утгаараа өнөөдрөөс эхлэх өдөр болгон Оюутолгойчуудын хувьд хариуцлагатай хийгээд ачаалалтай өдөр хоногууд болох билээ. Тэгвэл газрын гадаргаас 1300 метрийн гүнд бий болсон гүний уурхайн ажлын байрандаа Оюутолгойчууд хэрхэн ажилладаг талаар бид сурвалжиллаа.

-ГҮНЭЭС ГАДАРГА РУУ ХҮРЭХ ЗАМ-

Гүний уурхайн олборлолтыг блокчлон олборлох аргачлалаар эхлүүлж буй. Энгийнээр тайлбарлавал энэ нь газрын гүн дэх хүдрийн биетийг тэсэлгээ хийн ялган авч, газрын гадарга руу тээвэрлэх процесс юм. Тэгвэл газрын гадаргуу хэсгээс гүний уурхайд зочлох бидний аялал аюулгүй ажиллагааны нарийн дүрэм, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх үйл явцаар эхлэв. Маш нарийн дүрэм энд үйлчилнэ. Товчхондоо, аюулгүй ажиллагааны дүрэм энд "Үндсэн хууль" нь.

No description available.

Доош буух хүн бүр зориулалтын малгай, бээлий, тоосонцроос хамгаалах нүдний шил, чихний бөглөөс, яаралтай үед хүчилтөрөгчөөр хангах амьсгалын аппарат зэргийг заавал зүүх ёстой. Хамгаалалтын малгайг заавал хэрэглэх бөгөөд малгайн орой хэсэгт байрлуулсан гэрэлд байршил илрүүлэгч GPS суулгасан байгаа тул аливаа эрсдэл үүслээ гэхэд тухайн мэдрэгчээр арга хэмжээ авах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Гүн рүү буух цахилгаан шат. 30 орчим хүний багтаамжтай, хоёр давхар өргөгчөөр ажилчдыг тээвэрлэдэг эл лифтэд суусан хэн ч хэсэгхэн хугацаанд чихээ бөглөх "дүрэмтэй". Нүргэлсэн дуу чимээ үгүй ч аюулгүй ажиллагааны үүднээс зарим хүмүүст чих шуугих, хэт мэдрэг хүмүүст эрсдлийг нь тооцоолж бүгдэд адил дүрэм үйлчилж буй нь энэ аж. Ийнхүү 1300 метр гүнд бид тав хүрэхгүй минутад буув. Лифтнээс буухад өөдөөс +20 градусын дулаан өөдөөс угтана. Халуун, бүгчим орчинд агааржуулалтыг маш сайн шийдвэрлэж өгснийг бид өөрсдийн биеэр мэдрэх нь тэр. Ажиллах нөхцлийн энэ мэт онцлогийг гайхсаар лифтнээс буухад газрын гүн дэх уртаас урт хонгилд автобус хүлээж байлаа. Хэрэв хөгжил гэдэг нэр томъёо үгүй байсан бол бид газрын гүнд автобус байтугай хүн хөл тавьж, зорчиж байна гэдэгт итгэж аядах байсан нь лавтай.

No description available.

Гүний уурхайд зочилсон аялалын хоёр гол хэсгийн эхнийх нь тэсэлгээ хийж, юүлүүр хэлбэртэй үүссэн чулуун гадаргуугаас хүдрийн агууламж бүхий хатуу биет унаж буй хэсэг. Саарал хүдрийг холоос хараад ялган танихад хэцүү. Эндээс гарсан чулуун хүдрийг ачигч машины тусламжтайгаар ачиж, бутлуурын хэсэгт аваачиж буулгана. Уурхайд гол төлөв 50 тоннын ачигч автомашинууд ажилладаг аж.

No description available.

Одоогийн байдлаар анхдагч бутлуур ашиглалтад орж ажиллаж байгаа гэх бөгөөд хоёр дахь бутлуур хараахан ашиглалтад орж амжаагүй, нэвтрэлтийн шатандаа яваа талаар мэргэжилтнүүд хэлж байлаа. Бутлуураас туузан дамжуургаар дамжин тусгай хөнөг /сав/-аар газрын гадарга руу гарч баяжмалын үйлдвэр рүү шилждэг аж. Ийнхүү гүний уурхайн тэсэлгээ орсон хэсгүүдийг харж танилцаж дуусаад бутлуурын хэсэгт очиж үзэхээр автобусаа хэсэг хугацаанд хүлээн азнав. Энэ зуурт эл уурхайн ажилчдын нэг болох Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багийн уурхайн инженер Б.Ууганзаяатай багахан хором хөөрөлдөж амжив.

