Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсож буй бөгөөд яг одоо ЭХЯ болон БХБЯ-нд олгосон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яаманд 88 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 төсөл арга хэмжээнд 68.3 тэрбум төгрөгийн санхүүжилт, Эрчим хүчний яамны 92 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл арга хэмжээнд 86.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон аж.
Эл санхүүжилттэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сонсголд гэрчээр оролцож байна. Түүний хувьд өмнөх сонсголд гэрчээр дуудагдсан боловч оролцоогүй юм. Яагаад оролцоогүй талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрөөс нь тодруулахад "Тийм ээ. Би өмнөх сонсголд ирээгүй. Учир нь надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэх нь бүү хэл утсаар яриагүй. Гэсэн хэрнээ Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж Их хурлын индэр дээрээс ташаа мэдээлэл өгсөн. Ташаа мэдээллээ залруулж уучлалт гуйхыг танай Тамгын газрын ажлын албанаас шаардаж байна. Миний нэр төрд халдсан хэрэг" гэв.