Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Нүүрсний машинтай гэдэг гүтгэлгийг эцэслэхийн тулд шалгуулах хүсэлт цагдаад гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 2 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тантай холбоотой мэдээллүүд гарлаа. Тухайлбал, иргэн Г.Ган-Очир, жүжигчин У.Цогтбаяр нар лайв хийхдээ таныг их хэмжээний мөнгө амласан гэж ярьсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Нийгэм бухимдалтай, эдийн засаг хүнд ийм үед элдэв ташаа мэдээлэл, харлуулж гүтгэх үйлдлүүд гарч байна. 2017 оноос хойш буюу Уул уурхайн сайд байх үеэс л би ийм гүтгэлэг, оролдлогуудтай тулгарч байгаа.

Иргэн Г.Ган-Очирын ярьсан зүйлийн тухайд мэдээлэл нь үндэслэлгүй, логикгүй, бас хэлж байгаа тоо нь байх боломжгүй, зүгээр л аманд нь орсон зүйл. Тэр хүнийг би танихгүй, уулзаж байгаагүй. Манай намын төлөөний хүмүүстэй уулзаад сонгуулийн хар машин хакердах санал өөрөө тавьсныг нь холбогдох байгууллага нь шалгаад тогтоосон. Түүнээс өөрөөр би мэдэхгүй.

70 машинтай холбоотой бас нэг мэдээлэл гарлаа. 300 машин, 50 машин гээд холбогдох эзэнгүй, шалгаад тогтоох боломжгүй зүйлийг надад хамаатуулж яриад байгаа. Энэ мэдээллийг шалгуулж, үнэн мөнийг нь тогтоох хүсэлтийг би цагдаагийн байгууллагад гаргалаа. Тэгэхээр улс төрийн зорилготой, гүжирдсэн ийм зүйлд итгэж болохгүй ээ гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна.

-Өөр нэгэн бичлэгийн талаар тодруулж асуумаар байна. Таны зөвлөх Цогтоо гэдэг хүний ярьсан, 250 сая төгрөгийн мөнгөн дүн дурдагдсан бичлэг цацагдсан байсан?

-Уул уурхайн сайд гэдэг хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэндээ салбарын сайд бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангадаг. Үүнийхээ дагуу төрийн өмчийн байгууллага, бусад яам, тамгын газрын удирдах албаны хүмүүс, төрийн нарийн бичгийн дарга нараас ТУЗ-өө бүрдүүлээд бодлогоо гаргаад явдаг. Хуулийн хүрээнд олгосон эрх мэдлийн хэмжээ энэ. Түүнээс аль нэгэн компанийн дотоод ажил руу оролцоод, гэрээ хэлэлцээрт нь хутгалдаад, тэр тусмаа мөнгө өгч, авалцах ямар ч боломжгүй, тийм үндэслэл байхгүй.

Уул уурхайн сайдын хувиар бодлого боловсруулах хүрээнд би тэр хүнтэй хамтарч ажилласан. Бичлэг дээр дурдагдсан гэх албан тоот, бичиг баримтуудыг тэр компани дээр нь очоод шалгаад үзэж болно шүү дээ. Тэнд бүх зүйл нь бүртгэлтэй, тооцоотой, тоо баримттайгаа байгаа.

-Та “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд ажиллаж байсан гэж ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ ажил өөрөө олон шат дамжаад явсан. Тухайн үед бид гурван хувилбарыг авч үзэж байсан. Эхнийх нь өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад үйлдвэрлэлээ явуулах, хоёрдугаарт нь стратегийн түншлэл тогтоогоод ажлаа урагшлуулах, гурав дахь нь гэвэл олон улсын хөрөнгийн бирж дээр гарах.

Сүүлийн хувилбарт бид илүү ач холбогдол өгсөн. Яагаад гэвэл, ард түмний 1072 хувьцааг эргэлтэд оруулах, зах зээлийн бодит үнэлгээ тогтоох боломж нь энэ байсан. Тийм ч учраас маш том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн, бодлогын баримт бичиг боловсруулсан.

Гэтэл энэ бүх ажил улс төрийн шалтгаанаар зогсчихсон шүү дээ. Дотоод улс төрийн асуудлыг давж чадаагүй.

Хэрэв энэ ажлыг тухай үед хийсэн бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ч, бусад олон компанийн хувьд ч том боломж нээх байсан гэж боддог. “Эрдэнэс Тавантолгой” компанийг дагаад бусад нь ч IPO гаргах боломж, нөхцөл бүрдэх байсан.

-Ингэсэн бол ямар давуу тал үүсэх байсан бэ?

-Олон улсын хөрөнгийн зах зээлд гарна гэдэг компанийн хяналт, засаглал сайжирна гэсэн үг. Тухайн үед IPO гаргаж чадсан бол одоо хөндөгдөөд байгаа нүүрсний хулгайг хэдэн жилийн өмнө таслан зогсоох боломж байсан. Нүүрсний асуудал яг одоогийнх шиг ингэж боссон бол, ард түмний дэмжлэг байсан бол “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчихсан байх байлаа.

Нөгөө талаараа, эдийн засаг талаасаа өндөр ач холбогдолтой байсан. Эдийн засаг 4-5 дахин тэлэх, үүнийг дагаад ажлын байр бий болох байв.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та хоёрыг 10 сая ам.долларыг хувааж авсан гэх нэг мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-За би дахиад хэлье. Уул уурхайн салбарын сайд бодлого боловсруулж, хэрэгжилтийг нь хангаж ажилладаг. Би бодлогын асуудлаа хариуцаж ажилласан, тэгэх ч ёстой. Харин тодорхой нэг гэрээ, компанийн үйл ажиллагаа руу оролцоод, хошуу дүрээд байх боломжгүй. 10 сая доллар авсан гэдэг өгсөн, авсан гэдэг яриа огт үндэслэлгүй, цэвэр гүтгэлэг.

-Ярилцсанд баярлалаа.

ШУУД: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг хялбаржуулсан журмаар шийдэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа
ШУУД: Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг хялбаржуулсан журмаар шийдэх заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барилаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.