-Гадаадын уурхайнуудад Оюутолгойд ажиллаж байсан инженерүүд аль хэдийнэ үнэлэгдээд эхэлчихсэн-

No description available.

-Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх түүхэн өдөр тохиож байна. Таны хувьд энэ уурхайн нэг эд, эс болж ажил үүргээ гүйцэтгэж байгаа залуу инженерийн хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Энэ бол 18 жилийн хөдөлмөр шүү дээ. Гүний уурхайд нэг ээлжиндээ 800-аад хүн ажиллаж байгаа. Энэ олон хүний хүч хөдөлмөр. Хүдрээ аваад эхэлнэ гэдэг нь бүрэн утгаараа уурхай үйл ажиллагаагаа эхлүүлж байна гэсэн үг. Хүмүүс ярихдаа Оюутолгойгоос хүдэр нь гарч байгаа юм уу гэж их ярьдаг. Өмнө бид нэвтрэлтийн бэлтгэл ажлыг хийж байсан. Тунель маань 220 орчим км үргэлжлэх ёстой. Үүнээс бид 120 орчим километрт нэвтрэлтийн тунелийг хийсэн байгаа. Нэвтрэлтийн ажлын хажуугаар олборлолтын ажлаа эхлүүлчихсэн байна гэсэн үг шүү дээ. Блокчлон олборлох гэх энэхүү аргаар олборлолтыг хамгийн аюулгүй хийдэг цөөн хэдэн компанийн нэг нь Рио Тинто. Энэ нөхцөлд ажиллаж байгаа манай инженерүүд гаднын уурхайд очиж ажиллахад өндөр түвшинд үнэлэгдэж байгаа.

Монголчууд маш олон жилийн дараа гүний уурхайн үр шимээ амсаж эхлэх гэж байна. Өмнө хэлсэнчлэн үндсэн баялгийн 80 хувь нь гүний уурхайд байгаа. Тэгэхээр залуу ажилтны хувьд энэ үйл явдалд сэтгэл хангалуун байна.

-Ажиллах орчин нөхцлийн тухайд?

-Ажиллах нөхцлийн хувьд тэс ондоо гэдгийг та бүхэн харж байгаа байх. Жишээлбэл, ил уурхайд нар, салхи, агаар зэрэг нь байгалиасаа байна. Харин гүний уурхайд газрын гадарга дээрээс агаараа татан оруулж ирж, өөрсдөө малгайндаа гэрлээ хийх зэргээр гэрэл бий болгодог. Инженерийн маш олон шийдлүүд энд яригддаг. Өөрөөр хэлбэл, бүхий л ажиллах нөхцлөө бий болгож байж ажиллаж байгаа гэдгээрээ онцлог.

Мөн түүнчлэн хамгийн чухал зүйл бол аюулгүй ажиллагаа шүү дээ. Хүний амь нас эрсдэж болохуйц бүхий л эрсдлүүдийг тодорхойлж, түүнийг хянахад юу хэрэгтэй вэ гэдгийг ажил эхлэхийн өмнө багаараа маш сайтар ярилцдаг. Энэ нь эргээд аюулгүй ажиллагаагаа хангахад том үүрэг гүйцэтгэдэг.

-Оюутолгой гэхэд дан ялангуяа залуус ихээр сонирхож, ажиллах хүсэлт эрмэлзэл ихтэй байгаа нь анзаарагддаг л даа. Өөрийн тань хувьд шинээр төгсөн гарч буй залуу инженерүүддээ хандаж юу хэлмээр байна?

-Боломж олдвол энд ажиллаж үзэх хэрэгтэй гэж залуустаа хэлмээр байна. Гэхдээ өөрсдөө сонирхож байвал шүү дээ. Дэлхийд уул уурхайн чиглэлээр тэргүүлэх компани. Монголчуудад цаг барих тал дээр асуудал гардаг шүү дээ. Харин энд ажилласнаар ажлыг яаж төлөвлөгөөтэйгөөр, цаг хугацаанд нь гүйцэтгэхэд суралцах боломжтой. Аюул эрсдэл аюулгүй ажиллагаа ямар чухал вэ гэдгийг ойлгуулдаг. Гадаадын уурхайнуудад Оюутолгойд ажиллаж байсан инженерүүд аль хэдийнэ үнэлэгдээд эхэлчихсэн.

Залуу инженерийн яриа, хандлага нь өөрийг нь мэргэжилдээ хайртай болохыг шууд л илтгэнэ. Асуусан хүн нэг бүрт уурхайн эл хэсгийг тайлбарлаж, олборлолт эхлэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү ярилцан зогстол автобус ч ирж бид дараагийн маршрут руу хөдөллөө.

