Зай барилт:
Эрдэмтэд “Covid-19”-ийн халдвараас сэргийлэхэд баримтлах ёстой 2 метрийн зай нь салхитай орчинд хангалтгүй болохыг анхааруулж байна.
Кипр Улсын Никосиа их сургуулийн эрдэмтэд салхигүй, тогтуун орчинд иргэд хооронд 2 метрийн зай барьснаар халдвараас сэргийлэх боломжтой. Харин салхитай, задгай орчинд буюу 4км/ц хурдтай салхитай үед вирус 5 секундэд 6 метр хүртэл зайд тархах боломжтой бол салхины хурд 15 км/ц байгаа үед 1.6 секундэд энэ зайд тархаж байгааг тогтоожээ.
Вакцин:
Шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг хөгжүүлэлтийн шатанд явж буй 100 гаруй вакцины дундаас АНУ-ын “Moderna Inc” компанийн бүтээж буй вакцины хүн дээрх туршилт өнгөрөгч 3 дугаар сард эхэлсэн байна. Туршилтад орсон 8 хүний нэг хэсэгт нь 100 микрограмм, нөгөөд нь 25 микрограмм тунгаар вакцин хийсэн бөгөөд тэдгээрийн цусанд “Covid-19” өвчин тусаад эдгэрсэн хүмүүсийн цусанд үүссэнээс илүү хэмжээний эсрэг биет үүсч байгаа аж.
Цусанд үүсэх эсрэг биетийн хэмжээ нь вакцины тунгаас хамаарч их, бага байсан хэмээн компанийн зүгээс мэдэгдсэн бөгөөд хэдий хэмжээний эсрэг биет шинэ төрлийн коронавирусээс бүрэн хамгаалах болон уг эсрэг биет хүний биед ямар хугацаанд хадгалагдах боломжтойг судалж байна.
Түүнчлэн, нэгдүгээр шатны туршилт үр дүнтэй болсон ч 8 хүн хамруулсан нь чамлалттай гэж үзжээ. АНУ-ын холбогдох байгууллагаас вакцины хоёрдугаар шатны туршилтыг эхлүүлэх эрхийг “Moderna Inc” компанид олгосон бөгөөд энэ удаад 250 микрограмм, 50 микрограмм тун ашиглах аж. Харин гуравдугаар шатны туршилтыг 07 дугаар сард эхлүүлэх бөгөөд туршилт амжилттай болбол 2021 оны эцэс гэхэд 50 микрограмм тун бүхий 1 тэрбум нэгж вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар