Гадаад Харилцааны Яамнаас Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын захирал Б.Болд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,
"Агаарын замын боомт нээлттэй байгаа. 2022 оны долдугаар сарын 09-нөөс эхлэн нислэг хийгдэж эхэлсэн. Тэгэхээр агаарын замын боомт нээгдээд хагас жил болж байна гэсэн үг. Мөн визтэй холбоотой мэдээлэл өгөхөд,
Хятадын талаас өгсөн албан ёсны мэдээллээр бол ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор зорчихоор бол манай улсын иргэд 30 хоног визгүй зорчих боломжтой. Ингэж зорчихдоо буцах билетээ авсан байх шаардлага тавьж байгаа.
Хятадын ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдийг болон манай улсын иргэдийг өөрийн улсад нэвтрүүлэх боломжгүй гэсэн мэдээллийг өгсөн.
Мэдээж ковидын нөхцөл байдал хэвийн болсны дараа аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих манай улсын иргэдийг хүлээж авна гэж мэдэгдсэн.
Хүсэлт гаргасан оюутнуудын хувь өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд БНХАУ-руу явж эхэлсэн. Өөрсдөө танхимаар суралцах хүсэлтэй бүх оюутнуудын жагсаалтыг гарган Хятадын талд өгөөд оюутнууд маань суралцаж эхэлсэн" гэлээ.