Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Би үзэл санаа итгэл үнэмшлээсээ ухрахгүй. Цаг нь ирэхээр энэ хуулийг дахин өргөн барих боломж олдох байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 3 секунд

УИХ-ын гишүүн Н.Учралын чуулганаар батлуулсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Таны батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавилаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэж хүлээн авч байна. Гэхдээ гар дээрээ ямар үндэслэлээр хориг тавьсан тухай албан бичиг, материалыг хүлээн аваагүй байна. Харин өнөөдөр хийсэн мэдээллээс, процетурын хувьд алдаа гаргасан гэж дүгнэж байгаа юм байна гэж ойлгосон. Цахим орчин дахь гэмт хэрэг, залилан, иргэдийн эрх ашгийн төлөө хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санаачилга зөв гэдгийг ЕТГ мэдээлэлдээ тодорхой дурдаж байна.

Энэ хуулийг МУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгээс улстөрийн шийдвэр гаргаж, хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ процетурын алдаа гарсан, олон нийтийн байгууллагуудын санал шүүмжийг тусгаагүй. Бас холбогдох эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн санал бодлыг тусгах шаардлагатай гэдэг Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан 99,8 хувиар, цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өссөн гэх тоон үзүүлэлтүүд байна. Нэг жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.Тэгэхээр иргэдийн эрх ашиг, хохирогчдыг хамгаалах гэсэн эхний алхам энэ хууль байсан. Цаашид цахим орчинд иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг тасралтгүй явуулах ёстой. ЦХХХЯ, ХХЗХ-ны зүгээс цаашдаа энэ чиглэлд анхаарч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.

-Энэ хуулийг яаран баталсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Ер нь энэ хуулийг хэзээ боловсруулсан бэ?

-2016 онд энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг анх баталсан юм билээ. 2017 онд ХЗДХЯ-ны зүгээс цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах хуулийн үзэл баримтлалын танилцуулгийг хийгээд холбогдох байгууллагуудаас санал өгч байсан. Ингээд ЦХХХЯ байгуулагдсан учраас бид энэ хуулийн төслүүдийг эмхтгээд нэгтгээд, холбогдох байгууллагуудын саналыг авч, МАН-ын бүлэг болон Засгийн газраас хэлэлцүүлсэн. Ерөнхийлөгчийн хориг дээр процетурын хувьд алдаа гарсан гэж үзсэн байна лээ. Энэ хууль нэгдүгээр сарын 20-нд батлагдсан. Батлагдсаны дараа УИХ-ын Тамгын газраас ЕТГ-т хүргүүлэх ёстой. Үүний дараа 5 хоногийн дараа хэрэгжихэд хоёрдугаар сарын 1-нээс өмнө бололцоотой гэж үзсэн. Харин УИХ-аас Тамгын газраас ЕТГ-т хүргүүлэхдээ хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бид хуулийг батлахдаа хуулийн хугацааны хэрэгжилт дээр болон хориг тавих хугацаа байгаа гэж оруулж баталсан.

-Яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар "ҮАБЗ гарсан" гэж мэдээлэл өгч байсан бол өнөөдөр ЕТГ-аас ямар ч тийм зөвлөмж гараагүй гэх мэдээллийг өгч байна?

-ҮАБЗ дээр хууль хяналтын байгууллагынхан тодорхой мэдээлэл өгдөг. Тухайлбал, цахим орчны гэмт хэрэг, залилан, хохирлын талаар цаг тухайд нь хийж байсан. ҮАБЗ дээр иргэдийгээ хамгаалах чиглэлд анхаарч ажиллах ёстой гэдгээ ярьж л байсан. Тодорхой санаачилгуудыг гаргаж байсан гэх мэдээлэл байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, хамгаалахаар л би энэ ажлыг хурдасгая, хоног алдах тусам хохирогчдын тоо их болно гэж хуулиа батлуулсан. Цахим залилан юунаас үүсдэг вэ гэхээр ерөөсөө сошиалаас үүдэлтэй.

