Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсож буй бөгөөд ЭХЯ болон БХБЯ-нд олгосон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна.
Эл санхүүжилттэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сонсголд гэрчээр оролцож байна. Тэрбээр "2016 онд ажлын хэсэг ажиллаж, олон зөрчил илрүүлсэн гэлээ. Би сайдын ажлаа өгөөд 9 жил, гишүүний суудлаа өгөөд 7 жил болж байна. Өнөөдөр манай Ардчилсан нам гудамжинд, МАН засаглаад 10 жил болох гэж байна. Та яагаад өнөөдрийг хүртэл засаж залруулаагүй юм бэ. Нууцын зэрэглэлд оруулна гэдэг ажил хийж болохгүй гэсэн үг биш. Танай Ажлын хэсэгт багтаж байсан гурван хүн УИХ-ын гишүүн болчихсон байна" гэв.