-ГҮНИЙ УУРХАЙД БАЙРЛАХ "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР"-

No description available.

Магадгүй та улсын их дэлгүүр гэхэд газрын гадарга дор байрлах гүний уурхайд хэн нь, ямар дэлгүүрээ байгуулчихав хэмээн гайхах нь лавтай. Асуултын хариулт тун энгийн. Бидний очсон дараагийн хэсэг болох анхдагч бутлуурын эл байгууламж хэмжээгээрээ Улсын их дэлгүүртэй дүйцэхүйц том аж.

Эл хэсэгт бидний өмнөх хэсэгт гарсан ялгарч унасан хүдрийн биетийг гадарга руу гаргахад том хэмжээтэй байгаа тул бутлуурт хийж тээвэрлэхэд зохимжтой хэмжээтэй болгосны дараагаар гадарга руу гаргадаг байна.

-Анхдагч бутлуур нь 24 цагт 86 тонн орчим хүдрийн биетийг бутлах хүчин чадалтай-

No description available.

Анхдагч бутлуурын талаар гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Намжилмаа ярихдаа "Анхдагч бутлуур нь 24 цагт 86 тонн орчим хүдрийн биетийг бутлах хүчин чадалтай. Одоогоор 10 мянган тонныг гаргадаг. Гарч байгаа хүдрийн хэмжээнээс шалтгаалж буй. Олборлолт нэмэгдэхийн хэрээр энэ хэмжээ нэмэгдэнэ. Анхдагч бутлуур ирээдүйд налуу амаараа туузан дамжуургаар баяжуулах үйлдвэр рүү очно. Энэ нь барилгын үе шатандаа яваа. Надад байгаа мэдээллээр гүний уурхайд 1134 хүн ээлжиндээ орж ажиллах боломжтой. Одоогоор 700-800 орчим хүн ажиллаж байна" гэлээ.

Ийнхүү гүний уурхайн хоёр гол байгууламж, хэсэгт очиж танилцсан аялалд анхаарлаа хандуулах зуурт бид гүний уурхайд аль хэдийнэ гурван цагийг өнгөрүүлсэн байлаа. Гүний уурхайн аялал өндөрлөж газрын гадарга руу лифтээр өгсөх зуурт хэрэв боломж байдаг бол шүүмжлэл дундаасаа өндийдөггүй хүмүүс энд ажиллаж буй ажилчид, орчин нөхцөл нөхцөлд хэдхэн минут ч болтугай саатаасай гэх сэтгэгдэл төрж байснаа энд тэмдэглэе.

-Олборлолт хүчин чадалдаа бүрэн хүрч ажиллаж эхлэх үед төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ-

"Алдаа, оноотой Оюутолгойн төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүдэд талархъя" гэх Ерөнхий сайдын үг нээлтээс хамгийн тод үлдэж. Түүний хэлсэнчлэн Оюутолгой төсөлд алдаа оноо, асуудал маргаанаас их зүйл байсангүй. Асуудлын даллага авхуулчихсан гэмээр л он жилүүд урсаж өнгөрсөн. Энэ утгаараа гүний уурхайн бүтээн байгуулалтын үр шимийг бид өнөөдөр шууд мэдрэхгүй ч тав магадгүй 10 жилийн дараа бид гүний уурхайн олборлолт эхэлсэн түүхэн өдөрт баярлан гэдэгт эргэлзэхгүй байна.

No description available.

Эл төсөл эдийн засгийн хувьд Монгол Улсад өндөр үр өгөөжтэй төсөл болохыг мэргэжилтнүүд болоод олон улсын судалгааны байгууллагууд ч дүгнэж буй. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ярихдаа "2022 онд Оюутолгой төсөл улсын төсөвт 622 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Төрөл бүрийн татварын орлогоор дамжаад. Цаашид энэ хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ аажмаар нэмэгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Гүний олборлолт эхлээд эдийн засгийн үр өгөөжөө өгөх хамгийн оргил үе нь 2028 оноос эхэлнэ. 2028-2036 онуудад олборлолт нэмэгдэж, энэ хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн үг. Тухайн үед зэсийн ханш дэлхийн зах зээл дээр ямар байхаас энэ үзүүлэлт шалтгаална. Гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Одоо буцах ёсгүй. Эргэлт буцалтгүй олборлолтоо хийнэ. Одоо байгаа зэсийн ханшаар харвал, 2028 онд ДНБ 2-3 дахин нэмэгдүүлэх хамгийн том эдийн засгийн хөшүүрэг нь Оюутолгойн гүний уурхай байх болно. Мөн үүнийг дагаад төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Зөвхөн төсөвт төвлөрүүлж буй мөнгөөр хязгаарлан харж болохгүй. Энэ нь эдийн засаг, нийгмийн олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, Оюутолгой жилдээ 200 сая ам.долларын дотоодын эх оронч худалдан авалтыг хийдэг. Мөн хамгаалалт, аюулгүй байдлын орчин гайхамшигтай" гэв.

