НЗДТГ-аас 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр энэ жил нийслэлийн 2000 цэгт 4 тэрбум төгрөгөөр царай таньдаг камер байршуулна гэж мэдээлсэн. Зургийн эх сурвалж: tert.am/am/news
Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухаалаг камеруудыг суурилуулах талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Тэгвэл энэ нь хууль эрх зүйн талаасаа боломжтой эсэхийг хуульч Д.Сүнжидээс тодрууллаа.
-Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухаалаг камеруудыг энэ жил 4 тэрбум төгрөгөөр суурилуулна гэж НЗДТГ-аас мэдээлсэн. Энэ камерыг байршуулах эрх бий юу? Хувийн орон зайд халдаж байгаа хэрэг мөн үү эрх зүйн талаас нь авч үзвэл юу болох вэ?
-Ингэх эрх байхгүй.Учир нь манайд царай таньдаг камер байршуулахтай холбоотой хууль байхгүй. Энэ камерыг байршуулахын тулд эрх зүйн үндэслэл байх хэрэгтэй.
Нийтийн талбайд царай таньдаг камерыг тавих тохиолдлууд зарим улс оронд байдаг. Төвлөрсөн удирдлагатай улс оронд шууд хэрэглэчихдэг. Тухайлбал БНХАУ. Манайд ингэхийн тулд эхлээд нийтийн талбай гэдгээ тодруулж хуулиндаа заах ёстой.
Нийтийн талбай гэлтгүй олон асуудал гарч ирнэ. Энэ камерыг байршуулах зорилго нь юу байх, хэн хянах, ЦЕГ хянах юм уу эсвэл нийслэлийн засаг дарга хянах юмуу, хаана хадгалах, ямар зориулалтаар ашиглах, хэн зөвшөөрөх гээд маш олон асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг багтаасан эрх зүйн үндэслэлээ сайн боловсруулж, нарийвчилсан хууль байх хэрэгтэй.
-Нийслэлээс мэдээлэхдээ бага насны хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан үзэж "Аюулгүй хот" төслийн хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн. Нөгөө талаар бас хулгай дээрмийн хэргийг шуурхай илрүүлж болох юм. Гэвч зөвхөн сайн зориулалтаар ашиглах боломжтой юу?
Мэдээж сайн тал байгаа. Хулгай, дээрмийн хэрэг багасах. Хэргийг хурдан шуурхай илрүүлэх гэх мэт. Гэхдээ муу талаа дандаа бодох ёстой.
-Зөвхөн сайн зориулалтаар ашиглана гэдэг юм хаана ч байдаггүй. Хүний эрх талаас нь зайлшгүй харах ёстой. Эрхзүйн үндэслэлээ сайн тодруулахгүй бол буруугаар ашиглах тохиолдол их байдаг.
Энүүгээр дамжуулаад таны бүх амьдралыг хянана гэсэн үг. Хэн хянаад байна вэ гэвэл төр. Төр гэж хэн бэ. Тухайн үед эрх барьж буй этгээд. Тэгвэл тэд таны бүх дата мэдээллийг ашиглаад манифуляц (удирдах, өөрийн зорьж байгаа зүйлээ хийлгэх)хийж магадгүй. Энэ нь аюултай. Энэ хэрээр иргэдийнхээ эрхийг хумих вий дээ. Шууд ингээд байрлууллаа гээд шийдчих хэрэг биш. Ингээд шууд байршуулчихвал хүний хувийн орон зай руу халдаж байгаа хэрэг болно.
Техник, технологи хөгжиж шинээр гарч ирж байгаа. Үүнээс зайлсхийх арга байхгүй. Гэвч зөв зохицуулалт хийх нь чухал.
Э.Ууганбилэг