МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьж, гишүүдийн асуултад хариулав. Тэгвэл яг одоо хамтарсан Засгийн газрын "Хамтран ажиллах гэрээ"-г зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрэлдүүлэх гэсэн томьёоллоор нууц санал хураалт эхлүүллээ.
Тодруулбал, Бага хурлын завсарлагааны үеэр МАН-ын гишүүн, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Сүхбаатар мэдээлэл өгөхдөө "АН-ыг хамтарсан хэлбэрээр явж чадахгүй байна. Дээгүүрээ хамтарсан хэрнээ доогуураа хэлсэн ярьсандаа байж чадахгүй, сөрөг хүчин шиг ажиллаж байна гэх шүүмжлэл Бага хуралд их гарлаа.
Хамтарч чадахгүй байгаа АН-аа хасаад бусад намуудтайгаа хамтраад явахад болохгүй зүйл байхгүй гэж харж байна. АН-ынхан орон нутагт ХУУЛЬ БУС томилгоог маш их хийж байна. БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР томилж буйг шүүмжилсэн байдал их байна" гэсэн юм.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, хурлын үеэр АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах саналыг цөөнгүй гишүүд гаргасан аж. Бид үргэлжлүүлэн Бага хуралтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэсээр байх болно.