Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
"Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, авлига зувчуулдаг байдлыг хална"
-Ардчилсан нам хууль ёсны даргатай болж, хэдэн талд талцсан олон дарга нарын асуудал цэгцэрч байна. Намын даргаар сонгогдсоноос хойших анхны хэвлэлийн хурлаараа "Авлигын аквариумыг хага цохино" үүний тулд Тендерийн хуулийг засна гэлээ. Ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж үзэж байгаа вэ?
-Авлигын орон зайг "аквариумтай" зүйрлэсэн. Төрийн алба, төсвийн алба гэж ялгахын аргагүй хоорондоо уялдсан тэр орчныг гол зангидаж байгаа нь Тендерийн хууль гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хуулийг бид нар өөрчилж, маш ойлгомжтой болгох хэрэгтэй. Ингэхийн тулд нэн тэргүүнд хүний оролцоогүй болгох хэрэгтэй. Ямар нэгэн төрийн алба хаагч тендерийн дундаас авлига зувчуулдаг байдлыг л халах ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэдгийг Ардчилсан нам судалж байна. Маш амархан. Цөөхөн хэдэн гаргалгаа бий. Үүнийг удахгүй олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна.
-Яагаад заавал Тендерийн хуулийг онцолсон бэ?
-Өнөөдөр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг гээд том сэдвүүд хөвөрч байна. Тиймээс би маргаашийн хулгайг л алга болгох гэж байгаа юм. Тухайлбал, нүүрсний хулгайг харахаар бүгд худалдан авалт дээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр тэр алга болох ёстой. Дээр нь 7.5 их наяд төгрөгийг идэж уусан компани алга болох ёстой. Маргааш дахиад л Эрдэнэс Тавантолгой ХК дээр 7 их наядын тухай яригдана. Тэр үед худалдан авалт нь ил тод, ямар ч маргаангүйгээр тэнд ажиллаж байгаа хүмүүс Эрдэнэс Тавантолгойгоос сохор зоос ч авах боломжгүй болох орчныг л бүрдүүлж өгөх ёстой. Үгүй бол дахиад хүмүүсийг шоронд хийнэ. Маргаашийн хүмүүс нөгөөдөр шоронд орно. Иймээс Монгол Улс авлигын давлагаан дотор амьдардаг улс болчих гээд байна шүү дээ. Энийг таслан зогсоосон Япон, БНСУ, Сингапурын туршлага байна. Тухайн туршлагаас харахад авлигын орчныг л эвдсэн байдаг.
"АН нийгмийг явуурлаас гаргах хууль санаачилж батлуулна"
-Та намын даргын сонгуульд ялалт байгуулахдаа хамгийн түрүүнд эрх баригч намтай бодлогоор өрсөлдөнө гэж хэлж байсан?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд ядууралтай тэмцэх бодлогыг Ардчилсан намын зүгээс барина. Үүнийг ажил хэрэг болгож, УИХ дээр авчирч энэ чиглэлийн хуулийг батлуулж, Засгийн газраар хийлгэнэ. Дараагийнх нь эдийн засгийн өсөлтийг бий болгох ажил байх болно. Энэ ажил дээр тодорхой хөтөлбөрүүдээ зарлана. Чухал хэсгүүдийг УИХ руу оруулж ирж ажил хэрэг болгоно.
Дараа нь түрүүний хэлсэн шударга ёс тогтоох ажил руу шамдан орох болно. Ингээд цаашдаа Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх зэрэг бидэнд хийх ажил маш их бий. Үүнийгээ бид парламент дотроо мэтгэлцдэг, гишүүдээ тэр мэдээллээр хангаж хуулиа өргөн барьдаг болгох ёстой. Гэхдээ намын бусад гишүүдээ орхино гэсэн үг биш. Гишүүдээс саналыг нь авна. Бид парламентад 11 суудалтай нам шүү дээ. Хүн хүч алга гээд суух эрх байхгүй. Аль болох Ардчилсан намын гишүүдийн санал туссан бүгдийг 11 гишүүнээрээ дамжуулаад хууль батлуулах л ёстой.
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө нэг хэсгийг ирэх онуудад 400 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж тодотгож ярьж байна. Ийм боломж бий юу?
-Өнөөдрөөс бид зорилтуудаа гаргаад ажлаа эхэлж байна. Цаашид эдгээр ажлуудаа үе шаттай танилцуулна. Маш олон материалыг нэг өдөрт ярьж хийж мэдээж амжихгүй. Тиймээс эхний ээлжид бид ажлын хэсгүүдээ гаргаж, бүрэлдэхүүнээ зарлаж байна. Мэдээж ярьж амлаж байгаа зүйлсээ хууль болгох нь хамгийн чухал байна.
"Намын үйл ажиллагааг шилэн болгох асуудлыг дүрэмдээ тусгана"
-Ардчилсан нам цаашид гишүүнчлэлийн татваргүй болно гэж та мэдэгдсэн. Намын үйл ажиллагааг шилэн болгоно гэж ойлгож болох уу?
-Намын үйл ажиллагаа, санхүү, тайлан, хууль тогтоомж бүгд шилэн болох ёстой. Үүнийг бид дүрэмдээ тусгана. Цаашид намыг хамтын удирдлагатай болгоно. Мөн Улс төрийн намын хуулиар гишүүнчлэлийн татваргүй болгохоос энэ ажил эхлэх болно.
-Намын удирдлагын бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлтүүд орох байх. Намын генсекийг чөлөөлж, шинэ хүн томилох уу?
-Өнөөдөр Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр ажиллаж байгаа. Удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал эцэслэгдээгүй байна.
-Танай нам байрны асуудлаа шийдсэн үү, цаашид хаана байрлах вэ?
-Бид нар нөгөө л цэнхэр байшиндаа байна. Намын байр өөрчлөгдөхгүй хэвээрээ байх болно.
Б.Мягмарсүрэн