-Одоо гаргаж буй 660 мянган тонн зэсийн баяжмалын хэмжээ 2024 онд 780 мянган тонн болж ӨСНӨ-

No description available.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар яриандаа Монгол Улс зэсийн томоохон тоглогч болж хувирах ёстой гэдгийг онцолж байв. Тэрбээр "2028-2036 оны хооронд 500 мянган тонн зэс экспортлох тооцоололтой байгаа. Монгол Улсад Оюутолгой, Эрдэнэт гэсэн хоёр зэсийн үйлдвэр байна. Энэ хоёр нийлээд улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар төлдөг. Тэгэхээр улсын төсөвт төлөгдөж байгаа татварт зэс голлодог. Манай улсад зэсийн орд байх магадлал өндөртэй. Монгол Улс зэсийн томоохон тоглогч болж хувирах ёстой. Монголчууд ч өөдрөг байж алсыг харах ёстой. Монгол Улсаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралын түвшинд сайжруулахын тулд амбицтай бодлого тавих ёстой гэж харж байгаа. Одоогоор 660 мянган тонн зэсийн баяжмал гарч байгаа. Энэ нь 2024 онд 780 мянган тонн болж өснө. Өөрөөр хэлбэл, 120 мянган тонноор нэмэгдэнэ. Энэ хэрээрээ эдийн засагт хувь нэмрээ оруулна" гэсэн юм.

-Рио Тинтотой үүсгэсэн татварын актын маргааныг энэ оны наймдугаар сарын 12-ноос өмнө ШИЙДНЭ-

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөл тойрсон асуудлын шийдвэрлэх хүрээнд олон удаа ширээний ард суусан байдаг. Энэ утгаараа гүний уурхайн олборлолт Рио Тинто Засгийн газар хоорондын асуудал эцэслэгдэх дохио мөн эсэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярихдаа "2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажлаа 2021 оны 12 дугаар сарын 29-нд дүгнүүлсэн. Хэрэгжилтийг хангасан гэж үзэж УИХ 103 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Эл тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг хуралдаж байгаа. Талууд хоёр асуудлын хүрээнд удаан хугацааны турш хэлэлцээд явж байна. Нэгдүгээрт, татвартай холбоотой асуудал. Монгол Улсын Үндэсний татварын алба 12 заалт бүхий акт тавьсан. Эл актыг татвар төлөгч ААН-ийн хувиар актыг эс зөвшөөрч, татварын маргаан үүсгэсэн. Бид энэ оны наймдугаар сарын 12-ноос өмнө маргааныхаа асуудлыг харилцан ойлголцлоор шийднэ гэдэгт итгэлтэй байгаа" гэв.

-Монголд орж ирж буй шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын 7 ам.доллар нь Оюутолгой төслийнх-

No description available.

Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр сүүлийн 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж, уурхайн 20 мянга орчим ажиллах хүчний 97 хувийг Монголчууд бүрдүүлж байна. Үүний 31.6 хувь нь гүний уурхайн ажилчид юм.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төсөл Монгол Улсын эдийн засагт хэр их хэмжээний мөнгө төвлөрүүлснийг олон нийт сонирхох нь лавтай. Тодруулбал, 2010 оноос хойш дотоодод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулснаас татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 4 тэрбум ам.долларыг улсын төсөвт төлөөд байгаа аж. Түүнчлэн Монголд орж ирж буй шууд хөрөнгө оруулалтын 10 ам.доллар тутмын 7 ам.доллар нь Оюутолгой төслийнх байгаа гэнэ.

-ОЮУ ТОЛГОЙ: Гүний уурхайгаас дараагийн 30 жилд дунджаар 290 мянган тонн зэс үйлдвэрлэнэ-

No description available.

Оюу толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо ийнхүү эхлүүлж буй билээ. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтана.

Ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох үүдийг нээн бүх оролцогч талуудад өгөөжөө хүртээх гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Оюу Толгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцсон нь 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ бөгөөд дараагийн 30 орчим жилд дунджаар 290,000 тонн зэс үйлдвэрлэх юм.

Дараагийн цувралаар Оюутолгойн бусад үйлдвэрүүдэд гүний уурхайн олборлолт ямар нөлөө үзүүлэх талаар хүргэх болно.

Хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусч, суллагджээ
Хүүгийн ээжийг хорьсон 48 цагийн хугацаа дуусч, суллагджээ
 
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.