Хэрэглээний программ ашиглаад FT групп, Family mart, Wayfair гээд компаниуд олон нийтийн сүлжээгээр маш их мэдээлэл явуулж, иргэд түүнд нь хууртаад 600 мянгаас 20 ам.доллар хүртэлх төгрөгөө залилуулсан байна. ХУД-ийн шүүх дээр 13 настай охины асуудал яригдлаа. Санхүү авна гээд хуурамч аккаунт үүсгээд хүн худалдаалдаг. Үүний цаана насанд хүрээгүй хүүхдүүдийг биеэ үнэлэх нөхцлийг бий болгосон цахим орчин дахь гэмт хэрэг байна. Хууль хэлэлцэж байхад яг энэ асуудал ХУД-ийн шүүх дээр хэлэлцэгдэж байсан. Ер нь иргэд цахим орчноос хүүхдүүдээ хамгаалж, төрийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй.

"FT, Familymart хэрэглээний программыг мэдэхгүйгээр байраа зараад мөнгөө хийчихсэн. Та цахим яамны сайд байж биднийг хамгаалахгүй юм уу гэж хэлж байна

-Тэгэхээр процетурын алдаагаа засчихаад энэ хуулийг дахин өргөн барина гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр хэлэхэд эрт байна. Цаг хугацаа хэрэгтэй юм байна. ЕТГ мэдээлэлдээ, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа этгээдүүдийн саналуудыг тусгах шаардлагатай гэж дурдаж байна. Сая ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа олон хүмүүс хуулийг уншилгүйгээр улстөржүүлэх ажиллагаа явуулсныг бид харлаа. Тиймээс хуулийг уншихгүйгээр, мэдээлэлгүйгээр асуудалд хандаж байгаатай санал нийлэхгүй. Тиймээс иргэний нийгэмлэг, олон нийтийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, ТББ, эрдэмтэн судлаач нартайгаа илүү цар хүрээтэй хэлэлцүүлгүүдийг хийнэ. Ер нь цахим орчин дахь эрхзүйн орчныг бүрдүүлэхгүй бол болохгүй.

Өнөөдөр эрүү, зөрчлийн хуулиар шийдэгдэж байгаа ч нэгэнт өнгөрсөн хойно нь харамсаж суух биш, гэмт хэрэгт өртөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол эрт арга хэмжээ авдаг байя. Хохирогчдоо хамгаалах нь хамгийн том ажил гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа. Иргэдийнхээ эрх ашигийг хамгаалах чиглэлд зарим шүүмжлээд байсан ХМБ, инфлүүсэрүүд шинжлэх ухаанчаар хандаж, ЦХХХЯ, Монгол Улсын Засгийн газартай хамтарч дуу хоолойгоо өргөхийг уриалж байна. Цаг хугацааны хувьд өнөөдөр биш юм байна. ЦХХХЯ байгуулагдсан нь цахим залиланд өртсөн иргэдийнхээ эрх ашигийг, өртсөн иргэдээ хамгаалах, цахим орчны зөв зохистой хэрэглээ, соёлыг бий болгох ач холбогдолтой. Хууль хэлэлцэж эхэлснээс хойш иргэдийн зүгээс над руу маш олон санал явуулж, маш олон хохирогч нар хандсан. Иргэдийнхээ хохирлыг барагдуулах чиглэлд ЦХХХЯ, ХЗДХЯ, Засгийн газар хамтарч ажиллах нь цаг хугацааны асуудал боллоо. Өдөр ирэх тусам хохирлын тоо нэмэгдэж байна. Өнөөдөр тойргийнхоо иргэдтэй уулзахад "FT, Familymart хэрэглээний программыг мэдэхгүйгээр байраа зараад мөнгөө хийчихсэн. Та цахим яамны сайд байж биднийг хамгаалахгүй юм уу гэж хэлж байна. Би үзэл санаа итгэл үнэмшлээсээ ухрахгүй. Илүү цар хүрээтэй хэлэлцүүлэг хийнэ. Цаг нь ирэхээр энэ хуулийг дахин өргөн барих боломж олдох байх.

“Томуугийн өвчлөл буурсан хэдий ч хүндрэл их байгаа“
“Томуугийн өвчлөл буурсан хэдий ч хүндрэл их байгаа“
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.